Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэгчдийн холбооноос жил болгон зохион байгуулдаг “Олон Улсын Шинэ Эрчим Хүчний Чуулган 2023” олон улсын хурал есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд “Эрчим хүчний засаглал”сэдвээр болох гэж байна. Хурлын талаар Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын зөвлөх инженер Ж.Осгонбаатартай ярилцлаа.
Чуулганы сэдэв салбарын чухал асуудлын нэг. Манай улсад эрчим хүчний засаглалын асуудал ямар түвшинд байна вэ? Төрөөс хэт давуу эрх мэдэлтэй засаглаж, шилжилт шинэчлэлтийг монополь байдлаар шийдэж ирсэн нь энэ салбарыг доройтуулах томоохон хүчин зүйл болж байгаа гэж ойлгож болох уу?
Өнөөдрийг хүртэл Монгол Улсад эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийг бараг бүхэлд нь засаглалыг нь төр өөрөө дангаараа хариуцан эрхэлж ирлээ. Улс орны эдийн засаг огцом тэлж өсөхийн хэрээр эрчим хүчний хэрэгцээ нэмэгдэж, нөгөө талаар хүмүүсийн амьдралын түвшинг сайжруулах, нийгмийн ялгааг багасгах, байгаль орчны доройтлыг бууруулах зэрэг тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэхийн тулд асар их хөрөнгө оруулалтаар барьж байгуулагдсан, мөн гадаадын зээл тусламжийн үлэмжхэн хэсгээр шинэчлэгдэж ирсэн эрчим хүчний салбарын бодлого төлөвлөлт, хэрэгжилт, хяналтыг урьд урьдынхаас илүү хариуцлагатай, иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй болгох шаардлага хурцаар тавигдаж байна. Өөрөөр хэлбэл эрчим хүчний засаглалаас нийгэм бүхэлдээ хамааралтай байна.
Ялангуяа эрчим хүчний өвлийн оргил ачааллын үед дулааны цахилгаан станцууд хэт ачаалалтай ажиллаж, импортоор эрчим хүч худалдаж авч эрчим хүчний дутагдалд орж байгаа маань бидэнд эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх нь нэн чухал байгааг харуулсаар олон жил болж байна. Мөн эрчим хүчний засаглалын хувьд өмнөх тогтолцоо нь хэвээр, тарифын зохицуулалт “лантуу” байдлаар явагдаж байгаагаас гадна, хуулийн хэрэгжилт хангалттай сайн хэрэгжихгүй байгаа нь салбарыг доройтуулж байна. Тиймээс эрчим хүчний засаглалыг боловсронгуй болгохын тулд төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллах эрчим хүчний засаглалын тогтолцоо, дүрэм журмууд, эрхзүйн зохицуулалтын механизмыг хөрсөн дээр буулгаж хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа юм.
Эрчим хүчний засаглалыг сайжруулах чиглэлээр уян хатан өрсөлдөх чадвартай, санхүүгийн хувьд тогтвортой байх, дотоодын эрчим хүчний хангамжийг найдвартай болгох, сэргээгдэх эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зорилгоор гадаадын томоохон төсөл хөтөлбөрүүдтэй болон төр хувийн хэвшлийн голлох түншүүд хамтран ажиллаж байна. Гэхдээ л эрчим хүчний салбарын хүчирхэг экосистемийг бий болгох, Монгол байгууллагуудыг институтийн хувьд болон хүний нөөцийн чиглэлээр чадавхжуулах, эрчим хүчний салбарын шилжилт, шинэчлэлийг дэмжих арга хэрэгслийг боловсруулах нь эрчим хүчний салбарын тулгамдаж байгаа асуудал болоод байна.
Түүнчлэн эрчим хүчний салбарын шилжилтийг дэмжих байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхийн тулд нөхцөл хангасан бодлогын хүрээлэнгүүд буюу тинк танкууд, зөвлөх компаниуд, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, судалгааны болон бусад холбогдох байгууллагуудын нэгдсэн бодлогыг эрчим хүчний засаглалд тусгах нь хамгаас чухал байна.
Энэ удаагийн хуралдаанаар эрчим хүчний засаглалын нилээд хөндүүр сэдвүүдийг онцолж ямар ямар асуудлуудыг хэлэлцэх вэ? Чуулганы хамтран оролцогч, ивээн тэтгэгч байгууллагуудыг хувьд ямар хамтрагчид байгаа вэ
Эрчим хүчний засаглал сэдвийн хүрээнд салбарын нөөцийг таньж мэдэх, жендер ба нийгмийн оролцоо, хувийн хэвшлийн үүрэг, эрчим хүчний салбар дахь сургамж болон боломжууд зэрэг асуудлуудаар салбар хуралдаанууд болохоос гадна хэлэлцүүлгүүд явагдана. Чуулганаар бид зөвхөн сэргээгдэх эрчим хүч гэж хязгаарлахгүйгээр шинэ эрчим хүч, техник технологийн талаар хөндөн ярилцана. Энэ удаагийн чуулганд дотоод гадаадын байгууллагууд, компанийн төлөөлөл зочид нийт 400 орчим төлөөлөгчид оролцоно.
Манай холбооны хамтын ажиллагааны хүрээнд чуулганыг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын Яам зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Мөн “МайМонСоорс” ХХК, “ЗТТ интернэйшнл”, “Ю Пи Си Реньюбелс” ХХК, “Сайншанд Салхин Парк” ХХК, “Эрчим хүчний зураг төслийн шугам” ХХК, “Эликсир Энержи Лимитед, Хуавей технологи “ХХК зэрэг эрчим хүчний салбарын томоохон төлөөллүүд ивээн тэтгэгч байгууллагаар, мэдээллийн түнш байгууллагуудаар “Ногоон Хөгжил” болон “Майнинг Инсайт” сэтгүүлүүд ажиллаж байна.
