Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга өнөөдөр (2026.04.28) боллоо
Тус хууль 1994 онд батлагдсанаас хойш экологийн аюулгүй байдлыг хангах, байгалийн бүс бүслүүр, ховор ан амьтан, ургамлыг хамгаалах зорилгоор тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг байгуулах, хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Энэ хугацаанд хуульд нийт 17 удаа өөрчлөлт оруулжээ. Гэсэн ч тусгай хамгаалалттай газар нутгийн харилцаанд хүндрэл бэрхшээл үүссэн хэвээр байгаа юм. Тухайлбал, аялал жуулчлал нэрийн дор барилга байгууламж барих зэргээр зохисгүй ашигладаг. Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) захиргаа нь улсын төсвөөс санхүүждэг, санхүүжилтийн 90 хувь нь зөвхөн урсгал зардалд зарцуулагддаг нь байгаль хамгаалахад туйлын хангалтгүй юм. Мөн ТХГН-ийн бүртгэл мэдээллийн харилцаа, тоон мэдээлэл зөрүүтэй байдаг. ТХГН-т зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг явуулахдаа газар ашиглах хугацааг таван жилээр олгож байгаа нь бизнес эрхлэгчдэд хүндээр тусдаг гэх мэтээр аль аль талдаа олон бэрхшээлтэй байдаг аж.
Эдгээр харилцааг шийдвэрлэхийн тулд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм. Энэ удаад дараах өөрчлөлтийг оруулахаар хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн анхны хувилбар найман бүлэг, 44 зүйлтэй байсан бол шинэчилсэн найруулгаар 10 бүлэг, 59 зүйлтэй байхаар төлөвлөж байна.
- ТХГН-т байгаа өвөлжөө, хаваржааны газар болон үл хөдлөх хөрөнгийг эрхийн бүртгэлтэй холбож, зориулалтыг өөрчлөхгүйгээр өвлүүлэх боломж бүрдүүлсэн.
- Газар ашиглах хугацааг 15 хүртэлх жил байхаар тусгасан.
- Нутгийн иргэд гэрээний үндсэн дээр хадлан, бэлчээр ашиглах зохицуулалт, шаардлагыг тодорхой болгосон.
- Газар ашиглах харилцааг дуусгавар болгох, газрыг хүлээлгэн өгөх нөхцөлийг тодорхой заасан.
- Тусгай хамгаалалттай газар нутгийн онгон болон онцгой бүсийн талбайн хэмжээг багасгаж өөрчлөхгүй
- ТХГН-т аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх зохицуулалт илүү тодорхой болгоно
- Өмнө бий болсон суурьшлын бүсийг зөвшөөрч, цаашид тэлэхгүй байх эрх зүйн боломжийг бүрдүүлсэн.
- Экологийн даацад нийцсэн байгалийн аялал жуулчлалыг дэмжиж, эдийн засаг болон нутгийн иргэдийн орлогод хувь нэмэр оруулах нөхцөл бүрдүүлсэн.
- Санхүүжилт нь үйл ажиллагааны суурь зардал болон менежментийн төлөвлөгөөний үр дүнд суурилсан эх үүсвэрээс бүрдэнэ.
Сонирхуулахад, Монгол Улсын нийт газар нутгийн 20.8 хувьтай тэнцэх буюу 32.8 сая га талбай бүхий 120 тусгай хамгаалалттай газар бий.



