“Таван богд финанс ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Өрнөхжаргалтай ярилцлаа.
-“Таван богд финанс ББСБ” ХХК Монголын банк бус санхүүгийн байгууллагад нэгдээд удаагүй ч маш хурдтай хөгжиж, олон шинэлэг үйлчилгээг нэвтрүүлжээ. Танайх богино хугацаанд зах зээлдээ нэлээдгүй дээгүүр байр суурь эзэлсэн байна. Та бүхэн юун дээр төвлөрч ажилласан бэ?
-Манай компани 2021 оны зургаадугаар сард үүсгэн байгуулагдсан. Мэдээж шинэ зах зээл, шинэ компани учраас нийгэм, эдийн засгийн орчин, өрсөлдөөн, технологийн хурдацтай хөгжил, хүн амзүйн цонх үе, хүний нөөцийн хомсдол гээд л өдөр бүр олон төрлийн сорилтуудтай тулгарч байсан, одоо ч шинэ шинэ сорилтуудтай тулгарсаар л байна. Хэдий тийм байсан ч “Таван Богд” группын удирдлагуудын бизнесийн арвин туршлага, хүний нөөц, маркетинг, санхүү, хөрөнгө оруулалтын маш сайн дэмжлэг нь биднийг илүү богино хугацаанд бизнесээ төвхнүүлэхэд тусалсан. Өнөөдөр Монгол Улсад 500 гаруй банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ жилийн хоёрдугаар улирлын байдлаар гэхэд банк болон банк бус байгууллагууд нийлээд 38 их наядын зээлийн үлдэгдэлтэй байгаагаас банк бус байгууллагууд үүний 13 хувийг эзлэж байна. Энэ өрсөлдөөнд ялгарах нь чухал учраас байгаль орчинд ээлтэй, харилцагчиддаа хүртээмжтэй, хялбар санхүүгийн үйлчилгээг технологиор дамжуулан хүргэхэд илүү төвлөрч, PayOn аппликейшнаа нэвтрүүлсэн, өнөөдрийг хүртэл өдөр бүр сайжруулсаар байна. Компанийн удирдах ажилтнууд маань өөр өөрсдийн чиглэлээр туршлагатай, мэргэшсэн байдал нь бас нэг давуу тал болж байна. Сайн хөрөнгө оруулалт, туршлагаас гадна харилцагчдынхаа итгэл, дэмжлэгийг инновацитай хослуулахад төвлөрөн ажиллаж байна.
-Үүсгэн байгуулагдаад гурван жил болж байгаа гэхээр удаагүй байгаа гэсэн үг. Өнөөдрийн байдлаар хэр том цар хүрээг хамарсан байгаа вэ?
-Уламжлалт ойлголтоор бол Улаанбаатар, орон нутгийг хамарсан 24 салбар, 200 гаруй ажилтантай, 200 мянга гаруй харилцагчтай, Монголын ТОП финтек компаниудын нэг болон хөгжиж байна. Бидний амьдарч буй энэ үед цахим шилжилт маш хурдацтайгаар явагдаж, Төрийн мэдээллийн систем улам сайжирч, цахимжиж байна. Үүнтэй зэрэгцүүлэн бид Зээлийн үйл ажиллагаандаа эрсдэлийн шинжилгээ, статистик тооцоололд суурилсан кредит скорингийн системийг нэвтрүүлсэн учраас зээлийн шийдвэр гаргалт улам бүр хурдан, хялбар болж байна. Зээлийн үйлчилгээнээс гадна итгэлцэлийн үйлчилгээ, валют арилжааны үйлчилгээг санал болгон ажиллаж байна. Урьд нь автомашины зээл авахад олон төрлийн материал бүрдүүлдэг, цаг зарцуулдаг байсан бол одоо автомашинаа сонгоод, сонгосон автомашиныхаа мэдээллийг PayOn аппликейшнээр илгээхэд л болно. Өөрөөр хэлбэл, Монгол орны хаанаас ч санхүүгийн хэрэгцээгээ шийдвэрлэх боломжийг олгож байгаагаараа өргөн цар хүрээг хамарч байгаа гэж ойлгож болно.
Харилцагчдын маань 60 мянга гаруй мод виртуал орчинд ургаж байна.
-Танай PayOn аппликейшнийг ашиглахад орлоготой л бол хэн ч зээл авах боломжтой харагдсан. Танайх бүтээгдэхүүнээрээ ямар боломжууд олгож байгаа вэ?
