15 секунд. Ийм богино хугацаа хүний тархийг өөрчилнө гэж хэн санах билээ. Гэхдээ ийм урттай бичлэгүүд нь тархийг “ширгээж” байгааг олон судалгаа нотолдог.
- Microsoft-ын 2015 оны судалгаанаас үзвэл хүний дундаж анхаарал төвлөрөх хугацаа 2000 онд 12 секунд байсан бол 2013 онд найман секунд болж буурчээ.
- 2023 онд “Frontiers in Psychology” сэтгүүлд нийтлэгдсэн тойм судалгаанд богино форматын видео контентыг ихээр үзэх нь анхаарал төвлөрөл, танин мэдэхүйн хяналт болон академик гүйцэтгэлтэй сөрөг хамааралтайг онцолсон.
- Бээжингийн Багшийн Их Сургуулийн 2023–2024 оны судалгаанд өсвөр насныхны дунд богино видео контентын хэрэглээ их байгаа нь сурлагын амжилт буурах, өөрийгөө хянах чадвар сулрах нөлөө үзүүлж байгааг тэмдэглэсэн юм.
Эдгээр судалгаан нь хэт хурдан солигддог мэдээллийн орчин, богино бичлэг нь хүний сурах, төвлөрөх дадалд аажмаар өөрчлөлт оруулдгийг илтгэж байна.
Өөрөөр хэлбэл, 15-60 секунд үргэлжилдэг TikTok, рийлс, богино бичлэгүүд биднийг унших дургүй, гүн бодох дургүй, өнгөц зүйлд хууртдаг болгон өөрчилж байна. Мөн тэр хэрээр тархийг өөрчлөн программчилж байна. Тухайлбал:
- Урт текст нь хэт их хөдөлмөр
- Урт яриа нь хэт залхуутай
- Нэг зүйл дээр удаан суух нь тааламжгүй
- Гүн бодол нь хүнд
- Чимээгүй байдал нь уйтгартай, тэвчихийн аргагүй гэсэн ойлголтыг тархинд өгч байна.
Богино бичлэгүүд нь хурдан, өнгөлөг, шинэлэг, хөгжилтэй, зугаатай санагдана. Тэр хэрээр хүнд шагнал авсантай тэнцэхүйц мэдрэмжийг өгдөг бөгөөд тэрхүү мэдрэмжийг ахин дахин авахыг хүсдэг болгоно. Хүмүүс ихэнхдээ бага зэрэг дэлгэц шагайх нь гэмгүй зүйл гэж боддог ч тэр хэрээр анхаарал төвлөрүүлэх чадамжаа, тархины бодох, сэтгэх чадамжаа бага багаар алдаж байгаагаа анзаардаггүй нь харамсалтай.


