Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Монгол адууг дэлхийн брэнд болгоно

Монгол адууг дэлхийн брэнд болгоно

Green development by Green development
May 25, 2026
in Аялал жуулчлал, Ногоон дэлхий
0

Мянган бээрийн газраас нутгаа зорин гүйх монгол адуу. Алс холоос эх нутаг, ижил сүргээ санагалзсаар газар үнэрлэн давхисаар ирдэг адуу гэгч гайхалтай амьтны талаарх үлгэр домог, хууч яриа дуусашгүй их. Бидний өвөг дээдэс морин туурайгаар дэлхийг эзэлж, мориныхоо босоо цагаан хиймориор сүлд, тугаа өргөсөөр ирсэн билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Дэлхийн адууны өдөр”-тэй болох санаачилгыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей өнгөрсөн онд хэлэлцэн баталсан нь хүн төрөлхтний түүхэнд адууны гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдлыг дэлхий дахин хүлээн зөвшөөрсөн үйл явдал болсон юм. Тэгвэл энэ сайхан үйл явдалтай холбогдуулан улс орнууд Үндэсний их баяр наадмын өдөр буюу  долдугаар сарын 11-ний өдөр “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэх гэж байна. Манай улс ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад монгол наадам, морин хуур, хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйлээ бүртгүүлсэн байдаг. Мөн 2013 онд Хүй долоон худагт 10 мянган морьтны жагсаал, 4,000 хурдан морины уралдаан зохион Гиннест бүртгүүлээд байгаа билээ.

You might also like

Ногоон бодлого

Автомашингүй өдрийн давуу талууд

May 25, 2026
Ногоон дэлхий

Зангилааг тайлах нь: Тогтвортой дэд бүтэц

May 22, 2026

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд анх удаа “Монгол адуучин” үндэсний чуулганыг тавдугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.  Тус чуулганд 21 аймаг, сумдын 800 адуучин оролцсон юм. Чуулганаар “Дэлхийн адууны өдөр-Монгол Улсын санаачилага”, “Адуучдын өмнө тулгамдаж буй асуудал, гарц шийдэл”, “Адууны удмын санг хамгаалах, үүлдэр, угсааг сайжруулах”, “Малчны найман ногоон гарц, шийдэл”, “Морин хуур  урлал адуун соёлтой холбогдох нь”, “Адуу эмнэх арга ухаан” зэрэг сэдвээр илтгэл сонсож хэлэлцүүлэг өрнүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Адууны өв соёл, уламжлалыг цогцлоон хөгжүүлэхэд монголчууд асар их хувь нэмэр оруулсан учир түүнийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхийн төлөө дэлхийд манлайлах учиртай. Монгол адууны угшил гарлын түүх, арчилгаа маллагаа, өвчин эмгэгийг эмчлэх, уналга эдэлгээнд сургах, хурдан хүлгийг шинжин таних, адууны эдлэл хэрэглэл үйлдвэрлэх зэрэг адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид бол монгол адуучид юм. Адууг эмнэн эмчлэх, адуугаа төрөл бүрийн эмчилгээ, сувилгаанд ашиглах арга зүйг орчин үеийн шинжлэх ухаантай хоршуулан хөгжүүлэх, эрдэмтэн судлаачидтай нягт хамтран ажиллах шаардлагатай. Цаашид адууны удмын санг хадгалан хамгаалахад төр, засаг, ард түмэн,  ялангуяа уяачид, адуучид онцгой анхаарах ёстой” хэмээн онцлов.

“Монгол адуучин” үндэсний чуулганы үеэр Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн, Тод манлай уяач Батхүрэлийн Бат-Өлзий, Дорнод аймгийн Матад сумын малчин, Манлай уяач  Бат-Очирын Цэндбаатар нарт Гавьяат малчин цол хүртээлээ. Мөн нэр бүхий адуучид, уяачдыг төрийн дээд одон, медалиар шагнасан юм.

УИХ монгол үүлдэр омгийн адууны удмын санг хамгаалах зорилгоор үржлийн адуу, түүний үр, хөврөлийг импортлохыг 2026-2036 он хүртэлх хугацаанд зогсоох тогтоол баталсан. Мөн сүргийн тархац, үүлдэрлэг байдлыг бүс нутгаар гаргах, үржлийн адуунд удам зүйн үнэлгээ хийх, бүртгэлжүүлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, адуу судлал, төрөлжилт, ашиглалтыг нэгдсэн бодлогоор хөгжүүлэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны тогтолцоо бүрдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоод байна.

Дэлхийн 60 шахам сая адууны ес орчим хувь буюу таван сая гаруй нь манай улсад байдаг. Адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог юм.

Б.Наранбадрах: Монгол адуугаараа дамжуулж малчид орлого олдог болно

Адууны диваажин ТББ-ын тэргүүн Б.Наранбадрах

-Дэлхийн адууны өдрийн утга учир юунд байгаа вэ?

-Малчин хүний гадаа морьтонгуудыг цуглуулахын тулд эхлээд “Дэлхийн адууны өдөр” гэж дэлхийд зарлуулсан. Энд маш том стратеги явж байгаа. Ингээд дэлхийн анхаарал Монгол Улс дээр очно. Анхаарлыг нь татчихаад бид үндсэн үйл ажиллагаагаа эхлэх ёстой. “Дэлхийд байгаа бүх морьтонгууд минь ээ. Монголд ирнэ үү. Монгол бол энэ дэлхийн бүх адууны диваажин юм” гэдэг л концевц юм.

-Хичнээн хүн энэ адууны өдөрт оролцох вэ?  

