Монгол орны ойн нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн Газрын дарга Б.Оюунсанаатай ярилцлаа
Монгол орны ойн сангийн нөхцөл байдал ямар байна вэ?
Монгол орны ой өсөлт багатай, ган, түймэр болон хөнөөлт шавжийн нөлөөлөлд өртөмтгий гэсэн ангилалд ордог. Мөн харьцангуй хатуу ширүүн уур амьсгалын нөлөөнд оршдог учраас экологийн тэнцвэрт байдлаа амархан алддаг, одоогийн байгаа тархац нутгаасаа тэлэн ургах чадвар харьцангуй доогуур байдаг онцлогтой.
Ойн газраас жил бүр ойн хөнөөлт шавжийн тархалт, голомттой талбайг тогтоох судалгаа хийдэг. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ойн хөнөөлт шавжийн тархалт, голомттой талбайн хэмжээ хоёр дахин ихэссэн байдал ажиглагдаж байгаа. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас сүүлийн жилүүдэд хөнөөлт шавж хэт олширсноос үүдэлтэй мөнх ногоон нарсан ойд хөнөөл учруулж байна.
Ойн доройтлын гол шалтгаануудыг та илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?
Ойн доройтол нь нэг шалтгаанаас бус, олон хүчин зүйлийн нөлөөгөөр үүсдэг. Хамгийн түгээмэл нь ойн түймэр, түүний дараа олшрох хөнөөлт шавж, мөн малын бэлчээрлэлт юм. Эдгээр нь урт хугацаанд давхар нөлөөлж, ойн талбайг бүрмөсөн ойн бус талбай болгон шилжихэд хүргэдэг.
Түүнчлэн уул уурхайн үйл ажиллагаа ч ойн хомсдолд нөлөөлж байна. Одоогийн байдлаар 2,736 тусгай зөвшөөрөл бүхий талбай нийт 11 сая га газрыг хамарч байгаа бөгөөд нөхөн сэргээлтийн ажил ихэнх тохиолдолд хангалтгүй байна.
Ойн түймрийн улмаас хөрсний давхарга, ургамалжилт, мод сөөг их хэмжээгээр шатаж, ой доройтох нөхцөл бүрддэг. Үүний дараа шавж олшрох, малын бэлчээрлэлт нэмэгдэх зэрэг сөрөг нөлөө давхар явагддаг. Иймээс ойн доройтлыг нэг шалтгаанаар тайлбарлах боломжгүй, цогцоор нь авч үзэх шаардлагатай болдог юм.
Ойн санг нэмэгдүүлэхийн ач холбогдол, үүний тулд ямар ямар ажлууд хийж байна вэ?
Уур амьсгалд эерэг нөлөө (нүүрстөрөгч шингээлт) үзүүүлэх, усны эх үүсвэр, хөрсний тогтвортой байдлыг хамгаалах гээд олон ач холбогдол бий. Бид биологийн олон янз байдлыг хамгаалах, модны нөөц тогтворжуулах зэрэг судалгаа шинжилгээний ажлуудыг тогтмол хийдэг. Мөн “Тэрбум мод” хөтөлбөр, жил бүрийн ойжуулалт гээд ойн санг нэмэгдүүлэх ажлууд эрчимжиж байна.
“Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд ямар суулгацууд давамгай тариалж байгаа вэ? Суулгацын арчилгаа, тариалалтын үр дүнг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол орны уур амьсгал, хөрс болон ургамалжилтын онцлогт тохирсон тухайн бүс нутгийн мод сөөгийг түлхүү тарьж байна. Монгол орны ойн сангийн бүрэлдэхүүний шилмүүст модны гол бүрдүүлэгч мод нь шинэс бөгөөд түүний даган тархах сөөгийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний доройтсон ойг нөхөн сэргээх зорилтын хүрээнд гүйцэтгэж байна. Түүнчлэн шилмүүст ойг бүрдүүлэгч нарс, хуш зэрэг модны суулгацыг тухайн ургах орчин бүрдсэн бүс нутагт түлхүү тариалж байна.
Модыг тариад орхих биш ургуулах нь чухал. Ойжуулалтын ажлын чанар үр дүнг, тухайн тарьсан тарьц, суулгацын амьдралтын хувиар илэрхийлдэг. Үүнд байнгын хараа хяналт, хашаа хамгаалалт, тарьсны дараах арчилгааг тогтмол гүйцэтгэж байх шаардлага байна.
Мөн сум, орон нутгийн хэмжээнд ойжуулалтын ажлыг цогцоор төлөвлөн мал бэлчээр болон усны гарц, газрын маргаан зэргийг харгалзан үзэж аймаг, нийслэлийн хэмжээнд бодлогын баримт болгон баталж хэрэгжүүлэх, холбогдох санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай.
