Намрын шар өнгө илүүтэй тодорч, цаг агаар сэрүүсэж байгаа энэ үед ажил, хичээл эхлэхээс өмнө гартаа хүмүүс халуун кофе барин алхах нь их хотын амьдралын нэгэн өнгө болж байна. Өнөөдөр буюу аравдугаар сарын 1-ний өдөр бол Олон улсын кофены өдөр.
Олон улсын кофены байгууллага энэ өдрийг 2015 онд зарлаж, түүнээс хойш энэ өдрийг төрөл бүрээр тэмдэглэн өнгөрүүлж буй. Бидний өдөр тутам уудаг энэ ундааны ард сонирхолтой түүх, шинжлэх ухаан, соёлын олон баримт бий.
Кофе хаанаас гаралтай вэ?
Кофены тухай домог Этиопоос эхтэй. Эрт цагт Калди хэмээх хоньчин ямаанууд нь нэгэн улаан жимс идсэний дараа ер бусын сэргэлэн, хөдөлгөөнтэй болж байгааг анзаарчээ. Үүнийг харсан Калди өөрөө тэр жимсийг туршиж үзсэнээр кофег анх мэдсэн гэх домог бий. Чухам тэр улаан жимс нь өнөөдөр бидний мэдэх кофены жимс юм.
Харин кофег ундаа болгон боловсруулж, тогтмол хэрэглэж эхэлсэн түүх Йеменээс эхтэй. 15-р зууны үед кофе Арабад тархаж, улмаар Европ болон дэлхийн бусад хэсэгт дэлгэрчээ.
Кофе биднийг яагаад сэргээдэг вэ?
Кофенд агуулагдах кофеин нь тархинд ядарсан мэдрэмж төрүүлэхэд оролцдог аденозин хэмээх бодисын үйлчлэлийг түр хугацаанд сааруулах чадвартай. Өдрийн турш, эсвэл өглөө дөнгөж сэрсэн үед аденозин ялгарснаар бид ядарч, нойрмоглодог бол кофеин нь аденозины үйлчлэлийг хэсэг хугацаанд “хаадаг” учраас хүмүүст илүү сэргэг мэдрэмж төрдөг байна.
Ялгаатай амт
Кофены төрөл, ургасан газар, хөрс, өндөршил, цаг уур, боловсруулалтын арга, шаралтын хэм зэрэг олон нөлөөнөөс шалтгаалж амт нь өөр байдаг. Жишээлбэл, өндөрлөг газар ургасан зарим кофенд жимс, цэцэг, цитрусын төрлийн үнэр амт мэдрэгддэг бол заримд нь шоколад, самрын амт илүү давамгайлдаг. Тиймээс мэргэжлийн кофе амтлагчид жимслэг, самарлаг гэж тодорхойлдог нь зүгээр ч нэг уран зүйрлэл биш аж.

Хамар цоргим үнэр
Кофены шарсан үрэнд 1000 орчим төрлийн үнэрийн нэгдэл илэрдэг гэх судалгаанууд байдаг. Кофег нунтаглах үед үрийн гадаргуугийн талбай нэмэгдэж, үнэрийн нэгдлүүд агаарт илүү хурдан тархдаг. Тиймээс шинэхэн нунтагласан кофены үнэр илүү хүчтэй мэдрэгдсэнээр амтлахаас өмнө үнэрлэх нь ч кофе уух хамгийн таатай үе болдог.

Дэлхий даяар тархсан соёл
Кофе дэлхийд тархахдаа тухайн орны амьдралын хэмнэл, хоолны соёл, хүмүүсийн харилцааны нэг хэсэг болжээ.
Италид кофе уух нь богинохон боловч өдөр тутмын чухал дадал. Хүчтэй эспрессог бэлэн болоход нь л лангууны дэргэд зогсоогоороо уудаг уламжлалтай.
Харин Турк улсад кофег маш нарийн нунтаглаж, ус болон элсэн чихэртэй хамт буцалгаж, өтгөнөөр нь бэлтгэдэг. Сонирхуулахад, Турк улсад кофены үлдэгдлээр ирээдүйгээ мэргэлэх уламжлал ч бий.
Японд кофе уух соёл барууны орнуудаас харьцангуй хожуу дэлгэрсэн ч өнөөдөр халуун, хүйтэн кофе аль аль нь өдөр тутмын хэрэглээний нэг хэсэг болжээ.
Ийнхүү нэг ургамлын жижигхэн үр дэлхийн өнцөг булан бүрт өөр өөрийн түүх, заншилтай болж, кофег зүгээр нэг сэргээх ундаанаас илүүтэй хүмүүсийг уулзуулж, өдөр тутмын амьдралын хэмнэлийг тодорхойлдог соёлын нэг хэсэг болгосон байна.


