Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Засгийн газар хоорондын Олон улсын мэргэжилтний хороо (УАӨМХ)-ны саяхан гаргасан зургадугаар илтгэлд дэлхийн агаар мандлын дундаж температур сүүлийн арваад жилд аж үйлдвэрийн хувьсгалын эхэн үе буюу 1850-1900 оны дунджаас даруй 1.1 хэмээр нэмэгдэж, дэлхийн дулааралт эрчимжиж байгааг бодит баримтаар харуулсан. Уур амьсгалын өөрчлөлт (УАӨ)-ийн голлох шалтгаан болж байгаа хүлэмжийн хий буюу нүүрстөрөгчийн давхар ислийн агаар дахь агууламж сүүлийн хоёр сая жилийн хугацаанд байгаагүй хэмжээгээр нэмэгдсэн бол эх газрын мөнх цас, мөсөн гол зэрэг мөстлөгийн хэмжээ сүүлийн 2000 жилд, харин Арктикийн мөсөн бүрхүүл сүүлийн 1000 жилд байгаагүй хэмжээгээр багассан байна.
Монгол Улсад цаг агаарын тогтмол ажиглалт, хэмжилт хийж эхэлсэн 1940-өөд оноос хойших 80 гаруй жилийн хугацаанд агаарын дундаж температур 2.4 хэмээр нэмэгдэж, хур тунадасны дундаж хэмжээ 6.4 хувиар буурчээ. Хүн амын сууршил сийрэг говь нутгаар гэхэд сүүлийн 20-иод жилд нүүрсхүчлийн хийн агууламж 16.5 хувиар өссөн байна.
Эдгээр тоон үзүүлэлтийн цаана улс орны хөгжил, хүний амьдрал ахуйд нөлөөлөх ямар өөрчлөлт гарч, ямар үйл явдал болж байгааг харуулах зарим жишээг дурдъя.
Зөвхөн 2021 оны 7-8-р сард дэлхийн бараг бүх тивд халалт, хуурайшлын улмаас ой, хээрийн түймрийн голомт үүссэний нэг болох Сибирийн түймрийн утаа Монголын ихэнх нутгийг бүрхэж байв. Гэтэл зэрэгцээд үер усны аюул болж, зөвхөн долдугаар сард дөрвөн тивийн 385 газар нутагт буусан үер, хөрс гулгалтын улмаас 920 гаруй хүн амь насаа алджээ. АНУ-ын зарим мужид наймдугаар сард хар салхи газардахад хурд нь секундэд 60 метрийг давж байжээ. Нийт найман мужийг дайрсан Айда хар салхины уршгаар 60 гаруй хүн эндсэн байна. Ил задгай тал нутагт гэр мэтийн хөнгөн сууц барьж амьдардаг монголчуудын хувьд төсөөлөхөд ч бэрх ийм хүчтэй салхи шуурга болдог бүс нутаг хаяагаа тэлж ойртохыг үгүйсгэх аргагүй юм.
Хөрш зэргэлдээ БНХАУ-ын Хэнан мужид мөн оны долдугаар сард үер усны гамшгийн улмаас ганц хоёр өдрийн дотор 300 гаруй хүн амь насаа алдан олон арван хүн ор сураггүй болж, манай улсын хүн амын талтай тэнцэх тооны хүнийг нүүлгэн шилжүүлж байв. Усанд автаж, эвдэрсэн тариа, ногооны талбай 580 мянган га-д хүрч (Монгол Улсын 2021 онд нийт тариалсан талбай нь 640 мянган га), эдийн засгийн шууд хохирол нь 18 тэрбум ам.долларт хүрсэн. Монгол орны тухайд 2021 оны зун хур бороо элбэг, хадлан бэлчээр сайн, тариа ногооны ургац арвин байх нөхцөл бүрдсэн боловч хэд хэдэн газар үер бууж, үер усанд эндсэн хүний тоо 40 дөхсөний дотор найман хүүхэд эндсэн харамсалтай тоо баримт байна.
