Хүүхэд бүрийг тоглох наадах эрхээр хангах Олон улсын тоглох өдөр (International day of play) өнөөдөр (2026.06.11) тохиож байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2024 оны тогтоолоор зургаадугаар сарын 11-нийг Олон улсын тоглох өдөр болгон зарлаж, тоглох эрхийг хүүхдийн суурь эрхийн нэг гэж онцолсон юм.
Тоглож наадах нь зугаа төдий зүйл биш, амьдралын олон чадварыг хүүхдэд олгодог. Тоглох явцдаа хүүхэд бусадтай харилцаж, санал зөрөлдөөнөө өөрөө шийдвэрлэж, дүрэм тохиролцож, хамтран ажиллаж, төсөөлөн бодож, бүтээлчээр сэтгэж сурдаг. Угтаа ажлын талбарт шаарддаг олон чадварын суурийг тоглох явцдаа олж авдаг. Товчхондоо, тоглоом нь хүүхдийн бие болон сэтгэлгээний эрүүл өсөлтөд үр дүнтэй нөлөөлж чаддаг энгийн атлаа хамгийн үр дүнтэй арга билээ.
Хичээл сургууль амарсан энэ үед хүүхдүүд талбайд бөмбөг өшиглөж, найзуудтайгаа хөөцөлдөн гүйлдэж, цовоо цолгиун дуу хоолойгоор гудамж талбайг илүү амьд болгодог байсан. Харин одоо гэртээ утас, таблет ширтэн суух нь нийтлэг үзэгдэл болоод байна.
НҮБ-ын судалгаагаар хүүхдүүдийн ердөө дөрөвний нэг нь л гадаа тоглодог болсон нь өмнөх үеийнхнээс хэд дахин бага үзүүлэлт юм. Мөн хүүхдүүдийн 41 хувь нь томчуудаас “гадаа битгий тогло” гэдэг сануулга авдаг ажээ.
Мөн сүүлийн жилүүдэд багш нар бага насны хүүхдүүдийн анхаарал төвлөрөл сулрах, үгийн баялаг багасах, хамтран тоглох, бусадтай харилцах чадвар муудах, бүтээлч сэтгэлгээ буурах зэрэг үзэгдэл нэмэгдэж байгааг сануулах болсон.
Хэрэв бид хүүхдүүддээ аюулгүй тоглох орчин, чөлөөт цаг, хамт тоглох боломж олгохгүй бол ирээдүйд дэлгэц ашиглаж чаддаг ч харилцаж чаддаггүй, мэдээлэл ихтэй ч төсөөлөн бодох чадвар сул үеийг бүтээнэ.
Тиймээс өнөөдөр хүүхдэдээ тоглох эрх олгож, аз жаргалтай, дурсамж дүүрэн хүүхэд насыг нь бүтээлцээрэй.
Сэтгүүлч Р.Ренчиндулам