Дэлхий даяар дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн сэргээгдэх эрчим хүч ногоон эрчим хүчний хөгжлийг анхаарч нүүрсний цахилгаан станцуудаасаа татгалзаж эхэлж байгаатай чуулганы уур амьсгал чиглэгдэх болов уу?
Энэ бол маш чухал сэдэв. Өнөөдөр дэлхий нийтэд сэргээгдэх эх үүсвэр ногоон эрчим хүч тэргүүн эгнээнд тавигдаж байна. Дэлхийн 146 улс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрөө боловсруулж, 57 улс 2050 он гэхэд эрчим хүчний нийт хэрэглээгээ 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилтыг дэвшүүлсэн. Энэ онд дэлхийн нийт эрчим хүчний хангамжийн 26.5 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулахад 7.2 хувиар өссөн дүн гарсан байна.
Монгол улс бол сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх арвин их нөөцтэй бөгөөд зөвхөн нарны болон салхины эрчим хүчинд түшиглэсэн эрчим хүчний боломжит үйлдвэрлэлийн хэмжээ нь дотоодын цахилгаан эрчим хүчний хэрэглээнээс 2000 дахин, БНХАУ-ын цахилгаан эрчим хүчний хэрэглээнээс 2.4 дахин илүү юм. Энэ нь Монгол улсад сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх нөөц боломж асар их байгааг тодорхой харуулж байна. Иймд олон улсын хэмжээний чуулган зохион байгуулах замаар дэлхий дахин дахь сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж буй туршлагыг судлах, дэвшилтэт технологийг нутагшуулах, Монгол улсад сэргээгдэх эрчим хүч төдийгүй энэ том эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлэхэд эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах нь хамгийн чухал асуудал болж байгаа учраас манай холбооноос “Эрчим хүчний засаглал” сэдвээр энэ жил дөрөв дэх удаагийн чуулганыг зохион байгуулж байна.
Жил бүр өвөл эрчим хүчний салбарт хүндрэлтэй байдал бий болох тухай яригддаг. Сэргээгдэх эрчим хүчээр тодорхой хувийг нөхөх замаар шийдэж болох уу?
Сэргээгдэх эрчим хүчээр нөхөх нь харьцангуй ойлголт. Эрчим хүчний салбар нь өөрөө системтэй. Систем нь нэгдсэн үйлдвэрлэлээрээ хэрэглэгчид рүүгээ эрчим хүчээ хангадаг. Тиймээс тодорхой хувийг сэргээгдэх эрчим хүчнээс авч байгаа. Манай улсын хувьд суурилагдсан хүчин чадлын 17-18 хувийг эзэлж байна. Үйлдвэрлэлийн хувьд өнгөрсөн оны байдлаар 10 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчнээс бүрдүүлсэн. Цаашдаа сэргээгдэх эрчим хүч техник технологийн хувьд тогтвортой ажиллах боломж нь бүрдвэл хангамж өсөөд явна.
Манай улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй боловч яагаад үйлдвэрлэж ашиглаж чадахгүй байна вэ Гэтэл төр өөрөө мөнгө гаргахгүй. Хувийн хэвшлээ оруулж ирнэ гээд байгаа. Төр хувийн хэвшил нь тохиролцоонд хүрч чадаж байна уу?
Төр улс орны эдийн засаг, эрчим хүчний салбарын бие даасан байдлыг хангахын тулд зайлшгүй нэмэлт эрчим хүчний эх үүсвэр шаардлагатай байгаа. Гэхдээ хөрөнгө оруулалтын орчин, таатай нөхцөлд гаднын хөрөнгө оруулагчид орж ирэх нөхцөл бүрдэнэ. Тэгэхээр манай төр талаас ч, гаднын хөрөнгө оруулагчид талаас ч уян хатан нөхцөл бүрдсэн үед хөрөнгө оруулалт ч орж ирнэ, эрчим хүчний хүндрэлээс ч гарах боломжтой. Мөн л эрчим хүчний засаглал яригдана.
Танай холбооноос сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, өргөжүүлэхэд юуг анхаарч ямар үйл ажиллагаануудыг явуулж байна вэ?
Товчхондоо манай холбоо нь байгаль орчинд ээлтэй, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг дэлгэрүүлэх зорилготой гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Холбоо маань 40 гаруй сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагч гадаад, дотоодын компаниуд, хуулийн үйлчилгээний фирмүүд, тээвэр логистикийн компаниуд, банк санхүүгийн байгууллагууд гэх мэт өргөн хүрээтэй гишүүнчлэлтэй. Үүнийхээ хүрээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэг¬лээг нэмэгдүүлэх, шинэ техник технологийг нутагшуулах, орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх чиглэлд тухайлбал тархмал эх үүсвэрүүдийг бий болгох, хэрэглэгч өөрөө цэвэр эрчим хүч үйлдвэрлэгч болох бичил сүлжээ бүхий байгууллагуудыг эрчим хүч үйлдвэрлэлд оролцуулах гэх мэт энэ чиглэлээр судалгаа, туршилтын ажлууд хийж байна. Эдгээр ажлуудад чуулганы үр дүн тодорхой хэмжээгээр эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна. Эцэст нь хурлыг хамтран зохион байгуулж байгаа бүх оролцогч байгууллагууд, төлөөлөгчид, ивээн тэтгэгчдэдээ талархал илэрхийлж байна.
Баярлалаа. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.