Байгаль орчны салбарын “нээлттэй хаалганы өдөрлөг” хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Сүхбаатарын талбайд гурав хоног үргэлжлэх тус өдөрлөгөөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ны харьяа агентлагууд, төсөл хөтөлбөрийн нэгжүүд оролцож, байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шалгалт, зөвшөөрөл, цахим үйлчилгээ, агаарын бохирдол, экологийн гэмт хэрэг, иргэдийн өргөдөл гомдолтой холбоотой асуудалд зөвлөгөө мэдээлэл өгч байна.
Харин орчны бохирдлыг бууруулах, ногоон технологийг түгээх туршлагаасаа хуваалцахаар 10 гаруй хувийн хэвшил оролцож буй. Мөн Төрийн банк, ХАС банк зэрэг арилжааны банкууд ногоон зээлийн бүтээгдэхүүнээ иргэдэд танилцуулж байгаа юм.
Өдөрлөгт оролцогч газруудаас хамгийн их үйлчлүүлэгчтэй нь Усны газар байлаа. Тус газраас өдөрлөгийн хүрээнд усны боломжит нөөцийн дүгнэлт, ус ашиглуулах дүгнэлт, хаягдал усны дүгнэлт гаргах зэрэг үйлчилгээ үзүүлж байна. Өнөөдрийн хувьд тус газрын асраар аж ахуйн нэгжүүд түлхүү үйлчлүүлж, дээрх төрлийн дүгнэлт гаргуулж байлаа.
Түүнчлэн COP-17 арга хэмжээг угтан байгаль орчны салбарт хууль эрхзүйн шинэчлэлийг эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд нийт 12 хуулийн төслийг боловсруулаад байгаа юм. Эдгээрээс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. Байгаль орчны салбарын нээлттэй хаалганы өдөрлөгт COP-17 арга хэмжээг зохион байгуулах Үндэсний хорооны ажлын алба оролцож, хурлын ач холбогдол болон, арга хэмээний бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгсөн юм. Хурлыг зохион байгуулагч орны хувьд “Тал хээрийн төлөвлөгөө” бодлогын баримт бичиг боловсруулаад байгаа юм. Тус төлөвлөгөө нь бэлчээрийн тэргүүлэх санаачилга, газар-усны нэгдсэн менежментийн санаачилга, байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтэц санаачилга гэсэн тулгуур гурван санаачилгаас бүрдсэн урт хугацааны үйл ажиллагааны баримт бичиг юм.
БОУАӨЯ-наас салбарын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, тулгамдаж буй асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилготой уг өдөрлөг маргааш өндөрлөх юм.



