Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн мөнгөн урамшуулал олгодог зохицуулалт олон улсад байдаг. Ногоон орчныг дэмжих хүрээнд сэргээгдэх эрчим хүч хэрэглэж буй айл өрхүүдэд нэмэлт орлого олох боломж бүрдүүлэх тогтолцоо дэлхийн олон оронд нэвтэрчээ. Монгол Улсад ч мөн энэ боломж байгаа бөгөөд өнгөрсөн оны өвлийн улиралд таван айл нүүрс түлэлгүйгээр нарны эрчим хүчийг ашиглан цахилгаан, дулаанаа шийдэхэд өрх тус бүр эрчим хүчний зардлаа 70 хувь хүртэл хэмжээнд бууруулж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулсан хэмжээнийхээ зөрүүгээр оноо цуглуулан 500 орчим ам.долларын нэмэлт орлого олох боломжтой гэсэн тооцоо гарчээ. Гэвч манай улсад хууль, эрх зүйн орчин байхгүй тул урамшуулал авах боломж хараахан бүрдээгүй байна. Иймд Монгол Улсад анх удаа Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль боловсруулан, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.Нийслэлийн зүгээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран 70 гаруй айлд сэргээгдэх эрчим хүчээр дулаан, цахилгаан шийдэх туршилт хийх юм. Туршилтууд эхнээсээ амжилттай болж буй тул илүү үр дүнтэй болгохын тулд нийслэлийн холбогдох байгууллагууд болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яамнаас хамтарсан Ажлын хэсэг гаран Уур амьсгалын өөрчлөлтийн тухайн хуулийн төслийг боловсруулж байна. Уг хууль батлагдвал сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжсэн, нэмэгдүүлсэн айл өрх, албан газар жил бүр нэмэлт орлого олох боломж бүрдэх юм байна..