1.4 тэрбум хүн амтай, үйлдвэрлэл өндөр хөгжсөн Хятад улс ногоон хөгжилд хэрхэн тэмүүлж буй нь дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг. Нөгөөтээгүүр, дэлхийн хоёр дахь том эдийн засгийг бүтээсэн Хятад улс хүн төрөлхтний өмнө “ногоорох” том үүрэг хүлээсэн нь цахилгаан машины үйлдвэрлэл, хэрэглээгээр дэлхийд тэргүүлж буйгаас нь харагдана.
ZoZoGo компанийн мэдээлснээр цахилгаан автомашин үйлдвэрлэгчид 2021 онд Хятадад 3.3 сая цахилгаан машин борлуулсан байна. Энэ үзүүлэлт 2020 онд 1.3 сая, 2019 онд 1.2 сая байсан юм. Мөн Seeking Alpha компани өнгөрсөн онд олон улсад цахилгаан автомашины борлуулалт хоёр дахин өсөхөд Хятадын хэрэглээ жинтэй нөлөө үзүүлснийг онцлон тэмдэглэжээ.
Түүнчлэн Хятад улс сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан чадлаар дэлхийд тэргүүлж буй. 2020 онд тус улс салхин цахилгаан станцын хүчин чадлыг 72 ГВт-аар нэмэгдүүлсэн бол нарны эрчим хүчний суурилагдсан чадлыг 40 ГВт-аар өсгөжээ. Хятадад суурилуулсан фотоволтайк (240 ГВт) АНУ-ынхаас (100 ГВт) хоёр дахин их байна. Энэ бол Хятад улс хэрхэн ногоорч буйг илтгэх том баримт юм.

Өмнөд хөршийн хувьд хамгийн хүнд сэдэв нь агаарын бохирдол. 2016 онд гарсан “Хятадын агаарын бохирдлын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө” судалгаа тухайн үедээ Хятадын нийгэмд цочроо өгч байв. 2007 онд Хятадын 30 мужид нарийн ширхэгт тоосонцор (PM2.5)-ын нөлөөгөөр хүн амын дундах өвчлөл нэмэгдэж, улмаар энэ нь 712 сая ажиллах хүчний 10 хувьд сөргөөр нөлөөлсөн байна. Мөн агаарын бохирдлоос үүдэлтэй эдийн засгийн хохирол нь 346.26 тэрбум юаньд хүрсэн нь Хятадын ДНБ-ий 1.1 хувьтай тэнцжээ. Эл хохирол нь Вьетнам улсын 2010 оны ДНБ-ий хэмжээтэй дүйцэх хэмжээний үлэмж их алдагдал гэдгийг тус судалгаанд онцолсон байна. Тиймээс аварга том эдийн засгийнхаа асар их алдагдлыг бууруулах нь Хятадын удирдагчдад ирсэн чухал даалгавар болсон юм. Ши Жиньпин 2017 онд Коммунист намын хуралд “Экологийн соёл иргэншлийг бий болгох
нь хятад үндэстний тогтвортой хөгжлийн нэн чухал зорилго” хэмээн тодотгож, сүүлийн жилүүдэд нийгэм, эдийн засгийн ногоон шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж байна.
20 жилийн өмнөхтэй харьцуулахад хүн ам нь 75 хувиар, тээврийн хэрэгсэл нь 336 хувиар нэмэгдсэн атлаа агаарын бохирдлыг бууруулсан үзүүлэлтээрээ нэг сая хүн амтай Улаанбаатартай харьцуулшгүй сайн үр дүн үзүүлжээ. Нүүрс болон тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт хийн хэмжээнд хатуу хяналт тавьж, 2013 оноос нүүрсээр ажилладаг уурын зуух, цахилгаан дулааны станц болон аж үйлдвэрлэлийн бүтцэд өөрчлөлт, шинэчлэлт хийж, нарийн ширхэгт тоосонцрын бохирдлыг 35 хувиар бууруулсан байдаг. 2005 оноос нүүрснээс байгалийн хий рүү шилжих бодлого хэрэгжүүлж, эрчим хүч, дулааны байгууламжуудын бүтцийг шинэчилж, нүүрсний жилийн хэрэглээг 11 сая тонноор бууруулжээ. Түүнчлэн 2014 оноос дулааны цахилгаан станцуудад хэт бага ялгарлын стандарт мөрдүүлсний үр дүнд хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, нарийн ширхэгт тоосонцрын ялгарлыг 65-72 хувиар бууруулсан. Бээжингийн агаарын бохирдлын нарийн ширхэгт тоосонцрын бараг тал хувь нь 6.2 сая авто машины утаанаас үүдэлтэй. Тиймээс хотын захиргаа “Тээврийн хэрэгсэл-Түлш-Зам” хөтөлбөрийг хэрэгжүүлж, түлшний чанарыг сайжруулах “China VI” стандартыг 2020 оноос эхлэн Бээжин, Шанхай, Тяньжин зэрэг 16 томоохон хотод мөрдүүлж байна.

Агаарын бохирдлоос гадна цөлжилтийг бууруулах, ойжуулах ажил нь иргэдийн оролцоотойгоор санаанд оромгүй хурдацтай урагшилж байгааг онцлох нь зүйтэй. China Global Television Network-ийн мэдээлснээр Хятад улс 40 жилийн өмнө мод тарих их аянаа эхлүүлжээ. Энэ хугацаанд Хятадын ард түмэн 78 тэрбум мод тарьж, ойн сан бүхий газар нутгийн хэмжээг 2021 онд 23.04 хувь (1981 онд 12 хувь байв) болгон өсгөжээ. ӨМӨЗО-нд Бадаанжаран, Тэнгэр, Улаанбух, Хөвч гэсэн дөрвөн том элсэн цөл, Муу-Ус, Хуландаага, Хорчин, Хөлөнбуйр гэсэн дөрвөн том элсэжсэн нутаг бий. Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО жил бүр 800 мянган га цөлжсөн газрыг ойжуулж, цөлжилттэй тэмцэх ажлын бараг тал хувийг дангаар гүйцэтгэж байна. Үр дүнд нь Өвөр Монголын бүс нутагт цөлжсөн, элсэжсэн газрын талбай хоёр дахин буурчээ.
Элсэжсэн, цөлжсөн газар нутгийг ойжуулахдаа урьдаар элсний нүүдлийг зогсоож, улиас, бургас, харгана зэрэг халуунд тэсвэртэй мод тарьдаг байна. Мөн мод тарьсан иргэн, аж ахуйн нэгждээ урамшуулал олгож буй нь цөлжилтийг бууруулахад том түлхэц үзүүлээд зогсохгүй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулахад чухал нөлөөтэй байгаа аж.
Энэ туршлагаас Монгол Улс ч суралцах шаардлагатай. Тэгсэн цагт мянганы зам Мянгуужингийн үлгэрээс өндийсөн шиг тэрбум мод тарих “мөрөөдөл” биеллээ олох учиртай.


