Өвдөг гарсан, өмсөхөө больсон жийнсний төгсгөл хогийн сав биш
Нэг жийнсийг ахин боловсруулснаар зургаан кг орчим нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулдаг. Энэ нь суудлын автомашинаар 32 км зайг туулахтай тэнцэх эрчим хүчний хэмнэлт юм. Сүүлийн үед жийнсэн хувцасны дахин хэрэглээний чиг хандлага өсөн нэмэгдэж байна. Зарим компани хуучин жийнсийг загварчилж, өөр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол зарим нь хуучин жийнс цуглуулан утас ээрч даавуу үйлдвэрлэх зэргээр эргэлтэд оруулдаг. Энэ чиглэлийн амжилттай жишээний нэг нь Шведийн ReJean Denim компани юм. Тус компани хуучирсан жийнсээр дахин давтагдашгүй загварын хүрэм урладгаараа танигдсан бөгөөд нэг хүрэм үйлдвэрлэхдээ дунджаар дөрвөн кг жийнсэн материалыг хогийн цэгт хаягдахаас “авардаг” байна.

Тэгвэл бид юу хийж чадах вэ? гэж та бодож магадгүй. Монголд энэ төрлийн үйл ажиллагаа түгээмэл биш ч “Номин фэйшн” ХХК хуучин жийнсийг дахин эргэлтэд оруулах зорилгоор “Rejeans” хөдөлгөөнийг эхлүүлжээ. Тус санаачилгын хүрээнд хэрэглэгчид өмсөхөө больсон жийнсэн хувцсаа “Номин”-гийн тусгай хайрцаг байрлуулсан салбарт хандивлаад дараагийн худалдан авалтдаа ашиглах хөнгөлөлтийн эрх авах боломжтой юм.
Хувцас загварын салбараас секунд тутамд нэг ачааны машин дүүрэн хувцасны хаягдал хогийн цэгт очдог гэсэн тооцоо бий. Харин ийм төрлийн санаачилгуудын ачаар жил бүр хэдэн мянган жийнс дахин амь орж, байгаль орчны ачааллыг бууруулж байна.Нэг жийнсэн өмд үйлдвэрлэхэд ойролцоогоор 10 мянган литр ус зарцуулдаг. Энэ нь хүний 12 жилийн ундны усны хэрэглээтэй тэнцэхүйц цэвэр ус юм. Тиймээс нэг жинсийг хаяхад зөвхөн хувцсыг биш түүнийг үйлдвэрлэхэд зарцуулсан ус, эрчим хүчийг ч хамтад нь хаяж байна гэсэн үг.
Өмсөхөө больсон жийнс хог биш. Харин шинэ бүтээгдэхүүн, шинэ хэв маяг, хариуцлагатай хэрэглээний эхлэл юм.
Сэтгүүлч У.Анхцэцэг