-Гаднаас морь ирэхийг бодлогоор хязгаарлаж байгаа. Монголд ирээд монгол малчнаас номхон морь худалдаж авах буюу түрээслээд 10 мянган морьтны жагсаалд орох хөшүүрэг хийж байгаа. Мөн олон улсын морин уралдаан болно. Үүн дээр гаднаас морь авчраад уралдаж болно. Энэ жил 15 улсын спортын болон соёлын сайдууд ирнэ. “Physical Asia” шоу  нэвтрүүлгийн дөрвөн улсын 10 оролцогч ирнэ. Стратегийн хувьд адуугаар дамжуулж, аялал жуулчлалаа хөгжүүлэх үүднээс станы улсуудыг урьж байгаа. Солонгос, Япон, Орос, Хятад гээд байнгын аялал жуулчлалын түншүүд болон булангийн буюу Арабын орнууд оролцоно.

-Монгол адууг брэнд болгосноор эдийн засгийн ямар хөшүүрэг нь юу байх вэ?

-Монгол малчин бэлчээрээ хамгаалсныхаа төлөө олон улсаас санхүүждэг болно. Үүнийг Карбон кредитийн бодлогоор зохицуулна. Энэ ойлголт манайд байхгүй. Үүнийг таниулахаас эхлээд холын зам байна.  Чадавхажсан адуучинг бий болгоно. Малчнаасаа шууд бүтээгдэхүүнээ худалдан авах боломжийг бий болгох зорилго бий. Утасаа гаргаж ирлээ, E-mongolia ашиглаад малчны хотноос  гэрийнхээ гадаа мах, цагаан идээгээ авах боломжийг нээх гээд олон ажил байна.  

Монгол адуу дауны хам шинж өвчнийг эмчилж байна

Морь гэдэг амьтан дауны хам шинж өвчин болон сэтгэл гутрал, түгшилт, сэтгэл зүйн асуудалтай хүмүүсийг эмчлэх увдистай аж. Дээрээс нь харвалттай, саажилттай иргэдийг нөхөн сэргээх эмчилгээг бас мориор эмчилж байна. Энэ нь хамгийн үр дүнтэй арга болжээ. Тиймээс Монголд морин эмчилгээний төвийг нээж, Зүрх сэтгэлийн боловсрол эзэмшүүлэхээр болж Эрүүл мэндийн яаманд ажлын хэсэг байгуулаад явж байгаа юм байна. Нэг цагийн морин эмчилгээ хийлгэхэд гадаадад маш өндөр үнэ ханштай байдаг байна. Түүнээс гадна хүүхдүүд хурга, ишиг тэвэрснээр стрессийн түвшин гурав дахин буурдаг гэх судалгаа гарчээ. Зүрх сэтгэлийн боловсрол эзэмшүүлэх хөтөлбөрийг хичээлийн гадуурх хөтөлбөр болгож батлуулаад хаврын хоёр сар ишиг, хурган дээр очдог болох ажлыг эхлүүлэхээр болж байгаа аж. Үүний эхлэл болж Сөүл хотын захирагч 50 хүүхэд Монгол руу явуулахаар болж байгаа гэдгийг Адууны диваажин ТББ-ын тэргүүн Б.Наранбадрах онцоллоо.

Баруун гар талаас С.Долгоржав, Ч.Алтантуяа, Р.Бадамгэрэл

С.Долгоржав: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас ирсэн малчин эмэгтэй байна. Бид бүгдээрээ хар бага наснаасаа адуу малаа адгуулж морин дэл дээр өссөн бүсгүйчүүд “Морьтой монголжин” холбоог төлөөлж манай аймгаас гурван эмэгтэй ирсэн.

Ч.Алтантуяа: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас ирсэн.  Бага наснаасаа малын захад өссөн. Удам дамжсан малчин. Хүүхэд наснаасаа адуутай ойрхон байж,  14 наснаасаа адуучин болсон. Өөрийнхөө хүслээр хувийнхаа адууг хардаг байсан. Хүний эхнэр болоод адуунаасаа бага зэрэг хөндийрсөн.

Р.Бадамгэрэл:  Монгол Улсын гавъяат малчин Равдангийн охин Бадамгэрэл гэдэг хүн байна. Одоогоор 500 гаруй адуу маллаж байна. Аавынхаа нэрийг сэвтээхгүйн тулд малтайгаа, адуутайгаа ойр хөдөлмөрлөж байна даа.

А.Төгсбат: Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул.  Адуучин тэмцээнд жил бүр оролцдог. Морь уяад 10 орчим жил болж байна. Одоо 24 настай.  Есдүгээр ангиа төгсөөд морь уясан. Наадмын морь 6 наснаасаа эхэлж унасан. Морио уяад, малаа маллаж байна даа. Энд тэнд уясан морь маань айрагдаж байсан. Адуу малаа маллаад явахад сайхан ч, амаргүй ажил шүү дээ. Өвөл, зунгүй л адуундаа дахина даа. Адуучин тэмцээнд оролцож олон удаа түрүүлж байсан.

Ш.Ерөөлт: Миний бие Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумаас ирсэн Аймгийн алдарт уяач, Эмнэг сургалтын спортын мастер. Манай аав Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Монгол Улсын 66 дахь алдарт уяач. Би өөрөө унаганы зэлэн дээр адуу гэж хэлд орсон хүн л дээ. Ерөнхийлөгчийн ивээл дор болж байгаа “Монгол адуу” чуулган ач холбогдлоо өгсөн сайхан уулзалт болж байна. “Монгол адуугаа, морин хуураа дээдлэх шиг сайхан зүйл байхгүй” гэж Ерөнхийлөгч хэлсэн. Говь-Алтайгаас бид 30-уулаа ирсэн. Адуучны зөвлөгөөнд ирсэндээ сэтгэл өндөр байна.

Tags: toppost
ShareTweet
Green development

Green development

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English