Монгол Улсад хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулах төслийг Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-д танилцуулахаар шийдвэрлэсэн. Төслийн дэлгэрэнгүй мэдээлэл хараахан ил болоогүй ч Монгол Улсад энэ төсөл хэрэгжсэнээр зөвхөн олон улсын жишигт нийцсэн дата баазтай болоод зогсохгүй байгаль экологийн олон эерэг үр дагавар авчрах хүлээлт үүсгэлээ.
Дэлхий дахинд ногоон дата төвүүд нь нар, салхины сэргээгдэх эрчим хүч, байгалийн хүйтэн агаар, усаар серверүүдийг хөргөх технологи ашиглан нүүрсхүчлийн хийн ялгарлыг асар ихээр бууруулж байна. Жишээлбэл, Арабын Нэгдсэн Эмират Улс 100 хувь нарны эрчим хүчээр ажилладаг дата төвүүд цөлийн бүсэд байгуулж, жилд 17 мянга гаруй тонн хүлэмжийн хийг бууруулснаар Геннесийн дээд амжилтыг эзэмшдэг.
Гэхдээ байгалийн хүчин зүйлээс шалтгаалж, эрчим хүчний үйлдвэрлэл хэлбэлзэх үед дата төвийн тасралтгүй ажиллагааг хангах хуримтлуурын систем нэн чухал болдог.
Монгол орны таван аймагт нарны цахилгаан станц болон батарей хуримтлуурын систем байгуулах Засгийн Газрын тогтоол саяхан батлагдсан. Үүнийг шинэ дата төвийн үйл ажиллагаатай уялдуулж чадвал “нэг сумаар хоёр туулай буудаж” чадах вий.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй дата төвүүдийн эрчим хүчний хүчин чадал дунджаар 200 кВт-аас 2 МВт хооронд байдаг гэсэн судалгаа бий. Хэрэв 2 МВт хүчин чадал бүхий дата төвийг “ногоон” болговол жилд ойролцоогоор 14-16 мянган тонн хүлэмжийн хийн ялгарлаас сэргийлэх боломжтой. Энэ нь жил бүр хагас сая орчим мод тарьсантай тэнцэх эерэг нөлөөг үзүүлэх юм.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын амлалтын хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 30.3 хувь хүртэл бууруулах амлалт өгсөн. Хэрэв төслөө амжилттай хэрэгжүүлж чадвал ийнхүү “нэг сумаар гурван туулай буудах” боломж бүрдэнэ.
Монгол Улсын Засгийн газраас гадна мэдээллийн технологи, дата чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Айтүүлс” компани “ногоон дата төв” байгуулах зорилт тавин ажиллаж буй. Мөн ӨМӨЗО-ы Улаанцав хотод 100 хувь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй ногоон дата төв ашиглалтад оржээ.
Эдгэрээс харахад Монгол Улс “ногоон дата төв”-тэй болох цаг хол биш санагдах. Дэлхий ногоорч байхадбидэнд бас “ногоорох” боломж бий аж. Сонирхуулахад, Швед улс дата төвөөс гарч буй асар их халуун уурыг хаялгүйгээр хотынхоо төвлөрсөн дулааны шугам руу шилжүүлдэг байна. Үр дүнд нь дата төвийн илүүдэл дулаанаар орон нутгийн 30 мянга гаруй айлын орон сууцны халаалтыг шийдэж чаджээ. Нэг сумаар нэг л туулай бууддаг үлгэр ард хоцорчээ. Харин хоёр уу, эсвэл гурав уу?



