Монгол гэсэн тодотголтой цөөн амьтан бий. Үүний нэг нь монгол бөхөн. Тэр бол Монголоос өөр аль ч улсад байхгүй Монголын уугуул амьтан билээ. 250 мянган жилийн өмнө Монголын нутаг дэвсгэрт л амьдарч байсан, одоо ч эндээ л бэлчиж байна. Олон мянган ноост хирс, арслан заан, бизонтой хөршлөн амьдарч байсан гэсэн үг. Эдгээр амьтад мөхөж алга болсон бол бөхөн эртний түүхээ харуулан нутагтаа идээшилж яваагаараа онцлог.
Түүнийг азтай, бас азгүй амьтан гэж болно. Тийм олон жил болоход мөхөлгүй төрөлх нутагтаа өдийг хүртэл амьдарсаар ирсэн, бидэнд “амьд үзмэр” болж байгаа нь азтай. Харин ийм ховор амьтан гэдгээ ойлгуулж чадаагүйг нь азгүй гэмээр. Яагаад гэхээр монголчуудын дийлэнх нь бөхөнгийн үнэ цэнийг мэддэггүй, ийм нэг амьтан явж л байдаг гэсэн хандлагатай байдаг. Монголд олон мянган амьтан бий, харин бөхөн шиг эртний, унаган нутагтаа насаараа амьдарч байгаа түүнээс өөр амьтан үгүй.
Монгол бөхөн жил бүр үржилд ордог ч тэр бүр хээлтэх нь үгүй. Ер нь үржил муутай амьтан. Монгол бөхөнгийн талаар ерөнхий ойлголт өгөхөд, эрийг хэржин, эмийг нь хэрэгчин, үр төлийг нь янзага гэдэг. 1.5-2.5 настайдаа үржилд ордог. Хэрэгчин заримдаа ихэрлэж, эс бөгөөс нэг янзага төрүүлдэг. Турь муутай энэ амьтны хувьд төл цөөтэй байх нь амьдрахын төлөөх хатуу тэмцэлд нь нэмэртэй ч, жил ирэх тусам тоо толгой нь цөөрч байгаа бодгалийн хувьд олуулаа байх нь маш чухал гэж судлаачид онцолдог. Ихэнх амьтан зун, намар, хаврын урин дулаан цагт үржилд ордог байхад хүйтэнд тэсвэргүй хөөрхий бөхөн дүн өвлөөр буюу арваннэг, арванхоёрдугаар сард ороогоо тайлна.

Хээлтэй үлдэж чадсан хэрэгчин 5-6 сар үр төлөө хэвлийдээ тээгээд янзагаа төрүүлнэ. Түүнчлэн Монгол бөхөн нь дэлхийд маш хязгаарлагдмал тархацтай амьтад. Одоогоор Говь-Алтай аймгийн Шаргын говь, Ховд аймгийн Хүйсийн говь гэсэн хоёр үндсэн популяцид төвлөрөн амьдарч байна.

Тэдэнд дайсан мундахгүй. Үнэг, хярс, чононоос эхлээд махчин шувууд хүртэл янзага төрөх мөчийг отдог.
Хөхтөн амьтад дундаас гарал үүслээрээ хамгийн балар эртнийхэд тооцогддог энэ амьтны тоо толгой өвлийн улиралд эрс цөөрдөг нь харамсалтай. 2001 оны зуднаар монгол бөхөн үй олноороо хорогдож 700 орчим болтлоо тоо толгой нь цөөрч байсан түүхтэй. Харин сүүлийн жилүүдэд өсч үржин 28 мянгад хүрээд байгаа.
Гэхдээ энэ бол Монгол Улс бөхөнтэй гэж сэтгэл тайван хэлэх тоо биш. Нэг өвөл бүгдээрээ “яваад өгчихөж” мэдэх эрсдэлтэй. Учир нь бөхөн маш эмзэг амьтан. Хэдэн жилийн өмнө халдварт өвчний улмаас 5000 хүрэхтэй үгүйтэй болтлоо хорогдоод байсан билээ. Монгол бөхөнгийн зовлон үүгээр дуусахгүй. Хулгайн анчид тэднийг агнах гэж зовооно.
Сүүлийн жилүүдэд бас нэг бэрхшээл монгол бөхөнд нэмэгдсэн нь уур амьсгалын өөрчлөлт. Бороо орох нь цөөрч, ган, зуд зэрэг гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдсэнээр өвсөн тэжээлт амьтдын амьдрах орчин улам хүндрэх болсон. Бэлчээрийн шим тэжээл багасаж, усны нөөц хомсдох нь бөхөнгийн сүргийн тэсвэр тэвчээрийг сорьж байна.
Энэ нөхцөлд монгол бөхөнг хамгаалах асуудлыг дан ганц байгаль хамгаалах байгууллагын ажил гэж харах бус, хүн бүрийн хамтын үүрэг гэж ойлгох хэрэгтэй.
Үүний тулд нэгдүгээрт, бэлчээрийн менежментийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сайжруулж, малын тоо толгойг бэлчээрийн даацтай уялдуулах шаардлагатай байгаа. Ингэснээр зэрлэг амьтад болон малчид бэлчээр булаалдах байдлыг бууруулж чадна.
Мөн бөхөнгийн нүүдэллэдэг зам, амьдрах орчныг хамгаалж, уул уурхай, зам, суурьшил бий болгохгүй байх, усны эх үүсвэрүүд (худаг, булаг)-ийг хамгаалах, нэмэгдүүлэх шаардлагатай байна. Цаашлаад хуурайшилт ихтэй бүсэд бэлчээр сэргээх төсөл хэрэгжүүлэх нь чухал байгаа юм.


