Монгол орон өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амд ногдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг гэдэг. Сайхан л сонсогддог. Даанч манай газар нутгаас мал амьтанд хэрэгтэй бэлчээр нь хязгаарлагдмал. Ихэнх нь малын бэлчээр болохооргүй, ус ховор газар байдаг юм. Усгүй газар хичнээн сайхан бэлчээртэй нутаг байлаа гээд ашиглах боломжгүй. Тиймээс бэлчээр бол алтнаас илүү үнэтэй. Бэлчээргүй бол мал байхгүй, зэрлэг амьтан ч дайжаад явчихна. Ийм гинжин холбооны үзүүрийг малчид атгадаг. Бэлчээрээ хэрхэн гамтай ашиглаж байгаагаас энэ үзүүр тасрах уу, улам бэхжих үү гэдэг нь хамаардаг билээ.
Дэлхийд өөр хаана ч байхгүй нэг онцгой зүйл Монголд байдаг. Энэ бол үнэгүй бэлчээр. Ямар ч малчин малаа бэлчээлээ гээд татвар төлдөггүй. Мал бол хувийн өмч. Хувийн өмчөө нутгийнхаа үнэгүй бэлчээрт гаргаж ашгийг нь хүртдэг. Гэвч бэлчээрийг дундаршгүй баялаг гэх ойлголи хэвээр байна. Энэ бодол нэг л өдөр Монголыг мал аж ахуйн орон биш болгож мэдэх аюултай. Учир нь, эдүгээ дэлхий нийтийг айлгаж байгаа дулаарал биднийг ч тойрсонгүй.
Тухайлбал, 1940-2025 оны хооронд Монгол орны жилийн агаарын дундаж температур 2.5 градусаар дулаарчээ. Мөн Монгол орны газар нутгийн дийлэнх хувь нь цөлжилтөд шилжихэд бэлэн болчихоод байгаа. Ус ховордож, ургамал ургахаа больсон газар нутгийн талбай нэмэгдэж, мал бэлчих бэлчээр хумигдсаар байна.
Үүнд уур амьсгалын өөрчлөлт гол нөлөө үзүүлж байгаа гэдэг ч хүнээс хамааралтай олон хүчин зүйл ч мөн нөлөөлдөг. Нэгдүгээрт, уул уурхайн үйл ажиллагаа явуулж, ухаж, сэндийчсэн газартаа нөхөн сэргээлт хийдэг компани бараг байдаггүй. Ийм газрыг малын бэлчээр болгож ашиглах боломжгүй. “Үхмэл” газрын тоог л нэмэгдүүлдэг. Өнөөдөр яг ийм амьгүй, мал бэлчээрлэх аргагүй болчихсон газар хэр хэмжээний нутгийг хамарч байгааг судалсан байгууллага одоогоор алга. Өнөө л 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутаг байгаа гэж ярьж сууна.
Хоёрдугаарт, нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй газар нутгийн хэмжээ хумигдаж байгаад малчид ч мөн нөлөөлж байна. Олон зууны турш монголчууд малаа бэлчээж ирсэн, тэр үед ган зудтай жилүүд таарч л байсан. Гэхдээ одоогийнх шиг бэлчээрийн даац хэтэрч байгаагүй, мал сүргийн тоо ч цөөн байсан.
Монгол орны газрын сангийн 80 гаруй хувийг бэлчээр эзэлдэг. Мал аж ахуй эрхэлж ирсэн 4000 гаруй жилийн турш энэ бэлчээрийн талбай ашиглагдаж нөөц, талбай нь бууралгүй шахам XX зуунтай золгосон гэж үздэг.
Ийнхүү уламжлагдан ирсний нууц нь монголчууд газар орны байдал, цаг уурын онцлогт тохируулан бэлчээрийг нүүдлийн аргаар сэлгэн ашиглаж, доройтлоос сэргийлж ирсэн хэмээн судлаачид дүгнэдэг. Бэлчээрийг малчид, хот айл болон бусад албан бус нэгжид хуваарилан хуульчлан эзэмшүүлж байсангүй, харин засаг захиргааны нэгж дотроо (аймаг, хошуу, сум) бэлчээрийг улирлаар ашиглах зааг тогтоож, хуваарилан ашигладаг байсныг түүхэн эх сурвалжид тэмдэглэсэн байдаг.
Монголд нэгдэлжих хөдөлгөөн бий болох хүртэл бэлчээрийн даац, малын тоог тохируулах талаар яригдаж байгаагүй, зөвхөн бэлчээрийг муутгах, талхлахаас сэргийлж отор хийх, өнжөөх, нөөцлөх зэрэг арга хэмжээ авч байсан. Ингэхдээ зөвхөн аймаг, сумын нутаг дахь бэлчээрийн тэжээлийн нийт нөөцөд тохируулан өсгөх малын тоог одоогийн малын тоотой харьцуулан гаргадаг түгээмэл аргачлалыг ихэнхдээ баримталж байсан бөгөөд Монголд 40-80 сая мал (хонин толгойд шилжүүлснээр) бэлчээрлүүлэх боломжтой гэж тооцжээ. Гэтэл бэлчээрийн газрыг жигд бус ашигладаг, зарим суманд огт ашигладаггүй зэлүүд нутаг байхад, төв суурин газар орчимд хэт олон мал бөөгнөрөн жилийн турш нутагладаг явдал түгээмэл байжээ.
Бэлчээр ашиглалтыг зохицуулах зан заншлын шинжтэй арга барил, уламжлал тухайн үеийн эрх баригчдын гаргасан журам, дүрмээс илүү хүчтэй үйлчилж байв. Энэ ёс заншлын эерэг тал нь тухайлбал, нутаг усаараа зөвшилцөж бэлчээрээ хэдийд яаж ашиглах, бие биесийн албан бусаар эзэмшиж буй бэлчээрт хүндэтгэлтэй хандах, заншил зөрчигдсөн үед харилцан буулт хийх, ахмад хүмүүсийн үгийг ёсчлон дагах харилцаа орхигдов. Үүнд зах зээлийн эдийн засгийн өрсөлдөөний шинж чанар, төрийн хувьчлагдаагүй нийтийн өмчөөс ахиухан хүртэх гэсэн зах зээлийн сэтгэлгээ хүчтэй нөлөөлж байгаа юм.
Харин 1990-ээд оноос хойш малчид уламжлалт нүүдэл хийж бэлчээрээ хуваарьтай ашигладаг үйл ажиллагаа цөөрсөн. Ихэнх малчид жилийн дөрвөн улирлыг нэг буурин дээр өнгөрөөж суурин маягаар аж төрөх нь давамгайлж байна.
Мэдээж бэлчээр тойрсон олон бэрхшээлийг нэг дор шийдэх боломж хязгаарлагдмал. Хууль тогтоогчид энэ асуудлыг нэг өдөр шийдэх л байх. Тэр хүртэл малчид бэлчээртээ өөриймсөг хандах цаг ирээд байна. Бас малаа чанаржуулж цөөн тооны малаас ашиг олох хувилбарт шилжих зайлшгүй шаардлага гарч ирээд байгаа юм. Харин хүниймсэг сэтгэлээр хандвал бэлчээргүй болох аюул хаалга тогшиж байгааг мартаж болохгүй.


