Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Нөмрөгт юу үлдсэн, юу эргэж сэргэх, юу үүрд алдагдсан бэ

Нөмрөгт юу үлдсэн, юу эргэж сэргэх, юу үүрд алдагдсан бэ

nogoon.mn by nogoon.mn
November 5, 2026
in Uncategorized @mn
0

Монгол орны зүүн хязгаар дахь Хянганы нурууны салбар уулсын дунд ой хээр, нуга, гол мөрөн, намгархаг хөндий зэргээс бүрдсэн нэгэн онцгой нутаг оршдог. Эх орны минь өглөө энэ нутагт ханхайх Модот хамар, Соёлз уулын оройд нар туссанаар эхэлдэг гэх яриа ч бий. Энд уулсын хормойгоор нь хусан ой сүндэрлэж, хад асга түшсэн энгэрт нь ховор ургамал цэцэглэн, голын урсгал даган олон төрлийн загас амьдарч, Монголд төдийгүй дэлхийд нэн ховор ан амьтан ой дундуур бэлчиж, жигүүртэн шувууд өвсний дундаас өндөлзөнө. Энэ бол байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт төрхөө өнөө хэр нь хадгалж буй Нөмрөгийн дархан цаазат газар юм.

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газар нь Монгол орны байгалийн бүс, бүслүүрийн шилжилтийн онцлогийг нэг дороос харах боломжтой онцлог бүхий газар нутаг. Эх орны маань бусад бүс нутагтай харьцуулахад уур амьсгал, хөрсний бүтэц, амьтан ургамал нь өөр өнгө төрхтэй бөгөөд 1992 онд Улсын Бага Хурлын тогтоолоор 311.2 мянган га нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, байгалийн унаган төрхийг нь хамгаалан үлдээх шийдвэр гарсан түүхтэй.

You might also like

Аялал жуулчлал

Баянзаг, Хустай дэлхийн шилдэг 100-д багтлаа

October 30, 2026
Ногоон технологи

Шөнө гэрэлтэх хиймэл нар

October 30, 2026

Нөмрөгийн уулсын энгэр, хөндийгөөр хоёроос гурван метр өндөр хусан шугуйгаас эхлээд 15–18 метр хүрэх хөгшин ой зонхилж, залуу хусан ойн завсраар тахир тавилгана, дагуур тэрэлж, өргөст нохойн хошуу зэрэг сөөг, бут ургана. Харин хөгшин ойн моддын дор өвслөг ургамлын бүрхэвч бүрэлдэж, хадархаг уулын ар хормойгоор нь улиангарын төгөл тааралдана. Ойн зах, өвслөг нуга, голын хөндий, хадархаг уулын энгэр гээд амьдрах орчин бүр өөрийн гэсэн ургамал, амьтны аймгийг тэтгэх бөгөөд ийм олон янзын бичил орчин нэг дор оршдог нь Нөмрөгийн биологийн олон янз байдлын үндэс юм.

Нөмрөг нутгийн үнэ цэн

Тус дархан цаазат газрын хөрсний ялзмагт давхаргын зузаан 0.5-0.7 метр, үржил шим сайтай хөрстэй тул олон төрлийн ургамлаар баялаг. Нийт 806 зүйлийн гуурст ургамал, 29 зүйлийн нэн ховор, 34 зүйлийн ховор ургамал бүртгэгдсэн бөгөөд 41 зүйл эмийн, 29 зүйл ашигт ургамал бий. Хянганы уулсын тойргоос өөр газарт ургадаггүй 57 зүйл ургамал бүртгэгдсэн нь Нөмрөгийн ургамлын аймгийн үнэ цэн бүхий нөөцийг илтгэж буй.

Тус дархан цааз газарт нийт 57 зүйл хөхтөн, 263 зүйл шувуу, 5 зүйл хэвлээр явагч, 24 зүйл загас бүртгэгджээ. Монгол орны бусад бүсэд ховор тохиолдох, зарим тохиолдолд зөвхөн энэ нутгийн онцлогтой холбоотой амьтны зүйлүүд бий. Тэдгээрийн нэг болох хар мөрний хандгай гэх дэд зүйл эврийн салаа хэлбэрээрээ бугынхтай төстэй байдгаараа онцлог. Ойн зах, голын хөндий, чийглэг орчинд нутагладаг бөгөөд Нөмрөгийн байгалийн зэрлэг төрхийг илтгэх томоохон хөхтөн амьтдын нэг юм. Мөн халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай зэрэг хөхтөн амьтад амьдарна. Дагуурын зараа, евроазийн халиу зэрэг Улаан номд бүртгэгдсэн зүйлүүд ч бий.

