Газрын доройтлыг нэг удаагийн аян зарлаж шийдсэн улс дэлхийд үгүй. Харин доройтлын шалтгааныг зөв оношилж, оновчтой бодлого тодорхойлж, нийтээрээ тууштай хөдөлмөрлөсөн улс орнууд л доройтлоос сэргэлтэд чиглэж чадсан. Ийм бахархам жишээ дэлхийд олон бий. Доройтсон газрыг сэргээхэд зарцуулсан нэг ам.доллар 7-30 ам.долларын эдийн засгийн өгөөж авчрах боломжтой. Мөн хүний үйл ажиллагаанаас үүдэн доройтсон тариалангийн талбайн ердөө 10 хувийг сэргээхэд жил бүр 154 сая хүний хүнсний хэрэгцээг хангах хэмжээний ургац нэмж хураана.
НҮБ-ын танилцуулж буй энэ тооцооллоос та газар эх ямар өгөөмөр болохыг мэдэрч буй биз ээ. Газар эхээ хайрлах тусам тэр бидэнд илүү ихийг өгдөг. Түүнд зориулсан сэтгэл бүрийн хариуд тэр илүү томоор хариу мишээдэг билээ.
Хятад

Төлөвлөгөөт талбайгаас хальсан эерэг үр дүн Шар мөрний сав дахь Лоессын өндөрлөг XX зууны сүүл гэхэд дэлхийн хамгийн хүчтэй элэгдсэн газрын нэг болоод байв. Орон нутгийн иргэд налуу газрыг нь хагалан тариалан эрхлэхийн зэрэгцээ бэлчээрийн даац нь туйлдаа хүрснээс Лоессын өндөрлөг “нурж” байлаа. Ийм нөхцөлд хур тунадас ч “нэрмээс” болно. Газрын доройтол ийн туйлдаа хүрч, хүнсний хомсдол, ядуурлаар үргэлжилсэн нь хэдхэн жилийн дотор өрнөсөн үйл явдал байсангүй. Харин олон зуун жил үргэлжилсэн хэт их ашиглалтын үр дагавар байв. Иймд Хятад улс олон зууны “гэм”-ээ цайруулахаар Дэлхийн банктай хамтран нэгэн төсөл хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд налуу газрыг шаталсан тариалангийн талбай болгох шийдэл хэрэгжүүлсэн нь тун мэргэн санаа байв. Үүнээс гадна бэлчээрийн талбайг хязгаарлах, өвс, бут, модыг байгалийн аясаар нөхөн ургуулах, ус хуримтлуулах жижиг байгууламж барих зэрэг цогц арга хэмжээг ч хэрэгжүүлжээ.
1994-2005 онд хоёр үе шаттай хэрэгжсэн эл төслийн үр дүнд 2.5 сая гаруй хүний амьжиргаа дээшилж, өрхийн нэг хүнд ногдох орлого бараг гурав дахин нэмэгджээ.
Мөн төслийн хоёрдугаар шатанд олон наст ургамлын бүрхэвч 17 хувиас 34 хувь болж өссөн байна. Хамгийн чухал нь Шар мөрөнд цутгах хурдас жилд 100 сая гаруй тонноор буурчээ. Энэ бол нөхөн сэргээлтийн эерэг нөлөө төслийн талбайгаас давж болдгийн тод жишээ юм.
Нигер

Тариаланчдын энгийн шийдлээс дэлхийд дуулгах туршлага Нигерийн тариаланчид хөрсөн дор амьд үлдсэн модны үндэс, хожуулын найлзуурыг тайрч устгалгүй, хамгийн эрүүл мөчрийг нь сонгон хамгаалж ургуулдаг “шидэт” аргатай. Иймд тус улс тариаланчдын удирдлага дор байгалийн нөхөн сэргэлтийг эрчимжүүлэхэд өнөөг хэр нь онцгой ач холбогдол өгдөг. Заавал өндөр үнэ өртөг төлж суулгац тариалах шаардлагагүй. Тариаланчдынхаа ачаар Нигер улс хөрсний халалтыг бууруулж, салхины элэгдлийг сааруулж чаджээ.
Тус улсын Маради, Зиндерийн бүсэд яг энэ аргаар дор хаяж таван сая га газрыг нөхөн сэргээсэн байна.
Өвөг дээдсээс өвлөн үлдсэн арга ухаан инновац, шинэ технологитой эн зэрэгцэх үнэ цэнтэй гэдгийг энэ жишээ нотолдог. Нигер улс энэ аргыг үндэсний бодлогоор дэмжихийн тулд 2020 онд тусгай зарлиг гаргаж, хамгаалан ургуулсан мод, бутаа эзэмших тариаланчдын эрхийг баталгаажуулжээ. Ингэснээр тариаланчдын мод, бутны байгалийн нөхөн ургалтыг хамгаалж, арчлан ургуулах эдийн засгийн сонирхол нэмэгдсэн байна.



