Олон улсын Эх дэлхийн өдөр өнөөдөр (2026.04.22) тохиож байна. Энэ өдрийг 1970 оноос эхлэн байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх, эх дэлхийгээ хайрлахад иргэдийн ухамсрыг нэмэгдүүлэх зорилгоор дэлхий дахинд тэмдэглэх болсон юм.
Энэ өдөр иргэн та эх дэлхийгээ хамгаалахын тулд юу хийж чадах вэ? Үүнийг маш энгийн үйлдлээс эхэлбэл ямар вэ?
Хэрвээ бид өглөө сэрэхдээ “Өнөөдөр байгальд ээлтэй амьдарна” гэж өөртөө амлавал тэрхүү өдөр огт өөрөөр эхэлнэ. Гар утсаа шалгахын оронд цонхоор харахад цэнгэг агаар, нарны туяа илүү үнэ цэнтэй санагдана.
Өглөөний цайгаа бэлтгэхдээ илүүдэл сав баглаа, боодолтой бүтээгдэхүүнээс зайлсхийж, энгийн, байгальд ээлтэй сонголтыг хийж болно. Дэлгүүр явахдаа гялгар уутны оронд даавуун тор авч явбал энэ нь жижиг мэт боловч утга учиртай алхам юм.
Гадагш гарахдаа автомашин унахын оронд алхах, эсвэл дугуй унавал зөвхөн байгальд төдийгүй эрүүл мэнддээ ч тустай сонголт болно. Замдаа хог хаягдлыг үл тоомсорлохын оронд хогийн саванд хийх ухамсартай иргэн болж ч чадна.
Өдрийн турш “Надад энэ үнэхээр хэрэгтэй зүйл үү?” гэж өөрөөсөө асуух нь илүүдэл хэрэглээг багасгах энгийн боловч хүчтэй арга юм. Хэрэгцээгүй худалдан авалт бүр байгальд дарамт, ачаалал болдгийг ойлгох нь тун чухал.
Ажлаасаа тарахаас өмнө цахилгаан, усны хэрэглээгээ анзаарч, шаардлагагүй гэрлийг унтрааж, нээлттэй крантыг хаах нь бас нэгэн хариуцлагатай үйлдэл. Эдгээр жижиг алхмууд нийлээд илүү том өөрчлөлтийн эхлэл болно.
Ийнхүү нэг өдөр “ногоон амьдралаар амьдрах” нь туршилт байх ёсгүй юм. Энэ бол бидний ирээдүйд хийж буй томоохон хөрөнгө оруулалт байх ёстой. Хэрвээ бид өдөр бүр ийм сонголт хийж чадвал маргаашийн дэлхий илүү цэвэр, илүү эрүүл, илүү амьдрахад таатай байх болно. Бидний жижиг зуршил, том өөрчлөлийг бий болгох болно.
Учир нь, дэлхийг өөрчлөхөд том алхам хэрэггүй. Харин жижиг зөв шийдвэрүүд л хангалттай.



