Байгаль орчноо хамгаалах нь зөвхөн ухамсарт сонголт биш, эдийн засгийн үнэ цэнтэй үйлдэл болох цаг айсуй. Өнөөдрийг хүртэл бид мод тарих, хөрс ургамлаа хамгаалах зэргийг зөвхөн хүнлэг сэтгэлгээний түвшинд ойлгосоор ирсэн. Тэгвэл та бидний энэ ухамсарт үйлдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж болох Карбон кредит гэж юу вэ?
Хамгийн энгийнээр үүнийг “Агаар цэвэршүүлсний урамшуулал” гэж ойлгож болно. Дэлхийн дулааралд гол нөлөөлөгч нь нүүрсхүчлийн хий (CO₂ ). Үйлдвэрүүд болон автомашины хөдөлгүүрээс ялгардаг энэ хийг мод, хөрс, бэлчээр зэрэг байгалийн экосистем өөртөө шингээж, оронд нь хүчилтөрөгч (O₂) ялгаруулдаг.
Нэг үгээр хэлбэл, таны тарьсан мод, арчилж тордсон хөрс, бэлчээр жилд нэг тонн нүүрсхүчлийн хий шингээсэн бол танд нэг Карбон кредит үүснэ.

Карбон кредитийг зөвхөн томоохон компаниудтай холбож ойлгохоос илүү Монгол Улс шиг газар тариалан, мал аж ахуйд түшиглэн амьдардаг орны иргэдэд нэн таатай ногоон санхүүгийн систем гэж үзэж болно.
Насанд хүрсэн нэг мод жилд дунджаар 20–25 кг нүүрсхүчлийн хий шингээдэг гэж үзвэл, та тарьж ургуулсан 40–50 мод тутмаасаа нэг кредиттэй болох боломжтой.
Хэрхэн карбон кредитээр орлого олох вэ?
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль батлагдсаны дараа төрөөс бүрдүүлсэн системд төслөө албан ёсоор бүртгүүлж, баримтжуулснаар мэргэжлийн байгууллага шалган баталгаажуулж, карбон кредитийг үүсгэх юм. Өөрийн нэр дээр үүссэн кредитээ дотоодын болон олон улсын зах зээлд борлуулан орлого олох боломжтой болно.
Олон улсын зах зээл дээр 1 карбон кредит дунджаар 15–25 ам.доллароор үнэлэгдэж байна.

2025 онд болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын ээлжит дээд хэмжээний уулзалтын (COP30) үеэр Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30.3 хувиар бууруулах амлалт өгсөн байдаг.
Тэгвэл энэхүү амлалтыг бодит ажил хэрэг болгох гол хуулийн төсөл- “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль”-ийн хэлэлцүүлэг өрнөж буй энэ үед карбон зах зээлийг хөгжүүлэх тухай заалтууд онцгой анхаарал татаж байна. Хэрэв хууль батлагдвал эрүүл, аюулгүй амьдрах орчин нэмэгдэхээс гадна эдийн засгийн эргэлт идэвхжиж, иргэд, аж ахуйн нэгжүүд орлогын нэн шинэ эх үүсвэртэй болох юм.


