Монгол Улсын санаачилгаар НҮБ 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан. Энэ түүхэн жилд Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурлыг эх орондоо зохион байгуулж буй билээ. Хурлын “индэр”-ээс монголчууд бэлчээр, ус, газрын доройтол, тогтвортой дэд бүтцийг нэг бодлогод зангидсан “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө дэлхий нийтэд танилцуулна. Эл санаачилга хүн төрөлхтний “ногоон тэмүүлэл”-д их хүч нэмнэ гэдэгт итгэнэм.
Тал нутгийн минь “үнэн”
КОП бол үнэн төрхөө нуулгүй илчлэх орон зай. Энэ бол өнгө алагласан хурлын танхимд хэн нэгэн улс төрчийн ганган тайлан, гайхамшигт амлалтыг сонсох гэж очихоос тэс өөр үйл явдал. Тиймээс “нүд алдам, сэтгэл тэнийм” хэмээн шүлэг, дуунаа магтдаг тал нутгийнхаа өнөө цагийн үнэн төрхийг хэдхэн тоогоор зураглая. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжиж, доройтсон. Үүнээс 23 орчим хувь нь хүчтэй болон нэн хүчтэй доройтолд өртжээ. Харин үржил шимт газрын тухайд, доройтлын хувь хэмжээ 80 шахам хувиар хэмжигдэнэ. “Бид хүнсний ногооны хэрэглээгээ 100 хувь дотоодоосоо хангана” хэмээн ярих зуурт цөлжилт хэмээх чимээгүй мөхөл газар нутгийг минь ангуучилсаар байна.
Доройтлыг хурдасгагч хэргийн эзэд бол мэдээж хүн. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Монгол орны цөлжилтийн төлөв байдлыг үнэлэх тав дахь удаагийн судалгаанд Монгол орны цөлжилт, газрын доройтолд хүний үйл ажиллагаатай холбоотой хүчин зүйлийн нөлөө 87 хувь, уур амьсгал болон байгалийн хүчин зүйлийн нөлөө 13 хувь гэж тооцжээ. Магадгүй та “Монголчууд бид эх байгалиа дээдэлдэг, бидний буруу тийм их байх ёсгүй” гэж гайхаж байж болох. Гэхдээ Монгол орны нийт газар нутгийн 90 орчим хувь нь цөлжилтөд өртөх өндөр эрсдэлтэй хуурай, хагас хуурай бүсэд оршдогийг мартаж үл болно. Ийм эмзэг бүсэд “буруу”-гийн далайц том бөгөөд хор хохиролтой тусдаг.
Тиймээс бэлчээрийн “туйлдал”, малын тоо, уул уурхай, зам, дэд бүтэц, усны зохисгүй хэрэглээндээ хүссэн хүсээгүй анхаарах ёстой болжээ. Алхам бүрдээ байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг тооцож, ээлтэй шийдлүүдийг эрэлхийлэхээс бидний ирээдүй хамаарна.
Нөгөөтээгүүр, цөлжилт зөвхөн газар шороонд “сорви” үлдээхгүй. Цөлжилтийн балгаар ургамлын төрөл цөөрч, усны түвшин доошилж, малын ашиг шим буурч, өрхийн орлого хумигдах байдлаар хор хохирол нь үргэлжилдэг. Улмаар малчдын нүүдэл, ядуурал, хотын төвлөрөл зэрэг нийгэм, эдийн засгийн бүх түвшинд асуудал үүсгэдэг. Үүгээр зогсохгүй хилийн чанадад ч асуудал дэгдээнэ. Монголын говь, хээрийн доройтсон хөрснөөс дэгдэх нарийн ширхэгт тоосонцор агаар мандалд удаан хугацаанд оршиж, хэдэн мянган бээрийг туулдаг. 1990, 2000-аад оны үед хүчтэй шороон шуурга жилд нэг, заримдаа хоёр удаа бүртгэгддэг байсан бол сүүлийн 20 жилийн хугацаанд давтамж нь хоёр дахин нэмэгдсэн. Монголын их говиос дэгдсэн шар шороон шуурга Хятад, Солонгосын хойг, Японы арлуудад хүрч, цаашлаад Номхон далайг гатлан Хойд Америкт хүртэл эрсдэл учруулдаг.
