COP17 Үндэсний хорооны ээлжит хуралдаан өнөөдөр (2026.04.13) болж, ажил үүргийн гүйцэтгэлтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 энэ жил Монгол Улсад зохион байгуулагдана. Үүнтэй холбоотойгоор тус хурлыг зохион байгуулах ажлыг хариуцсан COP17 Үндэсний хороо байгуулагдсан билээ. Тус ажлын хорооны өгч буй мэдээллээр наймдугаар сарын 17-28-нд болох COP17 хурлын бэлтгэл ажил 55.9 хувьтай яваа аж.
Хурлын үеэр COP17 бага хурлыг зохион байгуулах Ажлын албаны дарга Д.Батмөнх:
“Хурлын байр, түр байгууламжийг түрээсийн хэлбэрээр ашиглана. Энэ чиглэлээр ажлын хэсэг ажиллаж байна. 2026 оны төсөвт CОР17 зохион байгуулахтай холбоотой зардлыг тусгасан бөгөөд улсын төсөвтэй уялдаатай тул худалдан авах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа”
Мөн Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Хурлын үйл ажиллагаатай холбоотой зарим ажил, тухайлбал, сайн дурын ажилтан бүрдүүлэх зэрэг ажлын гүйцэтгэл 0 хувьтай байгаа. Харин хурал зохион байгуулах байгууламжийн ажлыг бид зургадугаар сард эхлүүлнэ” гэх тайлбарыг өглөө.
Түүнчлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир сэтгүүлчдийн асуултад хариулт өгөхдөө:
“Хуралд оролцохоор 8-10 мянган зочин ирэх төсөөлөлтэй байна. Зочдод зориулаад Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудлуудыг нэгтгэх үйл ажиллагаа явагдаж байгаа. Хэрэв зочид буудлууд хүрэлцэхгүй бол иргэн, аж ахуйн нэгжийн байрыг түрээсэлнэ. Төлбөрийг зочид төлөх бөгөөд бид байр олдсонгүй гэх асуудал үүсгэхгүй байхад анхаарна”
гэлээ.



