Хотын хамгийн “хөөрхөн” хог хаягдал кофе шопуудаас гарч байж магадгүй юм.
Кофе шоп нь нийслэлчүүдийн амьдралын хэв маягийн салшгүй нэг хэсэг болсон. Гоё орчинтой, “хөөрхөн” кофе шопоос гоё зураг, гоё мэдрэмж авч болно гэж итгэдэг хүмүүс ч бий. Гэхдээ энэ бүхэн нэг удаагийн хэрэглээг нэмэгдүүлж, байгальд ачаалал нэмдэг. Гартаа минимал аяга барьж, “хөөрхөн” зураг авах тэр мөч ердөө хэдхэн минут үргэлжилдэг ч тэр хэрээр нэг удаагийн аяга, таг, халбага, соруул, хутгуур зэргийн хэрэглээг нэмэгдүүлж байдаг.
Мөн сүүлийн үед хүмүүс кофегоо сууж уухын оронд авч явахыг илүүд үздэг болсон нь сав баглаа боодлын хэрэглээ, хаягдлыг эрс өсгөж байгаа. Тав тухтай, “гоё” хэрэглээ, нэг удаагийн соёл нь ямар хэмжээний хог бий болгож байгааг бид бараг ярьдаггүй.
Кофе шопуудын цахим хаяг дахь цэвэрхэн дизайн, минимал орчны зураг нь орж үйлчлүүлэхэд уриалдаг. Гэхдээ яг тэр минималист, “хөөрхөн” төрхийн ард хамгийн их илүүдэл хэрэглээ, муухай ул мөр нуугдаж байдаг.
Бидний хийж чадах, бодит зүйл нь кофе уухаа зогсоох биш, харин түр хэрэглээд хаядаг соёлоо эргэн харах юм.
Хамгийн сонирхолтой нь, олон хүний цаасан аяга гэж боддог кофены аяга нь үнэндээ цэвэр цаас биш. Дотор талдаа нимгэн хуванцар бүрхүүлтэй байдаг тул дахин боловсруулахад маш төвөгтэй. Өөрөөр хэлбэл, хэдхэн минут ашиглагдах тэр бүх зүйлс задралгүй олон жил болж, байгаль орчныг бохирдуулсаар байна.
Кофены цаасан аяга байгальд бүрэн задрахад ойролцоогоор 20–30 жил шаардлагатай.
Хуванцар таг нь ихэвчлэн полистирол, эсвэл полипропилен материалаар хийгддэг тул байгальд задрах хугацаа нь 100–500 жил.
Хуванцар соруул нь хамгийн богино хэрэглээтэй мөртлөө 200 жилийн дараа л бүрэн задардаг.
Хуванцар хутгуур, халбага задрахад 200–500 жил шаардлагатай.
Дэлхий даяар жилд ойролцоогоор 500 тэрбум нэг удаагийн кофены аяга, 500 сая хуванцар соруул хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Ихэнх нь ердөө хэдхэн минут хэрэглэгдээд шууд хог болдог. Өөрөөр хэлбэл, бидний “хөөрхөн”, “aesthetic” гэж хардаг тэр хэрэглээ байгальд урт хугацаанд ул мөр үлдээдэг. Харин жинхэнэ “гоё” хэрэглээ нь түр хэрэглээд хаях биш, харин байгальд бага ул мөр үлдээх сонголтоос эхэлдэг байж болох юм.