Хүн, амьтны эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, дэд бүтцийн эвдрэл, доройтол, энэ үзэгдлээс зайлсхийх хүн амын шилжилт хөдөлгөөн гээд тоочоод байвал олон балаг бий. Энэ талаар АНУ-ын судлаач Ж.Скотт Хаугерийн “Монголын шороон шуурганы Ази, Номхон далайн бүс нутгийн байгаль орчны аюулгүй байдалд үзүүлэх нөлөө” судалгаанд илүү дэлгэрэнгүй дурдсан байдаг. Чухам ийм нөхцөлд Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн асуудлыг олон улсын түвшинд гаргаж, энэ оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох санаачилга гаргасан нь, басхүү энэ санаачилгыг НҮБ хүлээн авсан нь дэлхий анхаарлаа Монголын зүгт чиглүүлснийг илтгэнэ.
Элсэнд туугдагсад
Нүүдэлчин монголчуудын сүүлч нь эцсийн нүүдлээ хийж байна. Энэ нүүдлийн төгсгөлийн цэг Улаанбаатар хот. 2020-2025 онд нийслэлийг чиглэн нүүдэллэгсдийн тоо 200 мянгад хүрчээ. Өөрөөр хэлбэл, жил тутам дунджаар 33 мянга гаруй хүн Улаанбаатар хотод шилжин ирж байна. Тэдэнд хотыг зорих олон шалтгаан бий. Ажлын байр, эрүүл мэндийн үйлчилгээ, дэд бүтцийн хүртээмж гэх мэт. Хүүхдүүдийнхээ ирээдүйг бодсон сонголт ч энд багтана. Гэвч цөөнгүй өрхийн хувьд хот руу нүүх шийдвэрийн цаана цөлжилт, газрын доройтол, усны хомсдол, ган, зудын давтамж бий.
Саяхан Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ), НҮБ-ын Хабитаттай хамтран гүйцэтгэсэн “Монгол Улсын малчдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд цөлжилт, газрын доройтол, ган гачгийн нөлөө” сэдэвт тохиолдлын судалгаагаа олон нийтэд танилцуулсан.
Уг судалгаа хүрээлэн буй орчны доройтол малчдын амьжиргаанд нөлөөлөөд зогсохгүй хүн амын шилжилт хөдөлгөөний шинэ давлагааг өдөөж, Монголын нийгэм, эдийн засгийн бүтцэд гүнзгий өөрчлөлт авчирч байгааг онцолсноороо анхаарал татахуйц байсан юм. Мөн уг судалгаа малчид, нутгийн иргэдийн ярилцлагад түшиглэснээрээ илүү амьдралд ойр байсныг тодотгох нь зүйтэй болов уу.
Монгол малчид малтайгаа байгаль, цаг уурын хатуу ширүүнийг тэсвэрлэн өдийг хүрсэн ч зуун зуун дамжсан энэ тэвчээр хатуужил энд хүрээд тасарч буйн шалтгаан тэдний ярианаас илхэн мэдрэгдэнэ. Судалгаанд хамрагдсан нэгэн малчин: “Өмнө нь худгийг 8-30 метр ухахад л ус гардаг байсан. Одоо 80-100 метр ухахаас наашгүй болсон. Том уурхайнууд тасралтгүй ус шавхаж байна” хэмээн ярьжээ. Харин өөр нэгэн малчин бэлчээрийн ургамлын бүтэц хэрхэн өөрчлөгдсөнийг ярихдаа “Отроор олон малчин ирэх тусам бэлчээрийн даац хэтэрч, туурайн зудын давтамж ойртдог. Хөмүүл, таана ургахаа больсон. Өмнө бид таана түүдэг байсан бол одоо түүх таана ч алга. Зөвхөн малын хамар хатгах ширүүн өвс л ургаж байна. Тэр нь малд шимгүй” хэмээсэн нь монголын тал нутгийн үнэрийг санаж буй хэн бүхэнд халаглам мэдрэмж төрүүлэх биз ээ.