УАӨМХ-ны дээр дурьдсан илтгэл болон бусад судалгаа, тооцооноос үзэхэд нөхцөл байдал цаашид улам хүндрэх дүр зураг гарч байгаа юм. Тэртээ XVIII зууны сүүлчээс эхэлсэн дэлхийн дулаарлыг хүн төрөлхтөн анзаараагүй явж ирсэн гэвэл үгүй. Хүлэмжийн хийн дулааруулах нөлөөний талаар 2009 оны үеэс ярьж, уур амьсгал судлалыг шинжлэх ухааны нэг салбарын хэмжээнд 1940-өөд оны сүүлчээс авч үзэх болсон.
Гагцхүү шинжилгээ судалгааны хүрээнээс төдий л халилгүй, эргэж буцах үелэлтэй хэлбэлзлэлийн хэмжээнд төсөөлж цаг алдсан гэхэд хилсдэхгүй юм. Гэхдээ 1950-аад оны сүүлчээс нүүрсхүчлийн хийн ажиглалтын анхны станцыг байгуулж, “Олон улсын геофизикийн жил” нэрийн доор судалгааны ажлыг эрчимжүүлж, хиймэл дагуул хөөргөх, тоон боловсруулалт хийх, тооцоолох техникийг судалгаа, шинжилгээний болон цаг агаарын мэдээллийн практик үйл ажиллагаанд нэвтрүүлэх зэрэг ажлын эхлэл тавигдсан байна. Түүнчлэн улс орнуудын хүчин чармайлтыг нийтлэг эрх ашгийн төлөө нэгэн зүгт чиглүүлэх, үүний тулд хүч бололцоогоо нэгтгэх хэрэгцээ, шаардлага ч гарснаар эдийн засаг, техник технологоор тэргүүлэгч гүрнүүд цаг уурын шинжилгээний зориулалттай хиймэл дагуул хөөргөж, мэдээ мэдээллийг нь дэлхий нийтээрээ ашиглах боломж олгож эхэлсэн.
Дэлхийн II дайны дараа НҮБ хэмээх нэн чухал үүрэг бүхий томоохон байгууллага бий болсон ч хүйтэн дайны үеийн үзэл суртлын суурин дээр баруун-зүүн болон талцаж, “үй олноор устгах зэвсэг”, “цөмийн дайны аюул” гэх мэтийг ярьсаар хугацаа алдсан гэвэл бас үнэний ортой юм. Одоо энэ хуваагдал бүдгэрч, харин хөгжлийн түвшингээрээ умард-өмнөд хэмээн ялгарч байгаа ч хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийн асуудлыг нэг өнцгөөс харах цаг тулсан гэдгийг дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, өнөөгийн цар тахлын нөхцөл байдал бэлхнээ харуулж байна.
1961 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1721-р тогтоолоор Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-д чиглэл өгч, дэлхийн агаар мандлыг судлах, төлөв байдлын өөрчлөлтийг хянах зорилго бүхий Дэлхийн цаг агаарын алба (World Weather Watch)-ыг байгуулсан. 1974 оны НҮБ-ын Ерөнхий Ассемблейн VI тусгай чуулганаас уур амьсгалын өөрчлөлтийг судлах тусгайлсан үүргийг ДЦУБ-д өгсний дагуу байгуулагдсан шинжээчдийн багийн илтгэл 1977 онд гарч, түүнд “дэлхийг бүхэлд нь хамарсан хүйтрэл болно” гэсэн цуу яриа худал болохыг, харин эсрэгээр дулаарах магадлалтай гэсэн төсөөлөл дүгнэлтийг дурдсан байв.
