Монголчууд бид нүүдэлчин ахуйгаасаа асар хурдацтайгаар суурин иргэншилд шилжиж дэлхийн даяарчлалд хөл нийлүүлэн алхаж байна. Өнөөгийн нийгэмд pet humanization буюу амьтныг хүмүүнчлэх хандлага (нохой, муурыг гэр бүлийн гишүүн мэт үзэж, хайрлан халамжлах) түгээмэл болж байгаа нь сайшаалтай. Гэвч амьтныг хайрлах нь зөвхөн өхөөрдөж, тэжээхээр хязгаарлагдахгүй бөгөөд түүний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хангах асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг мөн адил ухамсарлах шаардлагатай юм.
Хотжилт дагасан хүмүүсийн цөөнгүй хувь нь тодорхой үүлдрийн болоод үүлдэр бус нохой, муур авч, тэжээх явцдаа ихэвчлэн сонирхол буурсан, арчиллагаа, малалгаанаас нь залхсан, эдийн засгийн хувьд зардал ихтэй гэх мэт шалтгаанаар, цаашлаад янз бүрийн өвчин туссан, хээлтэй болсон, олон тооны гөлөг, зулзага төрсөн учраас тэжээвэр амьтнаасаа татгалзаж гудамжинд гарган төөрүүлдэг бол цөөнх нь эрүүл мэндийн болоод амьдралын зайлшгүй шаардлагаар тэжээвэр нохой, мууртайгаа цаашид хамт амьдрах боломжгүй болсон учраас өөр эзэн хайж олоод үрчлүүлэх эсвэл гудамжинд гаргах сонголтыг хийдэг. Үүний улмаас Улаанбаатар хотын хэмжээнд одоогийн байдлаар 44.7 мянган эзэнтэй нохой, муур байгаа бол үүнээс 3.5 дахин их буюу 160 мянга гаруй эзэнгүй нохой, муур гудамжинд амьдарч байна.
Монгол улс 2023 онд “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль”-тай болсон бөгөөд уг хуульд гэрийн тэжээвэр амьтныг асарч хамгаалахтай холбогдуулан тухайн амьтны эзэн буюу асран хамгаалагчийн эрх, үүргийг тодорхой тусгаж өгсөн байдаг. Гэвч тус хуулийн заалтууд бодит байдал дээр төдийлэн хэрэгжихгүй, амьтан тэжээж буй хүмүүсийн үүрэг, хариуцлага сул байсаар, үүлдрийн нохой, муурын үржүүлгийг санхүүгийн эх үүсвэр болгон ашигласаар, эзэнгүй нохой, муурын тоо толгой өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр, олон төрлийн халдварт өвчин тархах эрсдлийг бий болгосоор л байна.
Суурьшмал бүс нутагт эзэнгүй нохой, муурын тоо толгой нэмэгдэх нь янз бүрийн халдварт, шимэгчтэх өвчнүүд тархах эрсдлийг бий болгодог. Учир нь эзэнгүй амьтад олон төрлийн өвчний халдвар авч өвчлөлд өртөх нь хурдан төдийгүй тухайн өвчний үүсгэгч–бактери, вирус, паразитыг маш удаан хугацаанд биедээ тээн амьдарч, халдварыг эрүүл хүн, мал, амьтанд тараан дамжуулагч өвчний эх уурхай болдог.
Тухайлбал гэрийн тэжээвэр нохой анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй байгаа өвчнүүдийн нэг болох галзуу өвчний халдвартай зэрлэг амьтадтай ойр байх, галзуугаар өвчилж үхсэн мал, амьтны сэг зэмээр хооллох явцдаа халдвар авч ямар нэгэн ил шинж тэмдэг үзүүлэхгүйгээр өвчилдөг бөгөөд хүнийг урах, хазах болон шүлс нь хүний ил шарх шалбархай, салст бүрхүүлд хүрсэн тохиолдолд галзуугийн вирус хүнд дамжин халдварлах аюултай. Үүнээс гадна халуун орны анзаарагддаггүй өвчнүүдийн нэг болох филариазыг үүсгэдэг цагаан хорхой нь цус сорогч хачиг, шумуул, бөөс, бүүрэг зэрэг үе хөлтнөөр дамжин нохой, мууранд халдварлаж, тухайн амьтны биед 2-7 жил хүртэл шимэгчлэх явцдаа эрхтэн тогтолцоог нь гэмтээхийн зэрэгцээ халдварыг дамжуулан тараах эх үүсвэр болдог. Ялангуяа бага насны хүүхдүүд нохой, муурын ялгадсаар бохирдсон элсэн дээр тоглох, халдвартай амьтныг тэврэх, үнсэх, долоолгосны улмаас бэтэг, токсокариаз өвчний халдвар авах нь түгээмэл байдаг.
Манай орны хувьд Улаанбаатар хотын эзэнгүй нохойноос 30-100 см хүртэл урттай Taenia төрлийн өргөн туузан хорхойнууд, Dipylidium caninum зүйлийн нарийн туузан хорхой, Toxocara төрлийн дугираг хорхой болон бэтэг өвчний үүсгэгч олноор илэрдэг. Эдгээр цагаан хорхойнууд нь нохойноос гадна хүнд халдварлаж өвчлүүлэх боломжтой зоонозын үүсгэгч буюу нийгмийн эрүүл мэндэд заналхийлсэн аюултай эмгэг төрүүлэгч юм.