Гүний ус доошилж, шимт ургамал цөөрч, бэлчээрийн даац хэтрэх тусам малын тарга тэвээрэг муудаж, туниа муудна. Хатуу өвөл тэд тэсэхгүй. Нэг удаагийн ган, зуд хэдэн үеэрээ хуримтлуулсан мал сүргийг хорогдуулаад зогсохгүй, малчин өрхийн ирээдүйн итгэлийг хамт авч оддог. Малчин Нараа 45 настай, ам бүл тавуулаа. Тэднийх 350 толгой малтай байжээ.
2023 оны хүчтэй цасан шуургаар малынхаа 70 орчим хувийг алдсан. Малаа алдахаас өмнө мах, ноолуур, цагаан идээнээс өрхийн орлогынхоо 80 орчим хувийг бүрдүүлдэг байсан бол одоо малаас олох орлого нь 50 орчим хувь болж буурчээ. Эхнэр нь дээл хувцас оёж, өөрөө гагнуур хийж нэмэлт орлого эрэлхийлнэ. Мөн улсаас олгодог хүүхдийн мөнгө, хамаатан садны зээл, тусламжид тэд найдна. Ган, зуд, цас, шороо малчдын амьжиргааг доройтуулахын зэрэгцээ “ахин нэг шуурвал яах вэ” гэсэн айдас тэднийг шилжилт хөдөлгөөн рүү чиглүүлнэ. Шилжилт бүр хүссэн, төлөвлөсөн байдаггүй.
Заримдаа аргагүй байдал гэгч айхтар зүйлтэй тэд нүүр тулдаг. Хүмүүс ядуурлаас зугтахын тулд хот руу шилжиж байгаа ч хотод ирээд шинэ төрлийн ядууралтай нүүр тулна.
Орлогын тогтворгүй байдал, албан бус хөдөлмөр эрхлэлт, орон сууцны хүртээмжгүй байдал тэднийг угтаж, инженерийн төвлөрсөн байгууламжаас ангид гэр хороолол хүрээгээ тэлнэ. Цөлжилтийн балаг хотод агаар, хөрсний бохирдол болж үргэлжилнэ. Энэ бол өнөө цагийн үнэн төрх. Гэхдээ цаг эргэнэ гэдэгт бид итгэж байна. Бэлчээр бол гагц мал идээшлэх газар нутаг биш. Энэ бол нүүдэлчдийн оршин тогтнохуйн баталгаа юм. Тиймээс Монгол Улсын санаачилгаар НҮБ энэ оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан нь талархууштай. Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал энэ онд Монголд болж буй нь бэлчээрийн тогтвортой менежмент, газрын нөхөн сэргээлт, малчдын амьжиргаанд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааг нүүдэлчдийн өлгий нутгаар дамжуулан эрчимжүүлэх, хөрсөн дээр буусан шийдэлд хүрэх том боломжийг бидэнд нээн өгч байна.
Монголчуудын санаачилга: Тал хээрийн төлөвлөгөө
Тал хээрийн төлөвлөгөө бол КОП17-ын үеэр Монгол Улсаас дэлхийд танилцуулах гол санаачилга, хурлын урт хугацааны өгөөжийг авч үлдэх үндсэн платформ юм. Энэхүү төлөвлөгөө нь бэлчээрийн тогтвортой менежмент, ус ба газрын нэгдсэн менежмент, байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц гэсэн гурван үндсэн чиглэлийг нэг бодлогод уяснаараа онцлогтой.