Шувуудын хувьд Нөмрөгийн тэнгэр, ой шугуй, голын хөндий зэрэг нь амьдралын идэвхтэй орчин болдог. Гургуул, хур, тоодог, усны нөмрөг бүргэд, усны цагаан сүүлт бүргэд, идлэг шонхор, амарын шонхор, хар өрөвтас, хөх дэглий зэрэг олон зүйл бүртгэгджээ. Нийт 251 зүйлийн шувуунаас 181 зүйл нь тус бүс нутагт өндөглөн зусдаг.

Эдгээр шувууны 57 зүйл суурин, 206 зүйл нүүдлийн амьдралын хэв маягтай. Өөрөөр хэлбэл, Нөмрөг бол зөвхөн тухайн нутагт байнга амьдардаг шувуудын орон биш, улирлын чанартай томоохон нүүдлийн зам, амьдрах орчны нэг хэсэг юм. Ногоолзой, алтан цэгцүүхэй, улаан толгойт бужирга зэрэг зургаан зүйл шувуу Монголд өвөлжөөд Сибирьт өндөглөн зусдаг онцлогтой.

Тус дархан цаазат газрын байгалийн үзэмжийг илэрхийлэх өөр нэгэн онцгой тогтоц бол Нөмрөг, Бүр, Галдастай голын уулзвар юм. Уулсын дундаас эх авсан голууд хөндийгөөр мушгиран урсаж, эрэг дагуух ногоон ургамал, ой шугуйтай нийлэн байгалийн нэгдмэл дүр төрхийг бүтээх ба нутгийнхан “Гурван голын бэлчир” хэмээн нэрийднэ.

Халх голын ай сав, Буйр нууртай холбогдох усан сүлжээнд нийт 24 зүйл загас бүртгэгдсэнээс зарим нь үржлийн үедээ голын урсгалыг даган нүүдэллэдэг. Тухайлбал, сибирь тул, зэвэг, хар мөрний хадран, сугас зэрэг зүйл загас Буйр нуураас Халх, Дэгээ голоор дамжин Нөмрөгийн дархан цаазат газрын голуудын эх рүү түрсээ шахахаар нүүдэллэдэг байна. Түүнчлэн, манай орны өөр хаана ч бүртгэгдээгүй монгол хясаа, дагуурын сувдан хясаа зэрэг анзаарагдахгүй өнгөрч болох жижиг биетүүд усны амьтдын олон янз байдлыг баяжуулж, экосистемийн тэнцвэрийг хадгалахад өөр өөрийн үүргийг гүйцэтгэдэг.

Гол мөрнүүд нь тус тусдаа орших усан сан бус урсгал, гольдрол, усны чанараараа харилцан холбогдсон экологийн цогц тогтолцоо юм. Эдгээр байгалийн нөхцөл нь усны амьтдын амьдрах орчин, үржлийн явц, нүүдлийн хөдөлгөөнд чухал нөлөө үзүүлдэг. Нөгөөтээгүүр, усны экосистемийн бүрэн бүтэн байдал нь зөвхөн загас, усны амьтдад бус түүнтэй харилцан хамааралтай бусад амьд биетнийг оршин тогтноход ч чухал ач холбогдолтой. 

Нөмрөгийн дархан цаазат газар бол ховор нандин ан амьтан, загас, шувуудын өлгий нутаг төдийгүй ойт хээр, нуга, гол мөрөн, хуурай хээрийн өвөрмөц шинж нэгэн орон зайд огтлолцсон байгалийн ховорхон тогтоц юм. Өвдөгнөөс дээш сагсайн ургах өвс, голын хөвөө дагасан бургасан шугуй, хүний хөл тэр бүр хүрдэггүй зэлүүд хөндийд шувууд нь аливаад цочин үргэлгүй, ан амьтад нь орчиндоо тааваараа бэлчинэ. Ховор ургамал цэцэгс энд нахиалан дэлгэрч, байгаль эх өөрийн жамаар үй олон жилийн туршид бүтээсэн амьдрал ажин түжин үргэлжилсээр иржээ.

Харин одоо энэ амар тайван нутгийн ихэнх хэсэг түймрийн дараа үнс нурам болж үлдлээ. Шатсан талбайг га-гаар хэмжиж болох хэдий ч тэнд тасарсан амьдралын хэлхээ, алдагдсан амьдрах орчин, дахин сэргэх эсэх нь тодорхойгүй байгалийн үнэ цэнийг тоогоор илэрхийлэхэд бэрх. Нөмрөгт юу үлдсэн, юу эргэж сэргэх, юу үүрд алдагдсан бэ гэх сэтгэл халгам асуулт хариултаа хүлээж байна.

Tags: topposttrendnews
ShareTweet
nogoon.mn

nogoon.mn

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English