Хоёр бөхт тэмээг өсгөн үржүүлэх, уламжлалт маллагаа, ахуй соёлыг өвлүүлэн хадгалах зорилготой “Түмэн тэмээний баяр” 1997 онд Өмнөговь аймгийн Сэврэй суманд анх зохион байгуулагдсан түүхтэй. Өдгөө энэхүү баяр нь Монголчуудын нүүдлийн соёл, говь нутгийн ахуй амьдрал, зан заншлыг олон нийтэд сурталчлан таниулах, тэмээчдийн ур чадвар, тэсвэр хатуужлыг харуулсан томоохон арга хэмжээ болон хөгжжээ.
Энэ сарын 6-8-ны өдрүүдэд болсон 29 дэх удаагийн “Түмэн тэмээний баяр”-т дөрвөн аймгийн 60 гаруй сумын тэмээчид оролцож, 1000 гаруй тэмээ говь нутгийг чимэв. Баярын өдрүүдэд нийт 8000 гаруй хүн хүрэлцэн ирсний дотор 200 гаруй гадаадын жуулчин багтсан нь тус арга хэмжээ Монгол Улсын өвлийн аялал жуулчлалын чухал брэнд болж буйг харууллаа.
Өмнөговь аймаг тэмээн сүргийг өсгөх чиглэлээр тэмээ хамгаалах сан, ботгоны мөнгөн урамшуулал, Гиннесийн дэлхийн амжилт тогтоох 1108 тэмээний уралдаан зэрэг бодлогын олон арга хэмжээг хэрэгжүүлээд байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологдсоноос өмнөговьчууд хамгийн олон тэмээ буюу 155.900 тэмээ тоолуулж улсдаа тэргүүлэхийн зэрэгцээ 2026 онд тэмээний тоо толгойг 160,000-д хүргэх зорилттой байгааг Засаг дарга Н.Энхбат онцлов. Мөн тэмээ судлалын төвийг байгуулсан нь салбарын шинжлэх ухааны суурийг бэхжүүлэхэд чухал алхам болоод байна.
Баярын үеэр Монголын хамгийн өндөр тэмээг олонд нийтэд танилцуулсан нь наадамчдын анхаарлыг ихэд татав. 3.6 метр өндөр, 24 настай Галбын говийн улаан үүлдрийн атан тэмээ нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Х.Оргодолын тэмээн сүргийн нэг бөгөөд тэмээний баярын онцлох “зочин” нь боллоо.

Баяр наадмын хүрээнд “Тэмээ судлал ба хөрөнгө оруулалт” бизнес форум, дөрвөн насны ангиллаар тэмээний уралдаан, “гэрэл зургийн үзэсгэлэн”, “Тэмээтэй сайхан хос” тэмцээн, Ингэний айрагны баяр, “Говийн амт” хоолны өдөрлөг, “Өсөлттэй-Өмнөговь нутгийн үйлдвэрлэгч” үзэсгэлэн худалдаа, тэмээтэй буухиа тэмцээн, мөсөн сурын харвааны УАШТ, шилмэл буур, ингэ болон хурдан тэмээний дуудлага худалдаа зэрэг соёл, спорт, бизнесийн олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

“Тэмээ судлал ба хөрөнгө оруулалт” форумоор дамжуулан тэмээний аж ахуй, бүтээгдэхүүн, шинжлэх ухаан, инновац, хөрөнгө оруулалтын олон улсын туршлагыг хуваалцсан нь арга хэмжээний нэгэн чухал хэсэг байв.