Нягтрал багатай, хурдан ургадаг улиас, нарс зэрэг нь экологид чухал үүрэг гүйцэтгэдэггүй, байгаль цаг уурын өөрчлөлтөд амархан өртдөг гэсэн судалгаа байдаг. Түүнчлэн тэсвэртэй, удаан ургадаг төрөл зүйлийн тариалалт буурч байгаад хэрхэн анхаарч байна вэ?
Хурдан ургадаг улиас, зарим нарсны суулгац буруу байршилд, нэг төрлөөр нь олноор таривал экосистемийн хувьд тогтвортой ой үүсгэхгүй, уур амьсгалын стресс (ган, хүйтэн, шавж, өвчин)-д эмзэг байх эрсдэлтэй. Гэхдээ эдгээр мод өөр, өөрийн экосистемд тохирсон онцлогтой. Жишээлбэл нарс мод элсэрхэг газар ургадаг, манай орны шилмүүст ойн тодорхой хувийг бүрдүүлдэг, модлогийн чанар сайн, насжилт урт моддыг нэг юм.
Бургас бол манай орны бүхий л гол горхийн татмын ойг бүрдүүлэгч гол моддын нэг, мөчрөөр үржүүлэхэд хялбар, ус бага шаарддаг тул татмын ойжуулалтад зайлшгүй тарих шаардлагатай. Гол нь модыг онцлогт нь тохирсон зөв байршилд тарих чухал.
Сүүлийн үед ойн чанарыг талбайн хэмжээгээр нь биш тухайн ой дахь моддын урт хугацаанд хадгалагдах чанараар хэмжих нь зүйтэй гэсэн чиг хандлага давамгайлах болсон. Иймээс ойн уугуул моддыг хамгаалах тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
Ой хамгааллын бодлогын хүрээнд уугуул моддыг хамгаалах чиглэлд байгалийн сэргэн ургалтыг дэмжих, мод бэлтгэл, түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойн шилмүүст модны тарьц тарих ажлууд хийгдэж байна.
Мөн ойг бүрэн цэвэрлэж шинэ мод тарихаас илүү байгалийнхаа үрээр ургаж байгаа залуу моддыг хамгаалах бодлого баримталж байна.
Арчилгааны ажлыг тогтмол гүйцэтгэж, ойн төлөв байдлыг сайжруулах ажлыг жил бүрийн ойжуулалт хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэдэг.
Таримал болон уугуул бургасны насжилт болон экологийн үр нөлөө юу вэ?
Бургас бол Монгол орны гол мөрөн, нуурын сав дагуу тархан ургадаг чухал экосистем. Таримал болон байгалийн бургас насжилт болон экосистемд үзүүлэх нөлөөгөөрөө тодорхой ялгаатайгаас гадна голын татамд бургас модны суулгацыг тарихад байгалийн ой болоход тодорхой хугацаа буюу 20-30 жил шаардлагатай. Байгалийн сэргэн ургалт сайтай, мөчрөөр үржүүлэхэд хялбар мод юм. Голын татамд бургас суулгах нь тухайн орчны сукцессийн эргэлтийг сайжруулдаг.
Ер нь мод, бургасны насжилт экологийн үр нөлөөг нь буруулдаг уу? Сүүлийн үед Туулын хурдны зам барихтай холбоотойгоор голын эрэг орчмын бургасыг тайрсан асуудал маргаан дагуулж байна.
Бургасны насжилт ихсэх нь экологийн үр нөлөөг тийм ч өргөн хүрээнд бууруулахгүй. Гэхдээ голын татмын бургас түймэрт өртөх эрсдэл багатай. Гол нь насжилт биш, ойн бүтэц, төрөл зүйлийн олон янз байдал, нөхөн сэргэх чадвар юм.
Туул голын дагуух бургасан ойд сүүлийн жилүүдэд гарсан их хэмжээний тайралтыг зүгээр нэг “мод багаслаа” гэж харахаас илүү эрэг усны экосистемийн тэнцвэр алдагдаж байна гэж ойлгох нь зөв.
Голын татмын бургас нь голын эргийг бэхжүүлэх, хөрсийг зохицуулах, үерийн урсгал сааруулах, тогтоон барих зэрэг олон чухал нөлөөтэй. Мөн биологийн олон янз байдлын амьдрах орчин болдог Улаанбаатар хотын чухал экосистем бөгөөд хамгийн том ногоон байгууламжийн нэг юм.



