Ажлын ярилцлагад хэрэг болох зөвлөгөө…ийм гарчиг бүхий нийтлэлтэй та таарч байсан уу? Эсвэл өөрөө хайж үзэж байв уу?
Хүн амьдралынхаа туршид дор хаяж нэг удаа ажлын ярилцлагад ордог. Харин АНУ-ын бизнес эрхлэгч, зохиолч Даниел Седдики мөрөөдлийнхөө ажлыг олохын тулд 50 долоо хоногийн турш дараалан 50 гаруй ярилцлагад орж, бүгдээс нь татгалзсан хариу авч байжээ.
Энэ түүх түүний бүтэлгүйтлээс ч илүү утга учиртай зүйлийг өгүүлдэг. Хүмүүс хүртэл ажлын ярилцлагыг зөвхөн “тэнцэх” процесс гэж ойлгосоор ирсэн. Гэхдээ орчин цагт ажлын ярилцлага нэг талынх нь “шалгалт” байхаа больж, хоёр талын түншлэлийн эхлэл болон хувирч байна. Харин энэхүү өөрчлөлтийг чиглүүлж буй гол хүчин зүйл нь байгууллагын тогтвортой хөгжлийн бодлого юм. Өөрөөр хэлбэл, байгууллагын байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ) бодлого, хариуцлагыг илэрхийлдэг ойлголт.
Дэлхийн нөлөө бүхий аудитын компанийн нэг “Deloitte”-ийн судалгаагаар залуусын 82 хувь нь ажил олгогчийг сонгохдоо тухайн байгууллагын БОНЗ амлалт, хэрэгжилтийг харгалздаг үздэг ажээ. Түүнчлэн залуу мэргэжилтнүүдийн гуравны нэг нь нийгмийн хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй компанид ажиллахын тулд өндөр цалинтай ажлаас татгалзаж, харьцангуй бага цалин авахад бэлэн байгаа нь хөдөлмөрийн зах зээлд үнэт зүйлсийн шинэ эрэмбэ тогтож буйн илрэл юм.

Яагаад БОНЗ чухал вэ?
Өнөөдөр ажил горилогчид карьерыг зөвхөн орлого, нэр хүнд бус үнэт зүйлээ хэрэгжүүлэх орчин гэж үзэх болсон. Монгол Улсын хувьд энэхүү соёл олон улсын байгууллагуудын болон дотоодын томоохон компаниудын манлайллаар дамжин хөдөлмөрийн зах зээлд аажмаар нэвтэрч байна.
Анх 2022 онд Санхүүгийн зохицуулах хороо, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Тогтвортой хөгжлийн тайлангийн удирдамжийг боловсруулж томоохон компаниудыг албан ёсоор тайлагнахыг шаардаж эхэлсэн. Улмаар өнөөдрийн байдлаар 40-50 орчим компани удирдамжийн дагуу тайлан гаргаж нийтэд нээлттэй мэдээлж байна.
БОНЗ нь бас нийгмийн шаардлага, ажиллах хүчийг тогтоон барих шалгуур үзүүлэлтээс гадна хөрөнгө оруулалт татах томоохон давуу тал болдог. Дэлхийн нийт хөрөнгө оруулалтын зах зээлийн 21.5 хувийг эзэмшигч томоохон хөрөнгө оруулагчид зөвхөн БОНЗ шалгуур хангасан компаниудад хөрөнгөө байршуулах хүсэлтээ илэрхийлсэн байна. Энэ бол трэнд дагасан гэхээсээ илүү найдвартай, тогтвортой ирээдүйн чиг хандлагыг эрэлхийлсэн сонголт юм.
Ингэснээр БОНЗ гэх ойлголт байгууллагын тайлангийн нэг хэсэг бус, ирээдүйн хөдөлмөрийн зах зээлийн шинэ хэл болжээ. Тогтвортой хөгжлийн мэдлэгтэй байснаар бид ажлын ярилцлагад орохдоо зөвхөн “би энэ ажилд тэнцэх болов уу?” гэхийн оронд “энэ байгууллага надад тохирох уу?” гэж өөрөөсөө асуух эрхтэй болж байна.


