Европ даяар үргэлжилж буй хэт халалтын улмаас 1300 гаруй хүн нас барсан гэж ДЭМБ мэдээлжээ. Польш, Герман, Чех зэрэг орнуудад 40 хэмийг давж халаад байна. Ийнхүү агаарын температур эрчимтэй нэмэгдэх нь хүмүүсийг дасгал хөдөлгөөнөөс татгалзахад хүргэж, улмаар эрүүл мэндэд нь урт хугацаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг эрдэмтэд анхааруулжээ.
Аргентины их сургуулийн хүрээлэн буй орчин, амьдралын хэв маягийн тархвар судлаач Гарсиа-Витульскийн хэлснээр халуунд алхах, дугуй унах, дасгал хийх, бүр ажилдаа явган явах зэрэг өдөр тутмын энгийн үйлдлүүд хүртэл бие махбодод илүү ачаалалтай, тав тухгүй мэдрэгддэг. Гэхдээ халуун санагдах болгонд дасгал хөдөлгөөнөө зогсоож байвал урт хугацаандаа эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсэх магадлалтай. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн температур өсөх нь хүмүүсийн хөдөлгөөнийг бууруулж, улмаар үүний улмаас 2050 он гэхэд жил бүр 470- 700 мянган хүн зуурдаар нас барах эрсдэлтэй гэж тооцоолжээ. Тиймээс халуун өдрүүдэд ч идэвхтэй хэвээр байх дараах зөвлөмжүүдийг хүргэе.
Халуунд яагаад хурдан ядардаг вэ?
Дасгал хийх үед булчин агшиж, дулаан ялгаруулдаг. Үүнийг сааруулахын тулд бие махбодь хөлс ялгаруулж, цусны урсгалыг арьсны гадаргуу руу чиглүүлдэг байна. “Ингэснээр булчинд хүчилтөрөгч хүргэхэд шаардлагатай цус арьс руу шилждэг” гэж Сиднейн их сургуулийн профессор Олли Жэй тайлбарлажээ.
Өөрөөр хэлбэл, арьс булчинд очих ёстой цусыг өөртөө “татдаг”. Үүний улмаас булчин хангалттай хүчилтөрөгч авч чаддаггүй бөгөөд биеэр цусыг эргэлдүүлэхийн тулд зүрх илүү хүчтэй ажиллах шаардлагатай болдог байна.
Халуунд хэрхэн аюулгүй дасгал хийх вэ?
Ихэнх хүний хийж болох хамгийн үр дүнтэй өөрчлөлт бол сэрүүн үед буюу өглөө эрт, эсвэл оройн цагаар дасгал хөдөлгөөн хийх явдал юм. Мөн нар тусдаг газар бус сүүдэртэй хэсгийг сонговол тохиромжтой. О.Жэйгийн хэлснээр нар шууд тусаж буй газрын температур сүүдэртэй хэсгээс 12-15 хэмээр өндөр байдаг.
Мөн агаарын хэмээс гадна чийгшил ч чухал нөлөөтэй аж. Биеийг хөргөх хамгийн гол механизм бол хөлс уурших явц. Харин агаарын чийг их байх үед хөлс амархан ууршиж чаддаггүй тул бие хангалттай хөрдөггүй байна.

Биеийг хөргөх үр дүнтэй аргууд
Мөсөөр жин тавих нь хамгийн түрүүнд санаанд ордог ч үнэндээ тийм ч үр дүнтэй биш ажээ. Р.Стернсийн хэлснээр мөс зөвхөн арьсны багахан хэсгийг хөргөдөг тул биеийн дулааныг хангалттай бууруулж чаддаггүй. Харин гар, шуугаа хүйтэн усанд дүрэх, эсвэл бие дээрээ ус асгах нь илүү үр дүнтэй. Арьсан дээрх ус ууршихдаа яг хөлсний адил биеийг хөргөдөг. Ингэснээр булчинд очих цусны хэмжээ нэмэгдэж, хүчилтөрөгчийн хангамж сайжирдаг байна.
Дасгалын өмнө биеэ хөргө
“Дасгал эхлэхийн өмнө биеэ бага зэрэг хөргөчихвөл аюултай түвшинд хүрэх хүртэл илүү урт хугацаа шаардлагатай болдог” гэж Р.Стернс хэлжээ. Мөн мөстэй ус уух нь биеийг хөргөж, дасгалын гүйцэтгэлийг сайжруулдаг болохыг судалгаагаар тогтоосон байна.
Биеэ халуунд аажмаар дасга
Халуун орчинд дасгал хийх хугацаа, ачааллаа аажмаар нэмэгдүүлснээр бие махбодь халуунд дасан зохицдог. Үүнийг “дулааны дасан зохицол” гэж нэрлэдэг байна.
Р.Стернсийн хэлснээр, халуун нөхцөлд 7-14 хоногийн турш тогтмол дасгал хийсний дараа амарч байхад биеийн температур буурч, хөлс ялгаралт нэмэгдэн, цусны сийвэнгийн хэмжээ өсдөг. Ийнхүү дасан зохицсон бие халуунд илүү үр дүнтэй ажиллаж, гүйцэтгэл сайжрахаас гадна халууны стрессийн эрсдэл буурдаг байна.
Хэдийгээр халуунд дасгал хийснээс үүдэлтэй нас баралт ховор ч халууны ядаргаа, стрэсс гэх ойлголт түгээмэл болжээ. Мөн тогтмол дасгал хийдэг, биеийн тамирын сайн бэлтгэлтэй хүмүүс хүртэл халууны ядаргаанд өртдөг. Тиймээс толгой эргэх, дотор муухайрах, хэт их хөлрөх, булчин татах, бие сулрах зэрэг шинж тэмдэг илэрвэл дасгалаа шууд зогсоож, сэрүүн газарт биеэ хөргөж, шаардлагатай бол эмнэлгийн тусламж авах нь зүйтэй.
Эх сурвалж: BBC



