Улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд болон орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын харъяанд 1000 гаруй байгаль хамгаалагч ажиллаж Байгаль орчны салбарын 30 орчим хуулийн хэрэгжилтийг хангаж байна. Үүнээс улсын тусгай хамгаалалттай сүлжээнд орон тооны болон гэрээт 470 гаруй байгаль хамгаалагч байдаг бөгөөд байгаль хамгаалагчдын зэрэг дэв, цалин хангамж, нийгмийн хамгаалалын зэрэг олон асуудлууд хангалтгүй явж ирсэн тул шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.
Судалгаагаар нийт байгаль хамгаалагчдын 30 гаруй хувь буюу гурван байгаль хамгаалагч тутмын нэг нь халдлагад өртсөн статистик байдаг аж. Байгаль хамгаалагчдын эрхийг хамгаалах, хөгжүүлэх асуудал нь байгаль орчин, аялал жуулчлал, хөдөлмөр нийгмийн хамгаалал, боловсрол, соёлын зэрэг төрийн захиргааны төв байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд шийдвэрлэх боломжтой цогц асуудал юм. Тиймээс нэн тэргүүнд байгаль хамгаалагчдыг гэнэтийн ослын даатгалд бүрэн хамруулах асуудлыг Засгийн газраас шийдвэрлэсэн байна. Жилийн 365 хоногийн 280 гаруй хоногт хөдөө хээр ажиллаж байнгын эрсдэлд учирч байдаг байгаль хамгаалагчдын амь нас, эрүүл мэндийг гэнэтийн болзошгүй аваар, ослоос бүрэн хамгаалж, эрсдлийг даатгуулд даатгуулах болсон байна.