1979 онд Дэлхийн уур амьсгалын анхдугаар бага хурал хуралдаж, одоогийн Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөр (ДУАӨХ ) буюу World Climate Program хэрэгжих эхлэл тавигдсан. 1987 онд ДЦУБ-ын ээлжит их хурлаас (WMO Congress) зөвлөмж болгосны дагуу тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Проф.П.Обаси, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (НҮББОХ)-ийн тухайн үеийн Гүйцэтгэх захирал Док.М.Толба нар зөвшилцөн Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хороо (УАӨМХ) буюу Intergovernmental Panel on Climate Change (IPCC) хэмээх байгууллагын суурийг 1988 онд тавьсан. Анхны илтгэлээ 1990 онд гаргаж байсан энэ байгууллага саяхан зургадугаар илтгэлээ гаргаж, УАӨ-ийн дэлхий нийтийн болон бүс нутгийн чиг хандлагыг тодорхойлж, хүн төрөлхтнийг болзошгүй сүйрлийн ирмэг рүү дөхөхөөс сэргийлэх арга хэмжээний шинжлэх ухааны үндэслэл, нэгэнт бодит болж буй шинэ нөхцөл байдалд гарз хохирол багатай дасан зохицох арга хэмжээний зүг чигийг гаргах нэн хариуцлагатай ажлыг гүйцэтгэж байна. Тус байгууллага 2007 онд Нобелийн Энхтайваны шагнал хүртсэн нь үйл ажиллагааных нь үнэ цэнийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч, дэмжиж байгаагийн нэг тод илрэл юм.
1990 онд Дэлхийн уур амьсгалын хоёрдугаар Бага хурлаар ДУАӨХ-ийн биелэлт, УАӨМХ ны илтгэлийн талаар хэлэлцэж, НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (УАӨСК буюу United Nations Framework Convention on Climate Change (UNFCCC) бий болоход чухал үүрэг гүйцэтгэсэн.
Тус хурлаас гаргасан тунхаглалд Дэлхийн Уур амьсгалын ажиглалтын тогтолцоо (ДУААТ) буюу Global Climate Observing System (GCOS) байгуулах нь нэн чухал болохыг тэмдэглэсний дагуу эх газар (Global Terrestrial Observing System), далай тэнгисийн (Global Ocean Observing System) бие даасан бүрэлдэхүүн бүхий өргөтгөсөн том тогтолцооны төлөвлөгөөг 1995 онд эцэслэж, өнөөг хүртэл амжилттай хэрэгжүүлж ирсэн нь УАӨ-ийн нөхцөл байдлыг үнэн зөв үнэлэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
1990 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 45-р чуулганы шийдвэрээр УАӨСК-ийн төсөл дээр ажиллах Засгийн газар хоорондын хороо (Intergovernmental Negotiating Committee) байгуулсан нь үр дүнгээ өгч, 1992 онд Бразилд хуралдсан Дэлхийн Дээд хэмжээний чуулганд (Earth Summit) 166 улс, түүний дотор Монгол Улс гарын үсэг зурсан юм. 1994 оны гуравдугаар сарын 21-нээс хүчин төгөлдөр болсон эл конвенцэд өдгөө 197 улс нэгдээд байна.
УАӨСК-ийг хэрэгжүүлэх олон улсын хэмжээний хууль эрхийн зохицуулалт бүхий анхны бичиг баримт болох Киотогийн протоколд улс орнууд 1998 оны гуравдугаар сард гарын үсэг зурсан боловч долоон жилийн дараа, 2005 оны хоёрдугаар сарын 16-нд хүчин төгөлдөр болсон. Нэр заасан хөгжингүй улсууд 1990 оны түвшнээс хүлэмжийн хийгээ таван хувиар бууруулах үүрэг хүлээсэн ч “эдийн засагт нөлөөлнө” гэх шалтгаанаар цааргалж хожуу нэгдсэн болон огт нэгдээгүй учир хүлээсэн үр дүнд хүрээгүй, улмаар нэмэлтээр тогтоосон шинэ хугацаа нь 2020 онд дуусгавар болсон билээ. Түүний буухиаг үргэлжлүүлэх Парисын хэлэлцээр нь улс орнуудыг хөгжлийн түвшингээр нь ялгаагүй, хатуу тогтоосон үүрэг хүлээлгээгүй боловч тогтоон барих температурын босгыг заавал хоёр, болж огвөл 1.5 хэм гэж заасан юм. Уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг буурай хөгжилтэй, жижиг арлын улс орнуудад тулгарч буй бэрхшээлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх 100 тэрбум ам.долларын санг 2020 он гэхэд үүсгэх зэрэг амаргүй заалтууд орсон, хуультай дүйцэх хэмжээний баримт бичиг юм. Гэвч Парист хуралдсан УАӨСК-ийн талуудын 21-р бага хурлын хаалтын өдөр буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 12-нд хуралд оролцсон 196 улс санал нэгтэйгээр түүнийг “Парисын хэлэлцээр” нэртэйгээр баталсан юм.
