Манай гаригийн биологийн олон янз байдлын төлөв, эрүүл мэндийг нь илтгэдэг үзүүлэлт бол амьд ертөнцийн индекс юм. Энэ индексийг анх 1998 онд хэвлэсэн бөгөөд сүүлийн 20 гаруй жилийн турш энэ үзүүлэлтээр дэлхий даяар олон мянган хөхтөн амьтан, шувуу, загас, хоёр нутагтан, хэвлээр явагчдын тоо толгойг тогтоож иржээ. Үүнийг тооцохдоо 1970 оноос хойш дор хаяж хоёр жил ажиглалт, бүртгэл хийсэн зүйлүүдийн өгөгдлийг ашигладаг. Одоогоор хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загасны 21 мянга гаруй популяцид гарч буй өөрчлөлтийг тандах боломжийг бидэнд олгоод байна. Харамсалтай нь, дэлхий дээрх олон төрлийн амьд организм, тэдгээрийн тоо толгой хурдан цөөрч, зарим нь устаж байна. Жишээлбэл, зэрлэг амьтдын тоо толгой санаанд оромгүй их хэмжээгээр буюу 1970-2020 оны хоорондох 50 жилийн хугацаанд 73 хувиар буурчээ.
Түүнчлэн дэлхий дээр амьдрахад тохиромжтой нийт газрын 40 хувийг (4.2 тэрбум га) хүн төрөлхтнийг хоол хүнсээр хангахад ашиглаж байгаа бөгөөд хөдөө аж ахуйн бүх эдэлбэр газрын 82 хувь нь бэлчээр, малын тэжээл тариалахад ашиглагдаж байна. Хэрвээ бид өөрсдийгөө, оршин суугаа эх дэлхийгээ аврахыг хүсэж байгаа бол байгаль орчноо хамгаалах нь хамгийн чухал бөгөөд 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчийг гурав дахин, эрчим хүчний үр ашгийг хоёр дахин нэмэгдүүлж, хөнгөн даацын автомашины 20–40 хувийг цахилгаан автомашинаар сольж, эрчим хүчний сүлжээгээ шинэчлэх шаардлагатай.
Жилээс жилд бид байгалиа доройтуулж, нөөцийг нь багасгаж байгаа нь хүн төрөлхтөн өөрийнхөө ирээдүйн амьдралын баталгааг бууруулж байгаа хэрэг юм. Хэрвээ бид байгалиа хамгаалж, нөхөн сэргээж байх юм бол эх дэлхийгээ #аврах_боломжтой. ![]()
“Ногоон хөгжил” сэтгүүл, 2025 оны 01 дүгээр сарын тусгай дугаар
Эх сурвалж: Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)


