Шөнө дунд болж хот “унтаж” байхад гэрэл нь унтардаггүй, хөл хөдөлгөөн тасардаггүй газрууд Улаанбаатарт бий болоод хэдэн жил болжээ. Энэ бол 24 цагийн дэлгүүрүүд. Нийслэлийн өнцөг булан бүрт нээгдэж, аалзны тор шиг хэрэн сүлжиж буй энэ үйлчилгээ хотын иргэдийн амьдралыг илүү хялбар болгож байгаа гэж болох ч нөгөө талаар байгаль орчинд тэр хэрээр дарамт учруулж байна.
Хүссэн үедээ ус, ундаа, бэлэн хоол авч болдог энэ үйлчилгээ Улаанбаатарчуудын амьдралыг илүү амар болгосон. Ядарсан үедээ аяга халуун кофег арай хямд үнээр авах, шөнө оройн цагаар, эсвэл тэвдсэн үедээ хэрэгтэй зүйлээ авах боломжтой болсон нь үнэн. Гэхдээ энэ тав тухын цаана бидний тэр бүр анзаардаггүй нэг өртөг урсаж байдаг нь байгаль орчны өртөг.
Учир нь 24 цаг ажилладаг дэлгүүрүүд хэзээ ч бүрэн “унтардаггүй”. Шөнөжин ассан гэрэл, байнга ажиллах хөргөгч, хөлдөөгч, кофены машин, халаагуур, агааржуулагч гээд эрчим хүчний хэрэглээ нь энгийн дэлгүүрээс хавьгүй өндөр. Хамгийн гол нь хэрэглэгч цөөрсөн шөнийн цагаар нэг, хоёр хүн байсан ч энэ систем бүрэн ажилласаар л байдаг.
Ялангуяа хөргөгч, хөргөх төхөөрөмжүүд хамгийн их цахилгаан зарцуулдаг. Ундаа, сүү, бэлэн бүтээгдэхүүн хадгалдаг олон хөргөгчийг 24 цагийн турш тасралтгүй ажиллуулах шаардлагатай байдаг нь эрчим хүчний тогтмол хэрэглээг бий болгодог. Дээр нь шөнөжин асаалттай тод гэрлүүд хотын эрчим хүчний ачааллыг нэмдэг.

Сонирхолтой нь, ийм төрлийн нэг дэлгүүрийн жилийн цахилгааны хэрэглээ 150-360 мянган кВт хүрдгийг зарим судалгаа харуулсан. Энэ нь хэд хэдэн өрхийн жилийн цахилгааны хэрэглээ юм.
Эрчим хүчний зохицуулах хорооны мэдээллээр нэг өрхийн сарын дундаж цахилгаан хэрэглээ ойролцоогоор 220 кВт буюу жилийн 2640 кВт. Ингээд тооцвол, 24 цагийн ердөө нэг дэлгүүрийн хэрэглээ 57-136 өрхийн хэрэглээтэй дүйцэж байгаа юм. Харин дундаж дэлгүүрүүд 60-150 мянган кВт цахигаан зарцуулдаг нь 23-57 өрхийн хэрэглээ. 24 цагийн дэлгүүрүүдийн хэрэглээний 35-50 хувийг хөргөх төхөөрөмжүүд, 20-30 хувийг гэрэлтүүлэг, 15-20 хувийг агааржуулалт болон бусад төхөөрөмж эзэлдэг аж.
Түүнчлэн 24 цагийн дэлгүүрүүдийн олон улсын холбоо болох NACS (National Association of Convenience Stores)-ийн тайланд дурдсанаар дэлхий дээр ийм төрлийн нэг сая гаруй дэлгүүр байдаг юм. Мөн “7‑Eleven” нь дэлхийн хамгийн олон салбартай 24 цагийн дэлгүүр бөгөөд Тайландад маш өндөр нягтралтай байдаг аж. Харин БНСУ нь хүн амд ногдох 24 цагийн дэлгүүрийн нягтралаараа дэлхийд хамгийн өндөрт ордог гэж судалгаанд дурджээ.

Япон болон Германд хийсэн судалгаануудаас харахад 24 цагийн дэлгүүрүүдийн хүнсний барааны 2–5 хувь нь зарагдалгүй хаягддаг ажээ. Харин энгийн дундаж дэлгүүр нь 1-3 хувийн хаягдал үүсгэдэг байна. Энэ нь жижиг мэт боловч жилээр нь тооцвол хэдэн зуун бүтээгдэхүүн хаягдаж, эдийн засгийн болон экологийн тодорхой хэмжээний алдагдал үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, “convenience culture” буюу “яг одоо, хүссэн үедээ” гэсэн хэрэглээний хэв маяг нь илүү их эрчим хүч, илүү их сав баглаа боодол болон хүнсний хаягдлыг бий болгож байна.
Мэдээж 24 цагийн үйлчилгээ огт хэрэггүй гэсэн үг биш. Том хотуудад зарим үйлчилгээ шөнийн цагаар зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ бид энэ системийн бодит өртгийг бараг ярихгүй байгаа нь нэг талаас харалган үйлдэл юм. “Үргэлж нээлттэй” бас “үрэлгэн” энэ амьдралын хэв маяг үнэндээ ямар үнэ цэнээр ажиллаж байгааг асуух цаг хэдийн болжээ.
Энэ бүх үрэлгэн байдлыг багасгахын тулд дэлгүүрүүд ч, хэрэглэгчид ч тодорхой өөрчлөлт хийх ёстой. Тухайлбал, дэлгүүрүүд эрчим хүчний хэмнэлттэй хөргүүр, LED гэрэлтүүлэг, хөдөлгөөн мэдэрдэг гэрлийн систем ашиглах нь цахилгаан хэрэглээг мэдэгдэхүйц бууруулна. Жишээ нь, Франц, Герман зэрэг улсад дэлгүүрүүд шөнө ажиллаж байгаа бол гаднах рекламын гэрлээ унтраах, витрин гэрлийг багасгах зэргээр эрчим хүч хэмнэх журам, зохицуулалт байдаг юм.
Түүнчлэн хамгийн их хаягдал үүсгэдэг бэлэн хоол, нарийн боовны нөөцийг бодит хэрэглээнд тулгуурлан тооцдог системийг ашигласнаар хаягдал бүтээгдэхүүний хэмжээг багасгах боломжтой. Зарим улс оронд, ялангуяа Японд хугацаа нь дуусах дөхсөн хүнсийг хямдруулан борлуулах, хандивлах тогтолцоо ч өргөжиж байгаа.
Харин хэрэглэгчдийн хувьд “хэрэгтэй үедээ” биш, “зүгээр л ойрхон болохоор” хийдэг жижиг худалдан авалтаа багасгах нь бас нэгэн нөлөөлөл. Нэг удаагийн сав, баглаа боодолтой жижиг худалдан авалт олон давтагдах тусам хог хаягдал, логистикийн ачаалал нэмэгддэг.
Өөрөөр хэлбэл, 24 цагийн дэлгүүрүүдийг бүр мөсөн үгүй хийх тухай биш, харин тав тух болон тогтвортой хэрэглээний тэнцвэрийн талаар ярих цаг иржээ.
Сэтгүүлч Р.Ренчиндулам


