Жил бүрийн долдугаар сарын 3-нд “Дэлхийн хуванцар уутгүй өдөр” (International Plastic Bag Free Day)-ийг тэмдэглэдэг.
Хүн төрөлхтөн жилд ойролцоогоор таван их наяд ширхэг гялгар уут хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Ихэнх нь ердөө хэдхэн минут ашиглагдаад хаягддаг ч бүрэн задартлаа байгальд олон зуун жил оршдог. Энэ хугацаанд хуванцар нь микропластик болж бутран хөрс, гол мөрөн, далай тэнгисийг бохирдуулж, амьтан, ургамал төдийгүй хүний эрүүл мэндэд ч эрсдэл учруулдаг.
Тиймээс зарим улс орон нэг удаагийн хуванцар уутанд татвар ногдуулах, хэрэглээг нь хязгаарлах зэрэг бодлого хэрэгжүүлж, тэр нь ч бодит үр дүнд хүрч байна.
Тухайлбал, Ирланд улс 2002 онд нэг удаагийн гялгар уутанд татвар ногдуулснаар хэрэглээг богино хугацаанд 90 гаруй хувиар бууруулж чадсан. Харин Кени улс 2017 оноос нэг удаагийн хуванцар уутыг бүрэн хориглож, дэлхийн хамгийн хатуу зохицуулалтын нэгийг хэрэгжүүлж байна.
Эдгээр жишээ нь зөв бодлого, иргэдийн хариуцлагатай хэрэглээтэй хословол бодит өөрчлөлт гардгийг харуулдаг.
Монгол Улсын хэмжээнд жилд хэдэн ширхэг гялгар уут хэрэглэдэг талаарх нарийвчилсан тоо байхгүй ч худалдааны төвүүдэд гялгар уутыг үнэ төлбөргүй, эсвэл маш хямд олгодог нь хэрэглээ өндөр хэвээр байгааг илтгэнэ. 2024 оны мэдээллээр Монгол Улсад жилд 188.6 мянган тонн хуванцар хог хаягдал үүсдэг бөгөөд үүний ердөө 29.2 хувийг л дахин боловсруулж, үлдсэн нь байгаль орчинд хуримтлагддаг байна. Энэ нь хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах бодлого, иргэдийн оролцоо аль аль нь шаардлагатай байгааг харуулна.
Гэхдээ байгаль орчныг хамгаалах хамгийн эхний алхам нь дан ганц хууль биш, өдөр тутмын энгийн сонголтоос эхэлдэг. Худалдаа хийхдээ даавуун, эсвэл олон дахин ашиглах боломжтой тор авч явах, шаардлагагүй бол гялгар уут авахаас татгалзах, хэрэглэсэн уутаа дахин ашиглах зэрэг жижиг үйлдлүүд нийлээд асар их өөрчлөлтийг бий болгодог.
Байгаль орчинд ээлтэй амьдарна гэдэг нь том алхмаас биш, өдөр бүр хийдэг жижиг сонголтоос эхэлнэ.