Түүгээр ч барахгүй уг хэлэлцээр нь бараг жил хүрэхгүй хугацааны дотор буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 4-нд хүчин төгөлдөр болсон билээ. Парисын Хэлэлцээр (ПХ)-т нэгдсэн улс орнуудын хүлэмжийн хий бууруулах амлалт, үүрэг одоогийн байдлаар дээр дурьдсан температурын босгын шаардлагыг хангахад яагаад ч хүрэхгүй байгаа учир цар тахлын улмаас өнжсөн талуудын ээлжит 26-р бага хурлыг Глазго хотноо 2021 оны арваннэгдүгээр сарын 1-12-нд хуралдуулж, улс орнуудыг “Тодорхойлсон хувь нэмэр” (National Determined Contribution) гэсэн зорилтоо ахиулж, нэмүү үүрэг амлалт авахыг уриалж байна.
Монгол Улс эл конвенц, түүнийг хэрэгжүүлэх протокол болон хэлэлцээрийг боловсруулах, албажуулах хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, цаг алдахгүйгээр соёрхон баталж, хэрэгжүүлэх үе шатны арга хэмжээний үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хүчин чармайлт гаргаж ирснийг тэмдэглэх нь зүйтэй. Ингэснээр Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүний үүргээ биелүүлж байгаа төдийгүй, амьдрах арга, ахуй уламжлал нь байгаль цаг агаарын нөхцөлөөс бүрэн хараат байдгаас шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг улс үндэстний тоонд зүй ёсоор ордогийн хувьд тулгарч буй асуудлаа оновчтой шийдэх арга замаа олоход дэм тус болох том боломжийг нээж байгаа юм.
Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа шинэчилж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг тунхаглан баталгаажуулсан билээ. Нийгэм, эдийн засгийн шилжилтийн 30 гаруй жилийн хугацаанд эдийн засгийн салбарууд, нийгмийн харилцааны олон чиглэлд багагүй ахиц дэвшил гарсан боловч сорилт бэрхшээлүүд хангалттай байлаа. Ололтоо бататгаж, алдаагаа залруулахын тулд саяхан Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсны дотор байгалийн нөөц, нийгмийн оюун санааны баялгаас эрх зүйт төртэй улс орнуудын жишгээр ижил тэгш хүртэх эрхээр иргэдээ хангах зарчмыг тусгаж өглөө.
Сорилт бэрхшээлийн тухайд биднээс шууд хамаарах хүчин зүйлс голлож байгаа боловч биднээс шууд хамаарахгүй, зарим талаар огт хамаарахгүй гэмээр хүчин зүйл бий. Үүний нэг тод жишээ бол дэлхийн уур амьсгалын өөрчлөлт. Мэргэжлийн байгууллагуудаас гаргасан дүгнэлтээс үзвэл сүүлийн 20 гаруй жилд Монгол улсын газар нутаг дээр хур бороо татруу жилүүд үргэлжилж, эрчимтэй дулаарлын улмаас хур тунадасны ууршилт нэмэгдэж, ерөнхийдөө уур амьсгал хуурайших тал руугаа явж байна. Үүний зэрэгцээ зуны бороошилт багасаж, өвөлдөө цасны хэмжээ нэмэгдэх хандлага илэрч, цааш үргэлжлэх магадлалтай байгаа нь монгол түмний амьдралын үндэс болсон бэлчээрийн мал аж ахуй, усалгаагүй газар тариаланд томоохон дарамт болохоор байна.
