Монгол орны нийт шувуудын 72 орчим хувь буюу 367 зүйл шувуу Увс нуурын орчимд бүртгэгддэг. Нэг үгээр Монголыг зорин ирдэг нүүдлийн шувуудын хувьд “баянбүрд” болсон газар нь Увс нуур юм.
Тавдугаар сар бол нүүдлийн шувуудын хувьд үржлийн чухал үе. Үржлийн ийм эмзэг үед нь хүний сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Увс нуурын орчимд хамгаалалтын бүс тогтоолоо. Шувуудын үржлийн үеийг хамгаалах нь экосистемийн тэнцвэр, биологийн олон янз байдал хадгалах чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.
Монгол орноор дэлхийн нүүдлийн шувуудын гурван гол зам дайран өнгөрдөг. Эдгээр шувууд дан ганц Увс нуураар тогтохгүй Хөвсгөл, Ганга, Өгий зэрэг томоохон нуур, голын ай сав даган зусдаг. Шувууд нэгэнт үржилд орж, үр төлөө гаргасан бол зуны саруудад нутаг сэлгэн нүүдэллэх нь тун ховор. Иймд бүс нутгийн байгаль хамгаалах газрууд, иргэдийн оролцоо нүүдлийн шувуудын өсөлт, биологийн төрөл зүйлийг хамгаалахад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг байна.


