Олон улсад жил бүрийн тавдугаар сарын эхний бямба, ням гарагийг “Дэлхийн нүүдлийн шувууны өдөр” болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг тохиолдуулан Өмнөговь аймгийн ЗДТГ, Даланзадгад хотын ЗДТГ, аймгийн боловсролын газар, Түм экологи тур, Гайхамшигт говь аялалж жуулчлалын холбоо, Зэрлэг амьтан судлах хамгаалах төв (WSCC) хамтран Монголын анхны “Шувуу ажиглах уралдаан”-ыг тус аймагт зохион байгууллаа.
Хүүхэд залуус, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах ухамсрыг төлөвшүүлэх зорилготой энэхүү арга хэмжээнд Ховд, Өмнөговь, Өвөрхөнгай, Улаанбаатар хотоос нийт 150 орчим хүүхэд залуус оролцсон байна.
Багийн болон ганцаарчилсан гурван төрөлт тус тэмцээнд өсвөрийн ангилалд 35 баг, сонирхогчийн ангилалд 7 байг өрсөлдлөө. Мөн “Марафон” төрөлд таван оролцогч 12 цагийн турш ажиглалт хийснээс Х.Гантөмөр 96 зүйлийг амжилттай бүртгэж, алтан медаль хүртжээ.

Тэмцээний үеэр нийт 133 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс цөлийн алтан жигүүр, толбот хүүрзгэнэ зэрэг ховор төрлийн шувууд ажиглагдсан байна.. Мөн уралдааны бэлтгэл ажлын хүрээнд Даланзадгад, Гурван тэс, Цогтцэций сумын 170 орчим сурагчийг шувуудыг таних, ажиглах анхан шатны сургалтад хамруулжээ.
Монгол оронд нийт 500 гаруй төрөл шувуу бүртгэгдсэнээс 340 орчим нь нүүдлийн шувуу байдаг. Эдгээрээс Улаан номонд багтсан нэн ховор ангилалд 35 зүйлийн шувуу бий. Тэмцээнийг санаачлан зохион байгуулагч Зэрлэг амьтан судлах хамгаалах төв (WSCC) нь Монгол орны зэрлэг амьтад, тэдгээрийн амьдрах орчныг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хамгаалах зорилготой төрийн бус байгууллага юм. Шувуу судлалын чиглэлээр тэргүүлэгч тус төв нь олон улсын BirdLife түншлэлийн хүрээнд шувуу бөгжлөх, GPS-ээр нүүдлийг хянах болон ховордсон зүйлийг хамгаалах төслүүдийг хэрэгжүүлдэг. Энэ өдөр зөвхөн шувуу ажиглах явдал биш хүн, байгалийн холбоог сэргээж говийн бүсэд өсөн нэмэгдэж буй шувуу ажиглагчдыг нэгтгэсэн үйл явдал болсныг тэмцээн зохион байгуулагчид онцоллоо.


