Сүүлийн жилүүдэд дэлхий даяар ухаалаг шийдэлд суурилсан газар тариалан эрчимтэй хөгжиж байна. Энэ нь уламжлалт аргуудыг илүү үр ашигтай, оновчтой болгох зорилготой шинэ шийдлүүд юм. Монгол орны хувьд ч уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, усны нөөцийн хомсдол, хөдөлмөрлөх хүчний дутагдал зэрэг сорилтыг шийдвэрлэхэд ухаалаг газар тариалан зөв сонголт болох учиртай.
Ухаалаг газар тариалан бол интернэтэд холбогдсон төхөөрөмжүүд, мэдрэгч төхөөрөмж, өгөгдөлд шинжилгээ хийдэг хиймэл оюун зэргийн тусламжтайгаар технологид тулгуурлан хөрс, чийг, температур, ургамлын өсөлтийн нөхцөлийг хүссэн үедээ хянах, удирдах боломжийг олгодог ухаалаг систем юм. Ингэснээр тариаланчид “таамгаар” бус “өгөгдөлд суурилсан” шийдвэр гаргаж, илүү үр ашигтай ажиллах нөхцөл бүрддэг.
Жишээлбэл, хөрсний чийгийг хэмжих мэдрэгч төхөөрөмжүүд нь усалгааг яг хэрэгтэй үед нь, зөв хэмжээгээр, шаардлагатай хэсэгт хийдэг. Энэ нь усны хэрэглээг бууруулахаас гадна ургамлын ургалтыг жигд болгож, ургацын хэмжээг ч нэмэгдүүлдэг. Мөн дрон ашиглан талбайг хянах, өвчин, хортон шавжийг эрт илрүүлэх нь ургац алдах эрсдэлийг бууруулдаг зэргээр давуу тал олонтой.
Газар тариалангаа ухаалаг болгохын тулд дараах үйлдлүүдийг хийх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөдөг. Юуны өмнө талбайн хөрс, чийг, температурын мэдээллийг хэмжихийн тулд тусгай мэдрэгч төхөөрөмжүүдийг суурилуулна. Дараа нь түүнд ирсэн өгөгдлийг цуглуулж, дүн шинжилгээ хийх программ хангамж ашиглан оновчтой шийдвэр гаргана. Мөн автоматжуулсан техник, ухаалаг трактор, дрон зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлснээр хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ. Үүнээс гадна усалгааны системийг автоматжуулах, нарны эрчим хүч зэрэг сэргээгдэх эх үүсвэр ашиглах нь тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй.
Тухайлбал, “John Deere” зэрэг тэргүүлэгч компаниуд ухаалаг трактор, автоматжуулсан техник хөгжүүлж, газар тариалангийн салбарт томоохон өөрчлөлт авчирч байна. Эдгээр техник нь GPS болон хиймэл оюун ухаанд тулгуурлан талбай дээр өөрөө явах чиглэлээ тодорхойлсноор хүний оролцоог багасгадаг. Жишээлбэл, үр суулгах үед зай, гүн, чиглэлийг өндөр нарийвчлалтай баримталснаар ургамал жигд ургах нөхцөл бүрддэг. Мөн бордоог зөвхөн шаардлагатай хэсэгт, тохирсон хэмжээгээр цацдаг тул зардлыг бууруулж, хөрсний чанарыг хамгаалдаг. Мөн ургамлын болцыг өөрөө таньж, хурд, тохиргоог автоматаар тохируулж ургац хураана. Ийнхүү ухаалаг техник, технологийг ашигласнаар тариаланчид илүү бага хүч хөдөлмөрөөр, илүү их ургац авах боломжтой болж байна.
Монголд ч ухаалаг газар тариалангийн үйл ажиллагаа нэвтэрч эхлээд байна. Тухайлбал, Хөдөө аж ахуйн их сургууль болон БНСУ-ын “JH Energy” компани хамтран нарны эрчим хүчинд суурилсан ухаалаг хүлэмж төслийг хэрэгжүүлж, 2000 м² талбай бүхий хүлэмж байгуулсан. Энэ хүлэмж нь халаалт, хөргөлтөө сэргээгдэх эрчим хүчээр шийдсэн, жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажилладаг гэдгээрээ онцлог.
Мөн Монголд ухаалаг газар тариалангийн системийг турших зорилгоор Сэлэнгэ, Төв аймгийн тариалангийн бүс нутгуудад томоохон төсөл хэрэгжиж, хиймэл дагуулын мэдээлэл, хөрс цаг агаарын мэдрэгч, өгөгдөлд суурилсан удирдлагын системийг нэвтрүүлээд байна. Үүнээс гадна дуслын усалгааны системийг хүлэмж болон ил талбайд ашиглах нь нэмэгдэж, усны хомсдолтой нөхцөлд ургамлыг сайн ургуулах боломжтой болоод байгаа юм.
Ийм жишээнүүд нь Монголын хуурай, эрс тэс уур амьсгалд тохирсон, бага нөөцөөр өндөр үр ашигтай ажиллах боломжтой ухаалаг газар тариалан бодитоор хөгжиж эхэлснийг харуулж байна. Гэхдээ ухаалаг газар тариалан нэвтрүүлэхэд анхны хөрөнгө оруулалт, техник технологийн мэдлэг, боловсон хүчний чадавх зэрэг асуудлууд тулгардаг. Иймд төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагууд хамтран ажиллаж, сургалт, мэдээлэл түгээх шаардлагатай.
Ухаалаг газар тариалан нь зөвхөн технологийн дэвшил төдийгүй хүнсний аюулгүй байдал, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй. Зөв ашиглаж чадвал “бага зардлаар их ургац” авч чадна.