-PayOn аппликейшний хамгийн том давуу талын нэг бол харилцагч ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэг л бол аппликейшнд бүртгүүлээд зээл авах боломжуудыг санал болгодог. Өөрөөр хэлбэл цалинтай ажил эрхэлдэг, бизнес эрхэлдэг, малчин гээд ямар ч төрлийн орлоготой хүн байсан зээл аваад санхүүгийнхээ асуудлыг шийдээд явах боломжтой гэж хэлж болно. Малчин хүн ч хотноосоо гар утсаараа санхүүгийн асуудлаа шийдэх бүрэн боломжтой. Зээлийн шаардлага хангаж л байвал хэдхэн секундийн дотор зээл авч болно.Тиймээс зээл авах нь харилцагчдын хувьд маш хялбар болж ирсэн. Мэдээж харилцагчид өөрт учрах эрсдэлээ тооцоолох хэрэгтэй.
-Танай компанийн алсын хараа ногоон финтек, тогтвортой хөгжил рүү чиглэсэн юм билээ. Энэ хүрээнд ямар ажил хийгдэж байгаа вэ?
-Бид компанийхаа алсын харааг “Ногоон финтек, Ногоон дэлхий” гэж тодорхойлсон. Ногоон финтекийг хэрхэн хөгжүүлж, түүгээрээ дамжуулан ногоон дэлхийг бий болгоход өөрсдийн хувь нэмрээ оруулах вэ гэдэг алсын хараатай учраас илүү байгальд ээлтэй, нийгэмд хүртээлтэй, эдийн засагт хэрэгцээтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг зорьж байна. “Таван Богд” группийн хувьд ч салбар бүртээ манлайлан ажиллаж, “Ард түмний амьдралын чанарыг дээшлүүлье” гэдэг уриатай үйл ажиллагаа явуулдаг. Тэр ч утгаараа яаж санхүүгийн зуучлалын үүргийг сайн хүргэхийн сацуу байгаль орчин болон нийгэмдээ ээлтэй байх вэ гэдэг зорилтууд ажилтан бүрийн, өдөр бүрийн ажилд тавигддаг. Тиймдээ ч бид PayOn аппликейшний мини аппликейшн болох TreeOn төслийг хэрэгжүүлсэн. Энэ нь гар утсаа ашиглан алхалтаараа ус тооцуулан виртуал орчинд дөрвөн төрлийн модноос сонгон тарих нэг төрлийн тоглоом байгаа. Зөвхөн алхалтаар ч гэлтгүй санхүүгийн үйлчилгээ авсан бонус оноогоо ч ус болгон ашиглах боломжтой. Бид виртуал модоо ургамагц байгальд бодитоор тарьдаг бөгөөд өнөөдрийн байдлаар бидний тарьсан 500 гаруй мод эрүүл ургаж байна. Мөн харилцагчдын маань 60 мянга гаруй мод виртуал орчинд ургаж байна. -Танай харилцагчид ийнхүү мод тарихад хэр идэвхтэй оролцдог вэ? -Залуучууд маш дуртай. Хамгийн олон модтой харилцагч гэхэд 15 мод тарьсан байна. Анх TreeOn төслийг хэрэгжүүлэхдээ 35-40 орчим насны эмэгтэй, тодорхой хэмжээний тогтвортой хөгжлийн ойлголттой хүмүүс илүү мод тарих байх гэж төсөөлсөн. Гэтэл өнөөдөр харахад 25- 35 насны, эрэгтэйчүүд илүү сайн мод тарьсан байгааг хараад маш сайхан мэдрэмж авсан. Залуучууд илүү ухаалаг болсон байна. Сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжил, байгаль, орчны талаарх асуудалд сэтгэл эмзэглэж яваа монгол хүн, ээж хүний хувьд бидний бүтээж буй байгальд ээлтэй шийдлээрээ маш их бахархаж байгаа. Хүн бүр иргэнийхээ үүргийг биелүүлж, заавал мод тариарай, TreeOn төсөлд маань нэгдээрэй гэж уриалж байна.
Зээлийн үйл ажиллагаандаа эрсдэлийн шинжилгээ, статистик тооцоололд суурилсан кредит скорингийн системийг нэвтрүүлсэн учраас зээлийн шийдвэр гаргалт улам бүр хурдан, хялбар болж байна
-Танай компани хэрхэн ажилладаг вэ?
