“Монголын эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” форумд Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “ Говийн Бүс” салбар хуралдаанд оролцож санал бодлоо хэлсэн юм. Тэрээр говийн таван аймгаас уур амьсгал, амьдралын хэв маяг ойролцоо Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгууд Засгийн газрын “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д хамрагдаж байна. Манай аймаг 200 мянгаад хүн амтай бөгөөд уул уурхайд ажиллаж буй хөдөлгөөнт хүн ам олонтой буюу бүртгэлгүй 136 мянга орчим хүн байгаагаас аймгуудаас ихэнх нь нийслэлээс ирсэн иргэд ажиллаж амьдарч байна. Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, хот хөдөөгийн сэргэлт буюу төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хөдөө орон нутагт иргэдийн амьдрах таатай нөхцөл бүрдүүлэх, төрийн албанд залуус тогтвор суурьшилтай ажиллуулах, хотоос хөдөөд шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлж бодлогыг дэмжиж аймгийн хүн амын тоогоо өсгөх, хүний нөөц, боловсон хүчний чадавхийг сайжруулах зорилгоор ялангуяа Улаанбаатар хотоос манай аймагт ажиллаж байгаа иргэдийг бид албан ёсоор бүртгэж авах сонирхолтой байдаг. Шилжин суурьшихаар ирэх иргэдэд газар олгох асуудал нээлттэй. Даланзадгад хотод ч газар хомс биш. Харин орон сууцны хувьд өндөр өртөг зах зээлийн жамаар өртөг нь өсөж байна. Дорноговьд орон сууцны м2 хоёр сая орчим төгрөг байгаа бол манай аймагт гурван сая гарчихаад байгаа нь хүндрэлтэй байгаа тул аймгийн төв болон сумдад төрийн албан хаагчид, багш эмч нар, орлогод багатай иргэдэд зориулсан түрээсийн орон сууц барих, мөн орон сууцны үнийг бууруулах “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж нэг сард 300 000 төгрөг төлж үндсэн үнээс нь хасаж орон сууцжуулах бодлого явуулж байна. Боловсон хүчин хүний нөөцийн хувьд манай аймгийн ихэнх боловсон хүчин уул уурхай руу явчихдаг юм. Өмнөговь аймаг 6000 гаруй төрийн албан хаагчидтай. Ажилтнуудаа тогтвортой ажиллуулахын тулд цалинг нэмэх шаардлагатай байдаг. Багш, эмч нар нилээд дутагдаж ирсэн бөгөөд багш нарын цалинг хоёр саяд хүргэснээр багшлах боловсон хүчин хэвийн хэмжээнд хүрсэн ч эмч нарын орон дутуу хэвээр байна. Хошигнож хэлэх юм бол ёстой л Дэмчигийн хийдийн лам нар хүртэл уул уурхай руу хошуурч байна даа. Өмнөговьд 15 уурхай ажиллаж байна. Эдгээр уурхайнууд нийгмийн хариуцлага, байгаль, нөхөн сэргээлт зэргээр харилцан адилгүй байдалтай үйл ажиллагаа явуулдаг. Манай аймгийн баруун гурван сум БНХАУ-аас эрчим хүч импортоор авч хэрэглэдэг бөгөөд цахилгаан, эрчим хүчний үнийн зөрүүг ОюуТолгой, ЭТТ, Таван Толгой зэрэг уурхайнууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төлдөг юм. Өнгөрсөн 2023 онд Өмнөговь аймаг 456 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулсан. Эрүүл хүнсний ногоо, “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд манай аймагт ялангуяа цөлжсөн бүсүүдэд нилээд их хэмжээгээр ногоо, мод тарих шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа билээ. Манайд маш их тулгамдаж байгаа асуудал бол усны нөөцийн асуудал болоод байна. Нэг сум өнгөрсөн жил усны нөөц нь шавхагдсан байдалтай болж дээр дооргүй маш их сандралдсан. Цаашдаа манай эрдэмтэн усны мэргэжилтэн судлаачид БОАЖЯ-наас судалгаа шинжилгээний дорвитой ажлуудыг хийх шаардлагатай байна. Түүнчлэн манай зарим сумдуудад малаа услах ус хүрэлцэхгүй шахам нөхцөл байдал үүсчихсэн байгаа. Тэгэхлээр гадагш урсаж буй гол мөрнүүдийг усыг урагш таваас арван хувиар татаж усжуулж чадвал дэд бүтэц, аж үйлдвэр хөгжих нөхцөл байдал бүрдэнэ гэж үзэж байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд бид илүү анхаарч амьжиргаа, амьдралын чанарыг хувийн хэвшил л дээшлүүлж чадна шүү дээ. Манай аймгийн Оюу-Толгойд бүтээгдэхүүн нийлүүлдэг жижиг дунд үйлдвэрүүд нэгдэж үйлдвэрлэлийн парк байгуулсан. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өнгөрсөн жил зээл зарласан ч бүрэн гүйцэд авахгүй мөнгөн дүн сангийн хувьд үлдэцтэй явж байна. ХХААҮЯ-наас тавьж буй шалгуур үзүүлэлтүүд хэт өндөр байгаатай холбоотой болов уу. Тиймээс энэ онд гурван тэрбум хүртэл бууруулаад байна. Хүн амын орлогын татвар 100 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 40 хувь нь тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж буй засаг захиргааны нэгжийн төсөвт ордог бөгөөд бид цаашид хариуцлагатай уул уурхай, өндөр технологи хүнд, хөнгөн үйлдвэрлэлд суурилсан нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хөгжихөөс гадна говийн экосистем, унаган төрх, эртний амьтан ургамалын үлдэгдэлд түшиглэсэн археологи, палеонтологийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд говийн аймгууд хоршин хөгжих боломжтой байна хэмээн Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж онцолсон юм.