Хүн төрөлхтөн сансрыг сонирхон судалж эхэлсэн цагаасаа хойш уудам огторгуйд тэмүүлэх хүсэл мөрөөдөл нь зөвхөн шинэ гараг нээх, сансарт хүн илгээхээр хязгаарлагдсангүй. Өнөөдөр сансрын технологи нь эх дэлхийг илүү сайн таньж мэдэх, байгаль орчны өөрчлөлтийг ажиглах, уур амьсгалын эрсдэлийг үнэлэх чухал хэрэгсэл болжээ.
Жил бүрийн аравдугаар сарын 4–10-ны өдрүүдэд “Дэлхийн сансрын долоо хоног”-ийг тэмдэглэдэг. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1999 онд хүн төрөлхтний амьдралын нөхцөлийг сайжруулахад сансрын шинжлэх ухаан, технологид оруулж буй хувь нэмрийг онцлох зорилгоор энэ өдрүүдийг зарлажээ.

1957 оны аравдугаар сарын 4-ний өдөр хүн төрөлхтөн анхны хиймэл дагуул “Спутник-1”-ийг сансарт хөөргөсөн бол нэг арваны дараа буюу 1967 оны аравдугаар сарын 10-нд сар болон бусад тэнгэрийн биетийг энх тайвны зорилгоор судлан ашиглах үндсэн зарчмуудыг тогтоосон Сансрын гэрээ хүчин төгөлдөр болсон учраас жил бүр энэ хугацааг сансрын долоо хоног болгон тэмдэглэдэг учиртай.
2026 оны Дэлхийн сансрын долоо хоногийн сэдэв нь “Пуужингийн хувьсгал” юм. Тус сэдвийн хүрээнд сансарт хүрэх боломж, технологи хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг онцолно. Пуужин хөөргөх өртөг буурч, сансарт хүрэх боломж нэмэгдэхийн хэрээр сансрын салбар зөвхөн цөөн хэдэн улсын хүрээнд бус, хувийн компани, гарааны бизнес, их сургууль болон шинэ оролцогчдод нээлттэй болж байна.

Энэ оны арга хэмжээнд дэлхийн 100 оронд сансрын шинжлэх ухаан, технологийг олон нийтэд таниулах, хүүхэд залуусын шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн чиглэлийн сонирхлыг нэмэгдүүлэх олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Европын Сансрын Агентлаг, Pokémon компани, НАСА-гийн Кеннеди сансрын төв зэрэг байгууллагууд үзэсгэлэн, танин мэдэхүйн хөтөлбөр зохион байгуулах бол олон орны сурагчид загвар пуужин хөөргөх үйл ажиллагаанд оролцоно.
Сонирхуулахад, өнгөрсөн жил уг долоо хоногийн хүрээнд дэлхий даяар 50 мянга гаруй арга хэмжээ зохиогдсон байна. Харин ирэх жил уг арга хэмжээ нь “Сар луу хүрэх нь” сэдвийн хүрээнд явагдах аж.
Сансраас дэлхийг хамгаалах нь

Ой модны хомсдол, усны нөөц, мөсөн бүрхүүлийн өөрчлөлт, тариалангийн талбайн доройтол зэрэг үзэгдлийг олон жилийн хугацаанд харьцуулан ажиглахад дэлхийн тойрог замд ажиллаж буй хиймэл дагуулууд асар чухал үүрэг гүйцэтгэдэг.
Жишээлбэл, ойн нөөцийн өөрчлөлт, мод бэлтгэл, түймэр болон газар ашиглалтын өөрчлөлтөөс шалтгаалсан хомсдолыг сансрын зураг ашиглан илрүүлэх боломжтой. Үүний зэрэгцээ түймэр гарсан бүс нутгийг тодорхойлох, гамшгийн дараах байгаль орчны өөрчлөлтийг үнэлэхэд хиймэл дагуулын мэдээллийг ашигладаг.
Хиймэл дагуулууд дэлхийн гадаргын температур, мөсөн бүрхүүл, далайн түвшин, үүлшилт, агаар мандлын үзүүлэлт зэрэг олон төрлийн мэдээллийг цуглуулахад мөн тустай. Эдгээр мэдээлэл нь уур амьсгалын өөрчлөлтийн богино хугацааны үзэгдлийг олон жилийн турш харьцуулан судлахад өндөр үр өгөөж үзүүлдэг. Ингэснээр бид өөрчлөлтийг зөвхөн мэдрэх бус, хэмжиж, харьцуулж, цаашдын чиг хандлагыг тодорхойлох боломж нэмэгдсээр байгаа юм.
Сансрын уудамд хүн төрөлхтний хийж буй судалгаа, шинжилгээ нь эх дэлхийгээс холдох гэсэн эрмэлзэл бус харин бидний хөл дорх газар шороо, ууж буй ус, амьсгалах агаар, байгаль дэлхийгээ илүү сайн танин мэдэх, хамгаалах боломжийг нээж буй дэвшилтэт технологийн нэг юм.