Багахан талбай эзэлдэг боловч баталгаатай ургац авдаг уламжлалт усалгаатай газар тариалан нь гол төлөв мөнх цас, мөсөн голын уснаас шууд хамааралтай. Гэтэл одоо байгаа мөнх цас, мөсөн гол ойрын 20-30 жилийн хугацаанд бараг үгүй болж мэдэх эрчтэйгээр хайлж нимгэрч байгаа, ер нь Монгол Улсын нутаг дээр мөстлөг хэлбэрээр хадгалагдаж байсан усны нөөцийн бараг тал хувь нь алга болжээ гэдгийг судлаачид тогтоосон. Ерөнхийдөө дулааралт, хуурайшилт үргэлжилж байгаа боловч гэнэт хүйтрэх, хэсэг зуур газар их цас дарах, зуны улиралд эрчимтэй аадар бороо орж үер буух, түүнчлэн үе үе хүчтэй салхилж шуурах, их халуун болж ой, хээрийн түймэр гарах гэх мэтээр цаг агаарын аюул гамшгийн давтамж олширч, эрчим нэмэгдэж байгааг эрдэмтэд дэлхийн дулааралтай холбон тайлбарлаж байна.
Монгол Улсад 1999-2002 болон 2009-2010 онд тохиосон ган зудын уршгаар олон сая мал хорогдож, олон зуун өрх хотоо харлуулж, орлогын эх үүсвэргүй болсноор ядуурал, ажилгүйдэл нэмэгдэн улмаар олон айл өрх хот суурин газар, түүний дотор нийслэл Улаанбаатар хотод суурьшин агаар, ус, хөрсний бохирдол эрс нэмэгдэх бас нэг шалтгаан болж байлаа. Уламжлалт мал аж ахуйн нөхцөлд таван хошуу мал нь хөдөөгийн ард иргэдийн амь зуулгын хэрэгсэл байсан бол одоо ашиг орлогын эх үүсвэр болж, тоо толгой нь өсөхийн хамт сүргийн бүтцэд өөрчлөлт орж бэлчээрийн ачааллыг улам нэмэгдүүлж байна. Дээр нь уул уурхай, зам тээвэр гээд газрын элэгдэл эвдрэл, доройтлыг уур амьсгалын хуурайшилттай хавсран гүнзгийрүүлэх гэх мэт олон шалтгаан бий. Эдгээр хүчин зүйлсийн сөрөг нөлөө нь байгалийн эргэн сэргэх чадавхаас давах хэмжээнд хүрч байгалийн нөөц хомсдох шалтгаан болоод зогсохгүй хүлэмжийн хийн шингээлт буурах шинэ асуудал үүсгэж байна. Ийнхүү сорилт бэрхшээл бүрийг нэрлэвэл олон зүйлийг хэлж болно. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар хөгжил дэвшлийн аливаа сорилт, бэрхшээлийг давж, болзошгүй сөрөг үр дагавараас зайлсхийх, улмаар сорилтыг боломж болгон хөгжил дэвшлийг ахиулах зорилт тавин ажиллаж байна.
