МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачилгаар 2014 оноос жил бүр Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн чуулганыг зохион байгуулж иржээ. Ес дэх удаагийн чуулган “Ногоон бизнес загварыг хөгжүүлэх боломж туршлага” сэдвийн хүрээнд Монгол Улс дахь ногоон бизнесийн санхүүжилтийн боломжууд, ногоон санхүүжилт олж авах, хууль эрх зүйн хүрээнд тулгарч буй бэрхшээл, тогтвортой ногоон бизнесийг хөгжүүлэх стратеги тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг илрүүлж, бодлого боловсруулагчдад хүргүүлэх зорилгоор өнөөдөр чууллаа. Ер нь чуулган Энтрепренерийн талаар ойлголтыг нийгэмд түгээх, Энтрепренерийг хэрэгжүүлж буй олон улсын туршлагаас суралцах, оюутан, залуучууд, гарааны бизнес эрхлэгчдийн энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэх, бизнес эрхлэх ур чадварыг нэмэгдүүлэх, Энтрепренерийн боловсрол олгох зорилготой зохион байгуулагддаг байна. Чуулганы үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮ-ийн газар, Ойн газар, Усны газар зэрэг байгууллагууд бодлого зохицуулалтын асуудлаар, МУИС-ийн багш нар “Ногоон бизнес”-ийн боловсролын асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн Эрдэнэт үйлдвэр ТӨУҮГ, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, “Улаанбаатар ариутгал” компаниуд ногоон бизнесийн загвар хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй туршлагаа энтрепренерүүд, бизнес эрхлэгчидтэй хуваалцсан юм. Чуулганд Банк, санхүүгийн байгууллагууд, Гарааны бизнес эрхлэгчид, Бодлого боловсруулагчид, Их дээд сургуулиудын удирдлага, багш, судлаачид, оюутнууд, Ногоон бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын төлөөлөл, олон улсын байгууллагуудын 55 зочид төлөөлөгчид оролцлоо. Мөн Энергийн инноваци-үхрийн фермээс гаралтай ахуйн био массын хаягдлыг зөв ашиглах, малын хаягдал арьснаас чийгийг удаан барих чадвартай бордооны технолги, органик хаягдал болон нэмэлт материал ашиглан бий хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хэмнэлттэй батарей, зуухны зэрэг төслүүд танилцуулагдсан бөгөөд тусгай мэргэжлийн баг шалгаруулж шилдэг төслийг чуулганаас санхүүжүүлж үйлдвэрлэлд нэвтрүүлэх юм байна.