Түүнчлэн хүн амын төвлөрөл ихтэй Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын эзэнтэй/эзэнгүй нохой хачиг, шумуул, бүүргээр дамжин халдварладаг бактери, паразитын халдвартай буюу шинжилгээнд хамрагдсан 4 нохой тутмын 1 нь 2 ба түүнээс дээш тооны эмгэг төрүүлэгчийн холимог халдвартай байгаа нь цаашид эрүүл нохой, муур болон хүнд халдварыг тараах эрсдлийг бий болгож байна. Дээрх халдварууд ихэвчлэн эзэнгүй нохойноос илэрч байсан нь эзэнгүй амьтдад чиглэсэн мал эмнэлгийн үйлчилгээ байхгүй, арчиллагаа, маллалгаа, хоол тэжээлийн дутмаг байдалтай байдаг зэрэг хүчин зүйлсээс хамааралтай байна. Нөгөөтэйгүүр сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, байгаль, цаг уурын өөрчлөлтийн улмаас бактери, вирус, паразитыг дамжуулагч цус сорогч шумуул, хачгийн популяц өсч байгаа нь олон төрлийн өвчний тархалтыг нэмэгдүүлж байна. Мөн даяаршилтай холбоотой хүмүүсийн шилжилт хөдөлгөөн ихсэж, тэжээвэр амьтантайгаа халдвартай бүс нутагт зорчих болсноор халдварыг нутагшмал бүс нутгаас эрүүл бүсэд дамжуулан тарааж байна.
Үүний нэг тод жишээ нь манай орны нохойноос цус сорогч шумуул, хачиг, бүүргээр дамжин халдварладаг филариаз, дипилидиоз, гепатозооноз зэрэг зоонозын өвчнүүд анх удаа оношлогдож байгаа явдал юм.
Аливаа халдварыг илрүүлсэн тохиолдолд түүнийг эмчлэх, тархалтыг тогтоох, хянах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай. Тиймээс нохой, муур тэжээж буй иргэд, нохой, муур үржүүлгийн газар, эзэнгүй амьтдын түр болоод байнгын асрамжийн газрууд, хил, гааль, цагдаагийн тусгай сургалттай нохойн алба зэрэг нь тэжээвэр амьтнаа бүртгэлжүүлж, мал эмнэлгийн үзлэг, оношлогоо, эмчилгээнд тогтмол хамруулах, нийтийн эзэмшлийн талбайг тэжээвэр амьтныхаа ялгадсаар бохирдуулахаас зайлсхийж хэвших нь нохой, мууранд түгээмэл тохиолддог зоонозын өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн үр дүнтэй арга бөгөөд тухайн амьтны асран хамгаалагчийн нэн тэргүүнд хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага юм. Үүний зэрэгцээ тэжээвэр амьтнаа хэдий чинээ эзэнгүй амьтдаас хол байлгана тэр хэмжээгээр нохой, муурын халдварт өвчинд өртүүлэхгүй, эрүүл байлгаж чадна. Өөрөөр хэлбэл эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах нь зайлшгүй анхаарах асуудлын нэг. Тухайн бүс нутаг дахь эзэнгүй амьтдын тоо толгойг бууруулах нь орон нутгийн засаг захиргааны үүрэг хариуцлага хэдий боловч иргэд тэжээвэр нохой, муурандаа спэй, заслага хийлгэж үржлийг хязгаарлах байдлаар хамтран ажиллах шаардлагатай.

Нэмж дурдвал тухайн өвчний үүсгэгч цус сорогч үе хөлтнөөр дамждаг бол хачиг, ялаа, шумуулын идэвхжилийн үеэр тэжээвэр амьтнаа гадаа салхилуулахгүй байх, хоол боловсруулах замаар дамжин халдварладаг бол тэжээвэр амьтнынхаа хоол, тэжээлийн эх үүсвэрийг сайтар шалгах буюу ямар нэгэн халдварын улмаас үхсэн байж болзошгүй амьтны мах, дотор эрхтнээр тэжээхгүй байх нь нэн чухал юм. Түүнчлэн өвчний үүсгэгч нь агаар дуслын замаар болоод бусад аль ч замаар халдварлах боломжтой нутагшмал халдвартай бүс нутагт тэжээвэр нохой, мууртайгаа зорчихгүй байх нь нохой, мууранд тохиолддог зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэхэд онцгой ач холбогдол үзүүлнэ. Эцэст нь нохой, муур бол бид бүгдийн тур зуурын сонирхолд зориулсан, ямар нэг асуудал үүсэхэд гаргаад хаячихдаг эд зүйл биш, ердөө 10–13 жил насладаг, өөрийн ертөнцтэй, ухаалаг амьтад. Та өөртөө амьтныг хүмүүнчлэх хандлагыг бий болгон нэгэнт нохой, муур авч тэжээж байгаа, тэжээх гэж байгаа бол тэднийг гэр бүлийнхээ гишүүнд тооцож асран хамгаалах үүрэг, хариуцлагаа сайтар ухамсарлан, өөрийнхөө болоод тэдний эрүүл мэндийг хамгаалаарай. Хайр халамж сэтгэлээс эхэлдэг бол хариуцлага бодит үйлдлээр илэрдэг.
Ц.Мөнхжаргал, малын их эмч, доктор (Ph.D)
Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн


