Буурал тоншуул:
Өд сөдний өнгө нь ойрын холбоотон болох ногоон тоншуултай их төстэй. Буурал тоншуулын ар нуруун хэсэг нь ногоон, өвөр хэсэг нь шардуу туяатай цайвар саарал байна. Саарал толгой, хар сахалтай, эрэгчин нь улаан залаа титэмтэй. Ногоон тоншуулаас арай богино хүзүү, нарийн хошуу, үл мэдэг бөөрөнхийдүү биетэй болно. Буурал тоншуул нь 25-28 см урт бөгөөд 130-180 гр жинтэй.
Энэ шувуу нь навчит ба холимог модот ойд амьдардаг. Тавдугаар сард 5-10 өндөг гаргаж эцэг эх хамтран ангаахайгаа өсгөдөг. 15-17 хоноод өндөг хагаран ангаахай гарах ба 28 хоноод нисэж сурдаг.
“Ойн эмч” гэгдэх буурал тоншуул нь холтосны цаадах өт, хорхойг сонсож мэдээд хүчирхэг хошуугаараа цоолон, урт хэлээрээ татан гаргаж иддэг. Урт хэл нь толгойны ясыг нь доргилтоос хамгаалж гавлаа ороосон бүтэцтэй байдаг.
Адууч чогчиго:
Энэ бол Намнаахайнхан овгийн жижиг шувуу юм. Тэд Европ болон Азид хамгийн өргөн тархсан байдаг. Адууч чогчиго нь нүүдлийн шувуу бөгөөд шавьж идэштэн. Биеийн урт нь 14.5-16 см, эрэгчин, эмэгчин хоёул цагаан ууц, сүүлтэй, сүүлний үзүүр хэсэгт хошуулдсан хар хэсэгтэй.
Хадны завсар зайд үүрээ засаж, 5-6 өндөг гаргах ба 14 хоног дарсны дараа ангаахай болдог.
Адууч чогчигыг зурам үүрнээсээ гарч ирэх үед нуруун дээр нь суучихаад унаж явдаг элдэвтэй шувуу гэдэг. Мөн Адууч чогчиго мэрэгчдийн нүхэнд ч үүрлэх нь бий. Хаашаа нисчихэв гэмээр гэнэт алга болчихвол нүхэндээ орчихсон нь тэр дээ.
Борцгор хотон:
Ховордлын зэргээрээ мазаалай баавгайн дараа орох манай орны хамгийн том усны шувуу юм. Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-ны ангиллын “устаж байгаа” зүйлд хамаарна. Хотон шувуу манай орны Ховд, Увс зэрэг баруун аймгийн цэнгэг уст Хар Ус, Айраг нуурт нутаглаж өндөглөдөг бөгөөд өвөлдөө Хятадын зүүн өмнөд хэсэг, Хонконгийг зорьдог байна.
Хар-Ус нуур нь дэлхий дээрх борцгор хотонгийн Зүүн Азийн популяцын үржлийн чухал нутаг гэж судлаачид тодорхойлдог. Мөн борцгор хотонгийн тоо толгой нь Монгол орны хэмжээнд 110-120 гэж судлаачид тогтоожээ.
Хотон шувууны хошууны урт 37-45 см буюу их урт тул хурдан морины хусуур хийж эдэлж, хэрэглэх зорилгоор хууль бусаар агнах тохиолдол маш олон. Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгаль орчны салбар байгууллагууд, байгаль хамгаалагч нар “Ховдын бэлгэдэлт хотон шувуугаа хамгаалцгаая” уриалга дэвшүүлэн ажиллаж буй.