Монголчууд бид энэ газар нутагтаа зуун зууныг элээж оршин суухдаа эх газрын эрс тэс уур амьсгалын хатуу ширүүн нөхцөлийг даван туулж, ямар ч хүнд үед олныг хамарсан өлсгөлөн, үй олноор нь егүүтгэх өвчин зовлонд нэрвэгдэлгүй өдий хүрсэн билээ. Дэлхийн дулаарлын хурд нь байгалийн аливаа эко тогтоц, аль ч улс үндэстний дасан зохицох хил хязгаарыг давах хэмжээнд хүрч байгаа талаар дэлхий нийтээрээ сэтгэл түгшин ярьж байгаа энэ үед Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн болзошгүй сөрөг үр дагавар, дарамтыг нимгэлж шинэ нөхцөл байдалд дасан зохицох боломж, арга замаа тоймлох оролдлого хийж байна, Түүгээр ч барахгүй Парисын хэлэлцээрт нэгдсэн улсын хувьд хүлэмжийн хийг бууруулах олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад зохих хувь нэмэр оруулах зорилт дэвшүүллээ.
Парисын хэлэлцээрийн хэрэгжилтэд Монгол Улсын оруулах Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХ) баримт бичгийг боловсруулаад байна. Ингэхдээ тус хэлэлцээр хүчин төгөлдөр болохоос өмнө буюу 2015 онд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын газарт хүргүүлсэн Үндэсний Зорилтот Хувь нэмэр (ҮЗХ) баримт бичигт туссан зорилтуудыг шинэчилж, хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах зорилтоо ахиулан тодорхойлох, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учирч болзошгүй сөрөг нөлөөлөл, эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн шинэ нөхцөл байдалд дасан зохицоход чиглэсэн арга хэмжээг нарийвчлан багцаалж, хэрэгжүүлэх арга замыг шинэчлэн тодорхойлсон юм. Одоо хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг БОАЖЯ боловсруулж, хэрэгжүүлэх шатандаа явж байна. Энэхүү бичиг баримтад туссан зорилтод хүрэх, хүлэмжийн хийг бууруулах болон дасан зохицоход чиглэсэн тал бүрийн арга хэмжээг үр өгөөжтэй хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар олон улсын хамтын ажиллагааны тал бүрийн хөшүүргийг бүрэн ашиглаж, олон улсын хөгжлийн болон банк, санхүүгийн байгууллага, Засгийн газар хоорондын болон Засгийн газрын бус олон улсын бусад байгууллага, хөрш орнууд, сайн түншийн харилцаа бүхий бусад улстай өргөн хүрээнд хамтран ажиллаж байна.
Нарийвчилсан судалгааны дүнгээс үзэхэд уур амьсгалын өөрчлөлт нь Монгол орны байгаль орчин, экосистемийн үйлчилгээ, эдийн засаг, нийгмийн салбаруудад ихээхэн сөрөг нөлөөлөл үзүүлж эхэллээ. Улам бүр нэмэгдэж байгаа байгаль, цаг уурын гамшигт үзэгдлийн улмаас 2009-2019 онд нийт нэг их наяд орчим төгрөгийн эдийн засгийн шууд хохирол учирчээ. Иймд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, нэмэлт дарамт, эрсдэлийг багасгахад чиглэсэн дасан зохицох арга хэмжээг эдийн засаг, нийгмийн эмзэг салбар бүрд хэрэгжүүлэх шаардлагатай боллоо.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй гол хүчин зүйл болох хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах олон улсын хүчин чармайлтад Монгол Улс хувь нэмэр оруулахын хамт тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн зарчмын дагуу улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшнийг өндөржүүлэх, хүрээг нь өргөжүүлэх, үүний тулд байгалийн нөөц баялаг шавхагдах, уур амьсгалын гаралтай аюул гамшигт сөхрөхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байх учиртай.
Монгол Улс хүлэмжийн хийн гол ялгаруулагч салбаруудаар тодорхойлсон арга хэмжээг хэрэгжүүлснээр нийт ялгарлыг 2030 оны түвшинд 16.9 сая тоннтой дүйцэх буюу 22.7 хувиар бууруулах боломжтой гэсэн тооцоо гарсан. Энэ бууралтын 66.7 хувийг эрчим хүч, 31.3 хувийг хөдөө аж ахуй, 1.4 хувийг үйлдвэр, 0.6 хувийг хог хаягдлын салбар тус тус эзлэх боломжтой юм. Улс орны хөгжлийн өнөөгийн болон цаашид мөрдлөг болгох загварын хүрээнд хүлэмжийн хийн ялгарал 2020 онд 7.2 хувь, 2025 онд 12.3 хувь, 2030 онд 22.7 хувиар тус тус буурах төсөөлөл гаргасан бөгөөд тодорхой шалтгаанаар биелэлтийн явц одоогоор жигд биш байна.
