Цагаан сарын баярын дараа ахуйн хог хаягдал эрс нэмэгддэг бөгөөд ялангуяа ул боов, чихрийн цаас, хуванцар сав, нэг удаагийн аяга, таваг, гялгар уут, удсан мах, хоол хүнсний үлдэгдэл хаягдал болох хандлагатай байдаг.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол Улсад жилд дунджаар 3.5 сая тонн орчим хог хаягдал үүсдэгээс 60 орчим хувь нь ахуйн хог хаягдал байдаг байна.
Улаанбаатар хотод энгийн өдрүүдэд 1200–1400 тонн хог төвлөрдөг бол баярын дараа энэ тоо 15–30%-иар нэмэгддэг хэмээн хот тохижилтын байгууллагын мэдээлэлд дурджээ. Харин ахуйн хог хаягдлын 40–50% нь хоол хүнсний үлдэгдэл, 20 гаруй хувь нь хуванцар, сав баглаа боодол байдаг бол үлдсэн хэсгийг цаас, шил, металл эзэлдэг.
Тэгвэл уламжлалт идээ шүүсээ эрхэмлэн хүндэтгэх баярын дараах 5 ногоон алхмыг тантай хуваалцъя.
- Хүнсний илүүдлийг ангилан хадгалж, бордоо болгон дахин боловсруулалт хийх
- Цаас, картон, савыг тусад нь ангилж тушаах
- Шил, лааз, хуванцрыг ангилан ялгах
- Нэг удаагийн хэрэглээг багасгах (дараагийн баярт бэлтгэхдээ)
- Хог хаягдлын овор хэмжээг багасган ангилан ялгах цэгүүдийг ашиглах
Цагаан сар бол уламжлал, ёс заншил, хүндлэлийн баяр билээ. Харин баярын дараа хог хаягдлаа зөв зохицуулах нь ногоон хөгжил рүү хурдлан давхих гал морин жилийн хамгийн анхны ногоон алхам юм.


