Байгаль өөрийн гэсэн зохилдолгоотой. Хэрвээ энэ байдал алдагдвал тухайн экосистем доройтож, дагаад байгаль өнгө төрөхөө алдана, эко биш болно. Хэдийгээр бид техник технологийн эрин зуунд амьдарч байгаа ч хүн төрөлхтөн байгалиас хамааралтай хэвээрээ байгаа. Бид хоол хүнс, уух ус, агаар гээд бүгдийг байгаль дэлхийгээсээ авдаг. Байгалиас хамааралгүй амьдарч байгаа хүн гэж үгүй. Ялангуяа цэнгэг усны эх ундарга, үүсвэрийн эхлэл болдог уулын экосистем эрүүл байх нь маш чухал.
Энэ өвөрмөц экосистемийн гол төлөөлөл, эрүүл байдлыг илэрхийлэгч гол амьтан бол ирвэс. Тухайн ууланд ирвэс амьдарч байгаа бол тэр бүс нутгийн байгаль унаган төрхөө хадгалж буйг илэрхийлдэг.
Ирвэс байна гэдэг нь тэр ууланд түүний идэш тэжээл бологч амьтад амьдардаг гэсэн үг. Ирвэсийн идэш тэжээл бологч янгир, аргаль, тарвага зэрэг амьтад ууланд байна гэдэг нь ундны ус, өвс тэжээл хангалттай ургаж байгааг илтгэж байгаа юм. Цоохор ирвэсийг хамгаалж чадвал тухайн ууланд байгаа амьтад, өвс ургамал, ус гээд бүхнийг цогцоор нь хамгаалж чадна, уул эко хэвээр байна гэсэн үг.
Монгол оронд 140 орчим зүйлийн хөхтөн амьтад байдаг. Түүнээс цөөхөн зүйл нь нэн ховорт тооцогддог. Тэдний тоонд ирвэс багтдаг, “Улаан ном”-д орсон, агнахыг хуулиар хориглосон амьтан. Монголд ойролцоогоор 953 орчим ирвэс бий гэж судлаачид үздэг.
Энэ амьтны барааг харах гэж гадаадын жуулчид олон мянган километр зам туулж Монголд ирдэг ч тэр бүр хүслээ биелүүлж чаддаггүй. Учир нь, ирвэс хүн болгонд харагдаад байдаггүй, их нууцлаг амьдралтай. Ирвэсийг олж харна гэдэг өөрөө том аз завшаан гэдгийг судлаачид хэлдэг.
Өндөр уулын эзэн цоохор ирвэс бол бидний бахархал. Гэвч энэ сүрлэг сайхан амьтан жил ирэх тусам цөөрч хоол тэжээл нь хомсдож байна. Ирвэсийн гол “дайсан” нь хүн төрөлхтөн бид болоод байгаа. Чухамдаа хүний буруутай үйлдлээс болж ирвэсийн амьдрах орчин хумигдаад байгаа юм. Түүний идэш тэжээл болдог амьтад цөөрснөөр энэ нэн ховор амьтанд ирэх дарамт ч нэмэгддэг аж. Ийм үед л бид түүнийг хамгаалах үүрэгтэй. Өндөр уул зөвхөн хүн төрөлхтөн биднийх биш, бас цоохор ирвэсийн эзэмшил гэдгийг мартаж болохгүй. Тиймээс эзэмшил нутагт нь малаа бэлчээх зэргээр тэдний нутагт нь халдаж үргээхгүй байх, идэш тэжээл бологч амьтдыг нь агнахгүй байх нь хамгийн чухал хамгаалалт болох юм. Ирвэсийг хамгаалснаар уулыг эко системтэй нь хамгаалж чадах юм.
Ирвэсийн тухай сонин хачнаас:

- Цоохор ирвэс Төв Азийн 12 оронд амьдардаг.
- Дэлхийн нийт ирвэсийн 20 хувь нь Монголд байдаг, ирвэсийн тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог.
- Нутгийн иргэд цоохор ирвэсийг “Өндөр уулын эзэн” гэж авгайлдаг.
- Ирвэсийн толбо хүний хурууны хээ шиг дахин давтагдашгүй.
- Биеийн урт 103-130 см, жин 23-41 кг.
- 14 метр хүртэл хол үсрэх чадвартай.
- Ирвэс 10-13 жил насалдаг.
- Эрийг нь гэнд, эмийг гинс, зулзагыг нь гүем гэдэг.
- Гинс дунджаар дөрвөн сар хээлээ тээдэг.
- Ихэвчлэн 2-3 гүем төрүүлдэг.
- Гүем хоёр нас хүртлээ эхийн хамт амьдардаг.
- Аргаль, янгир, тарвага, туулай, мэрэгч амьтдаар хооллодог.


