Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран “Монгол Улсын ноолуур, арьс ширний нийлүүлэлтийн сүлжээнээс химийн хорт болон аюултай бодисын хэрэглээг халах нь” төслийг албан ёсоор эхлүүллээ. Салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, хүний эрүүл мэнд болон байгаль орчныг хамгаалах зорилготой энэхүү төсөл 2030 он хүртэл үргэлжилнэ. Төслийн хүрээнд Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн үйлдвэрлэгчид болон салбарын мэргэжилтнүүдэд сургалт, чадавхжуулах арг хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Төслийн гол зорилго нь уламжлалт химийн бодисын өндөр хэрэглээтэй аргуудыг “ногоон” технологиор солиход чиглэж байна.
Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрлэлд:
Хиймэл оюун ба машин сургалт- Ширхэгтийн чанарыг хянах, ангилан ялгах болон үйлдвэрлэлийн явцыг оновчтой болгоход хиймэл оюуны алгоритмуудыг ашиглах
Байгалийн гаралтай тос авагч бодис- Синтетик угаагч бодисоос татгалзаж, дотоодын түүхий эд (ургамал, амьтны тос, хужир шүү) ашиглан ноос угаах
Оёдолгүй сүлжмэлийн технологи- Даавууны хаягдлыг багасгах, бүтээгдэхүүний тав тухыг нэмэгдүүлэх зорилгоор залгаасгүй сүлжих
Ухаалаг нэхмэл- Технологийн шинж чанартай шинэ төрлийн даавуу, нэхмэл эдлэлийг хөгжүүлэх зэрэг шинэ технологиуд нэвтрэх бол,
Арьс шир боловсруулах үйлдвэрлэлд:
Ургамлын гаралтай идээлэг: Химийн хорт бодис, ялангуяа хром ашиглахын оронд ургамлын гаралтай бодисоор арьс идээлэх технологид шилжих
CAD/CAM систем: Бүтээгдэхүүний загвар гаргах, түүхий эдийн согогийг илрүүлэх, эсгүүр хийх процессыг компьютержуулж, үр ашгийг дээшлүүлэх
Бага энерги, бага ялгаралтай гүйцэтгэн боловсруулалт: Органик будагч бодис ашиглах, үйлдвэрлэлийн температурыг бууруулах замаар эрчим хүчний хэмнэлт гаргах зэрэг дэвшлүүд хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж байна.
Ноолуур, арьс ширний үйлдвэрлэлийг зэрэг хамарсан нийтлэг инновацын хүрээнд:
Мөшгөх тогтолцоо- Түүхий эд бэлтгэлээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шат дамжлагыг цахимжуулж, гарал үүслийг тодорхой болгоход блокчэйн ашиглах
Ус дахин ашиглалт:-Бохир усны менежментийг сайжруулж, үйлдвэрлэлд ашиглах усны хэрэглээг багасгах
9R зарчим- Хаягдлыг дахин боловсруулах (Recycle), дахин ашиглах (Reuse) зэрэг тойрог эдийн засгийн шийдлийг нэвтрүүлэх технологуудыг нэвтрүүлэх юм.
Энэхүү төсөл ноолуур, арьс ширний салбарыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “ногоон” брэнд болгох суурийг тавьж байгаа юм. Үр дүнд нь 573,875 тонн нүүрстөрөгчийн давхар исэлтэй тэнцэх хэмжээний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой.


