Үнэгүй хүргэлт “үнэгүй” биш
“Үнэгүй хүргэлт” бол хэрэглэгчдийг татдаг “гоё” үгний нэг яах аргагүй мөн. Сонирхсон бараа нь утсан дээр гарч ирвэл хуруугаараа товшоод л хэдхэн цагийн дараа хаалган дээрээ хүргүүлээд авна. Энэ бүх үйлчилгээний төлөө ямар нэг нэмэлт төлбөр төлдөггүй гэж бид боддог. Гэвч бодит байдал дээр үнэгүй хүргэлт үнэхээр байдаг нь эргэлзээтэй.
Шуудхан хэлэхэд, хүргэлтийн үйлчилгээ үнэгүй байдаггүй бөгөөд зардал нь ил харагдахгүй шингэсэн байдаг. Заримдаа барааны үнэд, харин хамгийн том зургаар нь харвал байгаль орчинд шингэж байдаг.
Тухайн захиалга хэрэглэгчид хүрэх хүртлээ олон шат дамжлага туулдаг. Агуулахаас ангилалтын төв, тэндээс дахин түгээлтийн сүлжээ, эцэст нь хүргэлтийн машинд ачигдан хэрэглэгчийн гарт очдог. Энэ бүх процесс бүрт шатахуун, эрчим хүч, сав баглаа боодол оролцож, тус бүрдээ тодорхой хэмжээний зардал шингээдэг.
Ялангуяа “маргааш хүргэнэ”, “өнөөдөр хүргэнэ” гэх мэт шуурхай хүргэлтийн үйлчилгээ нь тээвэрлэлтэд илүү их ачаалал үүсгэдэг. Олон захиалгыг нэг дор нийлүүлэх боломж багасаж, тус бүрийг нэг бүрчлэн тусад нь хүргэх шаардлага тулгардаг. Үүний үр дүнд илүү олон тээврийн хэрэгсэл замд гарч, түлш зарцуулалт, дагаад агаарын бохирдол, замын түгжрэл нэмэгддэг.

Мөн хүргэлтийн системд сав баглаа боодол чухал үүрэгтэй. Нэг барааг хүргэхийн тулд олон хайрцаг, хуванцар, дүүргэгч материал ашигладаг. Тэр нь хэрэглэгчид хүрсний дараа шууд хог болдог. Хүргэлтийн тоо нэмэгдэх тусам энэ төрлийн хог хаягдал дагаад өснө.
Үүнээс гадна буцаалтын асуудал бий. Онлайн худалдан авалт нэмэгдэхийн хэрээр авсан бараагаа буцаах нь түгээмэл болсон. Гэвч буцаасан барааг дахин тээвэрлэж, савлаж, эсвэл зарим тохиолдолд шууд хаягдах нь ч бий. Энэ нь хүргэлтийн “нуугдмал” зардлыг бий болгодог.
Түүнчлэн “үнэгүй хүргэлт” гэх ойлголт хэрэглэгчдийн зан төлөвт ч нөлөөлж байна. Учир нь, хүмүүс нэг дор олон бараа авахын оронд жижиг, олон удаагийн захиалга хийж, хэрэгтэй эсэхээ сайн бодолгүй худалдан авах нь ч нэмэгджээ. Энэ нь нийт хэрэглээг өсгөж, логистикийн ачааллыг улам нэмэгдүүлж байгаа юм.
Иймээс “үнэгүй хүргэлт” нь үнэндээ хэн нэгний (үйлдвэр, байгууллага, хувь хүн) төлж буй зардал юм. Хэрэглэгч дангаараа энэ тойргийг нэг мөсөн өөрчлөх боломжгүй ч худалдан авалтаа нэгтгэх, яаралтай биш хүргэлт сонгох, хэрэгцээгүй захиалгаа багасгах зэрэг энгийн сонголтууд хийснээр нийт нөлөөг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулж чадна.
Эцэст нь хэлэхэд, “үнэгүй хүргэлт” бол маркетингийн ойлголт. Харин бодит байдал дээр түүний өртөг хаа нэгтээ заавал төлөгдөж байдаг- ихэнхдээ бидний амьдарч буй орчинд.
Р.Ренчиндулам