Дэлхийн ихэнх улс хүлэмжийн хийн ялгаралт, шингээлтийг ойртуулж, энэ зууны дунд үе гэхэд дүнгээр нь “тэглэх” зорилт дэвшүүлж, нүүрс ашиглан эрчим хүч үйлдвэрлэх арга технологийг хөрөнгө оруулалтаар дэмжихгүй байх санаачилга гаргаж байгаа нь Монгол Улсын хувьд эрчим хүчний цоо шинэ эх үүсвэр эрэлхийлэхэд хүргэж байна. Харин энэ чиглэлээр ҮТХ-ийн болзолт зорилтын хүрээнд нэмэлт дэмжлэг авч чадвал Хүлэмжийн хий бууруулах зорилтоо 27.2 хувь хүртэл ахиулах, шингээлтийг нэмэгдүүлэх боломжийг ашиглах, тэр тусмаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “тэрбум мод тарих” хөдөлгөөн амжилттай хэрэгжсэн нөхцөлд Монгол Улсын нутаг дэвсгэрээс агаар мандалд гарах хүлэмжийн хийг 33 хувиас илүү хэмжээгээр бууруулах боломжтой.
Манай орны хувьд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд хамгийн ихээр өртөж байгаа эдийн засаг, нийгмийн гол салбаруудад эл нөлөөллийг багасгах, учирч болох эрсдэлээс хамгаалахад чиглэсэн дасан зохицлын тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж, энэ талаар илүү нарийвчилсан, хэрэгжүүлэх техник технологи, хөрөнгө санхүүгийн баталгаа бүхий тусгай төлөвлөгөөг боловсруулж байна. Өмнө цухас дурьдсан эрчим хүчний шинэ эх үүсвэр, тухайлбал, ногоон устөрөгч, хүлэмжийн хийгээс гадна агаарын бохирдлыг бууруулах, мод тарих хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлтийн улмаас улам эрчимжиж байгаа ус чийгийн ууршилтыг бууруулах, ургамалын нөмрөгийг сэргээж цөлжилтийн явцыг сааруулах зэрэг олон давхар үр өгөөжтэй арга хэмжээ юм.
Монгол Улс ийнхүү Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд оруулах хувь нэмэр, авах арга хэмжээгээ тодорхойлсноор тэдгээрийг хэрэгжүүлэхэд НҮБ-ын хөтөлбөрийн болон төрөлжсэн байгууллагуудын зүгээс мэдлэг чадавх, техник, технологи, санхүүгийн дэмжлэг туслалцаа авч илүү өргөн хүрээнд хамтран ажиллаж, тулгамдсан болон дангаараа хүчин мөхөсдөх олон асуудлыг амжилттай шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ.
Дүгнэлт: Уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөө нь нь өдгөө хөгжлийн түвшингээс үл хамааран бүх улсын иргэдийн ахуй амьдрал, эдийн засаг, нийгмийн хөгжлийг бүхэлд нь хамарч, одоо нүүрлээд байгаа коронавирусийн цар тахал шиг вакцинаар сэргийлж болдоггүй дэлхий нийтийг түгшээх хэмжээний аюул болж хувирчээ. Гэхдээ үүнийг үзэл суртал адил сөргөлдөөний бай, улс төр шиг мэтгэлцээний сэдэв, эдийн засаг шиг өрсөлдөөний талбар болгохгүйгээр үүсээд байгаа сорилтыг боломж болгох зөвшилд дэлхий нийтээрээ хүрч чадваас аврал үгүй зүйл биш юм.