Нэг таваг хоол, нэг дусал ус, нэг төгрөгийн санхүүжилт, нэг метр газрын цаана хүн төрөлхтний хамгийн том асуудлууд нуугдаж байна. Энэ удаа КОП17-ын сэдэвчилсэн өдрүүдээр хэлэлцэх тогтвортой хөгжлийн “дөрвөн бэрх”-ийг “амьдралын төв”-д буулгаж үзье. Бид яагаад анхаарал хандуулах ёстой вэ?
Хөрс бол хүнс
Францын соёлд талхыг хоолны туслах хэрэгсэл гэж үздэг тул тавган дээр тавьдаггүй. Япон, Хятад зэрэг оронд савхыг будаанд зоож орхих нь азгүйтэл, муу ёр дагуулдаг хэмээн цээрлэдэг. Та хүн төрөлхтний соёлын салшгүй хэсэг болтлоо хөгжсөн хооллолтын талаар өөр юу мэдэх вэ? Дэлхийн нийт хүнсний бүтээгдэхүүний 98 хувь нь хөрснөөс шууд хамааралтай бий болдог. Үлдсэн хоёр хувийг нь бид тавгандаа үлдээчихдэг ч байж мэднэ. Хөрс бол хүнс. Тиймээс хөрсний эрүүл мэндийн тогтолцоо бол хоолны ширээний ард суудаг хэн бүхний анхаарах ёстой сэдэв юм.
Урсаж буй “алт”
“Нойр муутайхан хоносон шөнөө Софи нэг л зүйлд санаа зовсоор үүр цайлгадаг, тэр бол ус тасрах вий гэсэн айдас…” Арабын Нэгдсэн Эмират Улсын нэгэн бүсгүйн тухай өгүүлэх энэхүү өгүүлбэр Арабын улсуудын талаарх таны бодлыг өөрчилж магадгүй юм. Усны эрсдэл хэнийг ч ялгадаггүй ажээ. Өнөөдөр дэлхий дээр хоёр тэрбум гаруй хүн баталгаат ундны усны эх үүсвэргүй амьдарч, сая сая хүмүүсийн хувьд гараа угаах, ариун цэврийн өрөө ашиглах нь мөрөөдөл хэвээр байна.
Хэмнэлтийг дэмнэх нь
Өнөөдөр 5000 төгрөгөөр авсан даавуун тор жилийн дараа гэхэд танд 25,000 төгрөгийн хэмнэлт авчрах болно. Бас зуу зуун нийлэг уутны хөнөөлөөс ирээдүйг “аврах” болно. Шинэ цагийн “Black Friday” өнөөдрийн үнийг бус, маргаашийн зардлыг бууруулахад чиглэж байна. Харин энэхүү сонголтыг хийхэд хэтэвчин дэх мөнгө тань хүрэлцэхгүй бол банкнаас бондын зах зээл хүртэлх санхүүжилтийн урсгал ногоон сонголтуудыг дэмжихээр чиглэлээ өөрчилж байна. Тогтвортой, ээлтэй ирээдүйд хүрэх алхам бүрийг дэм дэмэндээ туулахад дэлхий хэдийнэ бэлэн болжээ.
Ирж буй эрсдэл
Төрсөн гэрээ үүрд орхихоор бол та юуг авч явах вэ? Гашуун ч гэсэн энэ асуултад сая сая хүн хариулах хэрэгтэй болдог. Газрын доройтлын улмаас дэлхий даяар жил бүр 20 сая хүн орон гэрээ орхин дүрвэдэг. Хэрэв өнөөдрөөс эхлэн хөрс хамгаалах асуудалд анхаарал хандуулахгүй бол 2045 он гэхэд 135 сая хүн зөвхөн цөлжилтөөс үүдэлтэйгээр орон гэрээ бүрэн орхиход хүрнэ. Ийнхүү хөрс доройтоход тухайн газар нутагт амьдардаг хүмүүсийн амьдралын орчин, орлого, ирээдүй ч хамт доройтож байна. Бидний амьдралын хамгийн эмзэг цэгээс эхэлж буй энэ дөрвөн асуудал КОП17-ын индэр дээр бодлогын түвшинд яригдана. Хөрсийг хэрхэн хамгаалж, усыг хэрхэн хэмнэж, санхүүжилтийг хаашаа чиглүүлж, газрын доройтлыг хэрхэн бууруулах вэ? КОП17-ын сэдэвчилсэн өдрүүд эдгээр асуултад хариулт эрэлхийлэх болно.
Mongolian Economy сэтгүүл, “КОП17 Монголд” тусгай дугаарын 32-р нүүр


