Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Хөшигийн хөндийд 31 мянган га газарт 150 мянган хүн ажиллаж амьдрах эдийн засгийн чөлөөт бүс бүхий “Хүннү хот” байгуулах шийдвэрийг 2022 онд гаргасан. COP-17 олон улсын хурлыг зохион байгуулах өндөр амбицтай эхэлж байсан энэ төслийн инженерийн дэд бүтцийн ажлууд одоогоор 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Хэдий тэрхүү амбиц мөрөөдөл болон үлдэж байгаа ч өнгөрсөн хугацаанд ийнхүү тус хотын шанг татаж, шавыг тавьжээ. Бараг хагас зууны дараа хэрэгжиж буй шинэ хотын бүтээн байгуулалтын талаар танд ямар төсөөлөл байна вэ?
“Хүннү хот” хот төсөл Монгол Улсад анх удаа ногоон дэд бүтцийг хот байгуулалтын үндсэн элемент болгон төлөвлөснөөрөө онцлогтой.
Улаанбаатарын нүүрсний станцаас бүрэн хамааралтай байдлыг халсан инновац нэвтрүүлэх нь тус хотын дэд бүтцийн шийдэл болох аж. Одоогоор нар болон салхины эх үүсвэрээр эрчим хүчний хэрэгцээг хангахаар төлөвлөжээ. Барилга байгууламжийг дулаан бага алддаг LEED, EDGE стандартыг хангасан байхаар төлөвлөсөн бөгөөд анхнаасаа ухаалаг, ногоон шийдэл нэвтрүүлснээр ирээдүйд үүсэх зардлыг хэмнэж, иргэдийн эрүүл амьдрах орчныг бүрдүүлнэ гэж үзэж байна.

Хоногт 3000 шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай, саарал ус дахин ашиглах технологи бүхий цэвэрлэх байгууламжийн ажил эхэлсэн. Мөн цахилгаан эрчим хүчний ачааллыг 150 МВт батарей хуримтлуур бүхий нар, салхины хосолмол 300 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээс хангах зэрэг дэд бүтцийн ногоон шийдлүүд нь төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх, олон улсын хөрөнгө оруулалт татах үүд хаалгыг нээжээ.
Азийн Хөгжлийн Банкны “Хөшигийн хөндийн ногоон, тэсвэртэй шинэ дагуул хотын дэд бүтцийг бэлтгэх” төслийн санхүүжилтийг татахын зэрэгцээ Японы “ALMEC Corporation” тэргүүтэй олон улсын зөвлөхүүд ногоон хотын төлөвлөлт, инженерийн нарийвчилсан зургийг боловсруулах ажилд оролцож байна.
Манай улсыг зорин ирдэг жуулчдын талаас илүү хувь нь “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаар нэвтэрдэг. Тиймээс энэ бүсийг “хүн” төвтэй бие даасан байдлаар хөгжүүлснээр үйлчилгээний салбарын эдийн засгийг хөгжүүлж, өндөр цалинтай мянга мянган ажлын байрыг бий болгох давхар ач холбогдолтой.

“ХҮННҮ ХОТ” төслийн хүрээнд явган хүний зам, дугуйн зам, ногоон амралтын бүс зэргийг тэргүүлэх ач холбогдолтой төлөвлөсөн нь автомашинд суурилсан хот байгуулалтаас татгалзсан шинэ хандлага болох юм.
Монгол Улсад хот байгуулалтын шинэ хэв маягийг илэрхийлж байгаа энэ төслийн амжилт нь хэрэгжилтийн сахилга бат, төлөвлөлтийн чанар, менежментээс шууд хамаарна. Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, утаа, түгжрэл, стресс… энэ бүхэн биднийг хот төлөвлөлтийн уламжлалт загвараас татгалзаж, тогтвортой хөгжлийн шинэ шийдэл эрэлхийлэхэд хүргэж байна. Улмаар хэд хэдэн дагуул хот байгуулах санал санаачилга гарч, зарим нь цаасан дээр үлдсэн бол зарим нь хэрэгжих эхлэлийн шатандаа яваа. Харин одоо ногоон хөгжлийг эрхэмлэнэ гэгдэж буй “Хүннү” хотын бүтээн байгуулалт хэрхэн урагшлахыг харах л үлдлээ.



