Ажлын цагаас илүү үр дүнг чухалчилдаг шинэ ажлын соёл руу дэлхий шилжиж байна. Тэгвэл ажлын дөрвөн өдрийн хэв маяг нь зөвхөн ажилтнуудын тав тухын тухай асуудал бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нэг шийдэл байж болох уу?
Бельги улс бол долоо хоногийн дөрвөн өдөр ажиллах хуваарьт албан ёсоор шилжсэн анхны орон. Тус улс 2022 онд энэ талаар хуульчилсан бөгөөд ингэхдээ нийт ажлын цагийг бууруулахгүй, өдөрт ажиллах хугацааг уртасгах хувилбарыг сонгосон байна. Өмнө нь ажилтнууд долоо хоногийн таван өдөр 09-17 цагийн хооронд ажилладаг байсан бол шинэ зохицуулалтаар дөрвөн өдөр 09-19 цагийн хооронд ажиллах боломжтой болжээ.
Ажлын өдрийг цөөлөх нь бидний төсөөлснөөс ч өргөн хүрээнд нөлөөлдөг болохыг энэ талаар хийгдсэн олон улсын томоохон туршилтуудын үр дүнгүүд харуулжээ. Тухайлбал, “4 Day Week Global” байгууллагын зохион байгуулсан олон улсын туршилтад 35 орны 2000 гаруй компани оролцжээ. Тэд долоо хоногийн дөрвөн өдөр ажиллах горимд шилжсэнээр
байгууллагуудын орлого дунджаар найман хувиар өсөж, ажилчдын стресс болон ажлаас шантрах хам шинж 64 хувиар буурсан байна.
Үүний дараа олон компани ажилласан цагийг бус, ажлын үр дүнг илүү чухалчлах шинэ загварт шилжих болжээ. Мөн туршилтад оролцсон компанийн ажилчдын 92 хувь нь дөрвөн өдрийн ажлын горимыг цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байна.

Эдгээрээс харахад ажлын нэг өдрийг хасах нь шууд утгаараа үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжлөөс хойш суух тухай биш, ажиллах арга барилыг өөрчлөх тухай ойлголт болж таарч байна.
Түүнчлэн ажилчид оффист өнгөрүүлэх цагаа багасгаснаар өдөр тутмын зорчих хөдөлгөөн буурч, нийтийн болон хувийн тээврийн хэрэглээ багасдаг. Энэ хүрээнд
нүүрстөрөгчийн ялгарал 20 гаруй хувиар буурч, оффисын цахилгаан, дулаан, бусад нөөцийн хэрэглээ багассан нь хүлэмжийн хийн ялгаралыг бууруулахад ч үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.
Ийнхүү ажлын дөрвөн өдрийн загвар нь зөвхөн ажилтны амралтын биш, тогтвортой хөгжлийг дэмжих нэг хүчин зүйл болж байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 20 гаруй оронд ажлын дөрвөн өдөртэй болох зохицуулалтыг туршиж байна. Идэвхтэй нэвтэрч буй энэхүү шинэ арга барил ирээдүйд ажлын орчинд “хэдэн цаг суусан бэ?” гэхээс илүү “ямар үр дүн бүтээв?” гэдэг асуултыг үлдээх болно. Энэ бүхнээс харахад бидний дуртай баасан гараг ч мөн тэтгэвэртээ гарч, оронд нь эх дэлхийн амьсгалах өдөр нэгээр нэмэгдэж болох юм.