Төлөвлөгөөний эхний тулгуур нь бэлчээрийн тогтвортой менежмент
Монголын мал аж ахуй олон арван жилийн турш малын тооны өсөлтөд түшиглэж ирсэн. Гэвч бэлчээрийн даац, усны хомсдол, уур амьсгалын эрсдэл нэмэгдэх тусам энэ загвар өрхийн орлогыг хамгаалах чадвараа алдаж байна. Иймд малын тооноос чанар, ашиг шим, нэмүү өртөг рүү шилжих шаардлага бий. Гэхдээ энэ шилжилтийг малчдын амьжиргаанд сөргөөр нөлөөлөхгүйгээр хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Малын тоог механикаар хязгаарлах бус, цөөн малаас илүү орлого олох нөхцөл бүрдүүлэх нь энэ санаачилгын гол “философи”. Тиймдээ ч малын удам, үр ашигт анхаарч, мал эмнэлэг, түүхий эдийн чанар, гарал үүслийн баталгаажуулалт, боловсруулах үйлдвэрлэл, даатгал, урамшууллын тогтолцоог бэлчээрийн менежменттэй уялдуулах “гарц гаргалгаа”-г Тал хээрийн төлөвлөгөөнд тусгаад байна.
Хоёр дахь тулгуур нь ус ба газрын нэгдсэн менежмент
Усны нөөц, газар ашиглалт, ган, цөлжилтийн эрсдэлийг тус тусад нь салгаж удирдах боломжгүй. Нэг газарт худаг гаргахад мал сүрэг төвлөрч, бэлчээрийн дарамт нэмэгдэж болно. Уул уурхай, хот суурин, хөдөө аж ахуйн усны хэрэглээг газрын даацтай уялдуулахгүй бол нэг салбарын өсөлт нөгөө салбарын амьжиргааны эх үүсвэрийг шахна. Тиймээс усны нөөц, газрын төлөв байдал, малын төвлөрөл, гангийн эрсдэл, хүн амын хөдөлгөөнийг нэг мэдээллийн санд төвлөрүүлж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах нь чухал. Үүний тулд хиймэл дагуулын мэдээлэл, газрын зураглал, орон нутгийн ажиглалт, эрт сэрэмжлүүлэх технологийг нэгтгэж, хөрөнгө оруулалтаар тэтгэснээр бодит үр дүнд хүрэх боломжтой. Хамгийн чухал нь үр дүнг үнэн зөвөөр хэмжих боломж хэдэн мянган хувь бий.
Гурав дахь тулгуур нь байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц
Зам, хот байгуулалт, эрчим хүч, уул уурхай болон бусад бүтээн байгуулалтад экосистемийн даац, усны хэрэглээ, газрын эвдрэл, нөхөн сэргээлтийг төслийн эхний шатнаас эхлээд тусгах шаардлагатай. Байгаль орчны хохирлыг бүтээн байгуулалтын дараа төсвийн мөнгөөр нөхөхөөс илүү, анхны зураг төсөлдөө эрсдэлийг бууруулах, байгаль, хүн, мал, зэрлэг амьтдад ээлтэй байх шийдлийг эрэлхийлэх нь эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй.Ерөнхийд нь авч үзвэл, Тал хээрийн төлөвлөгөө нь байгаль хамгааллыг эдийн засгийн өсөлтийн суурь гэж үзэн, уялдаа холбоо бүхий санаачилгуудыг нэг бодлогод төвлөрүүлснээрээ давуу талтай. Монголчуудын энэ санаачилга ногоон эдийн засгийн өсөлтийн шинэ загвар, шинэ үзэл санаа болж хөгжих ч боломжтой. Монголчуудын нүүдэл хотын захад төгсөх албагүй. Газраа сэргээж, малчдын амьжиргааг тогтвортой болгож, хөрөнгө оруулалтыг байгалийн нөөцтэй уялдуулж, зөв удирдаж чадвал нүүдэлчдийн ирээдүй тал нутагтаа тайван үргэлжилнэ.