-Урьд нь хэлсэнчлэн бид орон нутагт 15 салбар, Улаанбаатарт 9 салбартай. Түгжрэл бууруулахад хувь нэмрээ оруулах, ажилтнуудынхаа цагийг хэмнэх, амьдарч байгаа газартаа ойр ажиллах боломжийг олгох зорилгоор Улаанбаатар хотод дундын оффисүүдийг бий болгож байна. Орхон, Дархан-Уул, Дорнод аймгуудад ч дундын оффис бий болгосноор Дарханд back-end хөгжүүлэгч, Орхонд нягтлан бодогч, Дорнодод орон нутаг хариуцсан менежер ажиллаж байна. Цаашдаа ч компаний ажилтнууд маань энэ сайхан Монгол орныхоо өнцөг булан бүрт тархан ажиллаж, амьдрах нөхцөл, боломжийг бүрдүүлэхийг хичээж байна. Өндөр бүтээмжтэй компани байхыг хичээж байна. Өөрөөр хэлбэл, ажилтан бүр маань сэтгэл ханамжтай, эрүүл байж, амьдрахыг хүссэн газраасаа өндөр бүтээмжтэй ажиллаж, өөрийн хийсэн ажлаа шударгаар үнэлүүлдэг, түүндээ тохирсон хангалттай цалин хангамж авдаг компани болгохыг зорьж байна.
-“Таван богд финанс ББСБ” ХХК-ийн хувьд цаашид ямар үр дүнд хүрэхээр зорьж байна вэ?
-Бид компанийхаа эрхэм зорилгыг “Санхүүгийн ухаалаг шийдлээр хамтдаа урагшилсан тогтвортой хөгжлийг түүчээлэгч байна” гэж тодорхойлсон. Компанийхаа Үнэт зүйлийг Эх дэлхий ба хүн, Шударга байдал, Хамтын ажиллагаа, Инноваци гэж тодорхойлсон. Тийм ч учраас компанийхаа Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлээ хэрэгжүүлж, Монгол Улсынхаа нийгэм эдийн засагт ногоон финтекээр хувь нэмрээ оруулсан, хамтдаа хөгжсөн компани болохыг зорьж байна. Бид өөрсдийн үйл ажиллагаа, ногоон зээлийн бүтээгдэхүүнээр дамжуулан байгаль орчинд ээлтэй, орчны бохирдлыг бууруулах зорилготой нийгэмд ээлтэй төслүүдийг дэмжин ажиллаж, Ногоон эдийн засгийг цогцлооход хувь нэмрээ оруулах санаачилгыг бодит ажил болгохоор зорьж байгаа.
-Компанийхаа талаар нилээд ярилцлаа. Харин өөрийн тань хувд банк санхүүгийн байгууллагад хичнээн жил ажилласан бэ. Их сонирхолтой санагдаж байна.
-Би 2003 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Эдийн засагч, статистикч мэргэжлээр төгссөн. Математикийн багшаас ажлын гараагаа эхлүүлж, Хаан банкинд 2004 оноос хойш тасралтгүй 17 жилийн турш эдийн засагчаас салбарын захирал хүртэл дэвшин ажиллаж, банк санхүүгийн салбарт арвин туршлага хуримтлуулсан. Санхүүгийн салбарт 20 дахь жилдээ ажиллаж байна. Финтек салбар нь санхүү болон технологийн хослол гэдэг утгаараа статистик, компьютер болон санхүү, бизнесийн менежментийг зайлшгүй хослуулах шаардлагатай. Статистикч мэргэжилтэй, банкинд зээлийн программ хангамж хариуцан ажиллаж байснаас гадна салбарын захирал хийж байсан зэрэг маань энэ салбарт ажиллахад маш сайнаар нөлөөлж байна. Санхүүгийн салбарын хүн болохоор сүүлийн үед санаа зовоож буй асуудлыг анхааруулж, ярилцлагаа дуусгамаар санагдаж байна. “Үнэгүй бяслаг хавханд л байдаг” гэдэг ардын зүйр үгээ санаж, хүн бүр цахим залилан, санхүүгийн луйвраас сэргийлээрэй. Таны нууц үг-таны ХӨРӨНГӨ юм шүү гэж хэлмээр байна.