Нийслэл хотын 204 мянга гаруй өрхийн 44 хувь нь гэр хороололд амьдардаг.
Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын хүрээнд өрх бүр цахилгаан үйлдвэрлэгч болох зорилтыг дэвшүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл 20 к Вт хүртэлх нарны хавтан, батарейн системийг сүлжээнд хялбар, шууд холбож, зөвшөөрөл олголтыг хялбаршуулснаар, илүүдэл цахилгаанаа сүлжээнд нийлүүлж, орлого олох боломжтой болох юм.
Тодруулбал, 10 мянган айл 5-10 кВт-ын нарны панель, батарей тавихад 50-100 МВт хүчин чадал бүхий шинэ эх үүсвэр бий болно гэж үзжээ. Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны иргэн Б.Ууганжаргалынх, өдгөөгөөс хоёр жилийн өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж, эрчим хүчний ногоон эх үүсвэрээр өрхийн тог, дулааны хэрэглээгээ бүрэн шийдсэн байна. Түүнчлэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын хүрээнд, нарны хавтанд хуримтлуулсан эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлж, илүүдэл эрчим хүчнээсээ орлого олох боломжтой нийлүүлэгч болсон нь энэ юм.
Ногоон эрчим хүчийг айл өрхийн хэрэглээнд нэвтрүүлснээр түлшинд дугаарлах, тог тасрах эрсдэлгүй, цахилгааны зардлаа эрс багасгаж, хэмнэлттэй төдийгүй ухаалаг сонголт болсон гэдгийг иргэн Б.Ууганжаргал онцлов.
Энэ мэтчилэн нарны хавтангаар цахилгаан, дулаанаа шийдсэн тус дүүргийн 68 өрх эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлэх боломжтой болсон байна.


