Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай “ногоон” тогтоолын төслийг Засгийн газрын өнөөдрийн (2026.04.29) хуралдаанаар баталлаа.
Ногоон тогтоолын хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Нэгдүгээрт, нарны хавтанг зээлээр худалдан авч, суурилуулж байгаа тохиолдолд хэрэглээний зээлд тооцдог байсныг ногоон зээлийн ангилалд шилжүүллээ. Ингэснээр зээлийн хугацаа уртсаж, эргэн төлөлт 60 сар болоод зогсохгүй хүрэн зээлтэй харьцуулахад 4-6 хувь бага хүүтэй болж байна.
Мөн нарны хавтан хэрэглэж байгаа айл өрхүүдэд тогтоогоод байсан 20 кВт-ын босгыг цуцаллаа. Ингэснээр хавтан ашигладаг айлууд 20 кВт-аас дээш хуримтлал үүсгэсэн ч түүнийгээ шууд төвийн шугам сүлжээнд нийлүүлэх боломжтой болж байгаа юм.
Түүнчлэн өрхүүдэд эрчим хүчний холболт хийдэг компаниудыг бүртгэлжүүлж, чанар стандарт хангасан эрчим хүчний эх үүсвэрийн цогц үйлчилгээ үзүүлэх боломжоор хангана.
Хоёрдугаарт, шугамын алдагдалтай байгаа зарим аймгийн төвүүдэд сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэхээр болж, өнөөдрөөс Эрчим хүчний яам нээлттэй сонгон шалгаруулж эхэллээ. Энэ хүрээнд тавдугаар сарын 20-ны дотор Орхон, Өвөрхангай, Хэнтий, Дорнод, Говьсүмбэр аймагт төр хувийн хэвшлийн түншлэлээр нийт 150 мВт-ын эрчим хүчний үүсвэр, 400 мВт хүртэлх хуримтлуур багтсан цогц эх үүсвэрийг байгуулах юм.
Гуравдугаарт, цахилгаан тээврийн хэрэгслүүдээс гадна цахилгаан, бензин хосолсон хөдөлгүүртэй машинуудад ногоон дугаар олгохоор боллоо. Үүгээр зогсохгүй ногоон дугаартай машин дугаарын хязгаарлалтад орохгүй, нэгдүгээр эгнээгээр зорчих боломжтой талаар Ерөнхий сайд дурдсан юм.
Мөн цахилгаан тээврийн хэрэгслийн “түргэн цэнэглэгч”-үүдийг татварын нэг хувиар шийдвэрлэхээр боллоо. Одоогоор Улаанбаатар хотын 500 гаруй байршилд ийм газар ажиллуулах боломжтой ажээ.
Түүнчлэн цахилгаан тээврийн хэрэгслүүд Улаанбаатараас гадна орон нутагт ч зорчих боломжтой болж байна. Тухайлбал, Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Дорноговь аймгийн Замын-Үүд, Хөвсгөл зэрэг долоон байршилд “түргэн цэнэглэгч”-ийн цогцолбор байгуулахаар болж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа. Цахилгаан машиныг орон нутагт унах боломжийг бүрдүүлснээр түлш шатахууны хамаарлыг бууруулахад хувь нэмэр болно гэж үзэж байгаа ажээ.
Жич: Aqua, Prius зэрэг хайбрид бус, PHEV эрчим хүчээр цэнэглэгддэг хосолсон хөдөлгүүртэй машин ногоон дугаартай болж, нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчино. Эдгээр өөрчлөлтийг тавдугаар сарын сүүлчээс мөрдөж эхлэх юм.


