Хөвсгөл нуур Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 74.6 хувь, дэлхийн цэнгэг усны нөөцийн 0.4 хувийг бүрдүүлдэг. Хэрэв нуур бохирдвол манай улс ундны усны хомстолд орох аюултай. Тиймээс Хөвсгөл нуурт зориулан тусгайлсан хууль баталж, хамгаалах ёстой гэдгийг Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганд оролцсон эрдэмтэн, судлаачид онцолж байв. Тус чуулган хоёрдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Төрийн ордонд болсон бөгөөд чуулганаас гарсан санал, зөвлөмжүүд нь Далай ээжээ аврах “авралын гарц”-ыг нээнэ гэдэгт итгэж буйгаа оролцогчид онцолж байлаа.
Хөвсгөл нуур бол дэлхийн хамгийн гүн, цэнгэг уст нуур. Хоёр сая жилийн настай Хөвсгөл нуураа монголчууд бид Далай ээж, Хөх сувд хэмээн хүндэтгэн нэрлэж, Далай ээжийнхээ тунгалаг уснаас ундаалж ирсэн билээ. Гэвч сүүлийн жилүүдэд хүний хариуцлагагүй үйлдлийн улмаас Хөвгөл нуурын экосистемд аюул учрах болсон.
Хөвсгөл нуурыг бохирдуулагч гол хүчин зүйл нь Далай ээжээр “хоолоо олж иддэг” жуулчны баазууд. Одоогоор нуурын ойр орчимд 100 шахам жуулчны бааз, 130 гаруй гэр буудал, найман зочид буудал, 15 дэн буудал үйл ажиллагаа явуулж байна. Дийлэнх нь цэвэрлэх байгууламжгүй тул хөрс, ус, нуурын экосистемд сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.
Хөвсгөл нуурын бохирдол цэг бүрт харилцан адилгүйгээс гадна улирлын чанартай. Тухайлбал, өвлийн улиралд булингарын илэрцгүй байдаг бол зуны улиралд хүний хүчин зүйлийн нөлөөгөөр булингар ихээр үүсдэг. Түүнчлэн амралтын газруудын ойр орчимд ахуйн бохирдол, шивтрийн гаралтай аммоний ион илэрдэг бол малтай айлууд ихтэй нуурын эрэг малын баас, шивтрээр бохирджээ.
Мөн усны чанарыг биотик индексээр үнэлэхэд Хөвсгөл нуурын хойд эрэг Хороо гол, Ханх сумын дагуух нуурын эрэг, Хатгал дахь жуулчны баазуудын харалдаа нуурын урд хэсэгт хамгийн их бохирдол үүсдэг аж.
Тиймээс энэ зунаас эхлэн нуур орчмын жуулчны баазуудад тодорхой стандарт тогтоон, нүхэн жорлон ашиглахыг бүрмөсөн хориглоод байна. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Аж ахуйн нэгжүүд Ногоон зээлийн санхүүжилтээр био суултуур авах боломжтой. Хэрэв нүхэн жорлонгоо шийдэхгүй бол аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрөхгүй” гэж чуулганы үеэр онцлон дурдсан. Мөн цаашид аялал жуулчлалын стандартын шаардлагыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх, шаардлага хангаагүй жуулчны баазуудын зөвшөөрлийг цуцлах, гэр кэмпийн үйл ажиллагааг хориглох хүртэл арга хэмжээ авах санал зөвлөмжийг Үндэсний чуулганд оролцогчид гаргасан. Үүнээс гадна Ханх, Хатгал сумын ундны ус хангамжийг шийдвэрлэх, ус, ариун цэврийн байгууламжийг нэгдсэн системд оруулж өгөхийг тэд хүссэн юм.
Нуур орчмын хог хаягдлын асуудал ч хурцаар тавигдаж буй. Ялангуяа Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар болон Хатгал тосгон, Ханх, Алаг-Эрдэнэ сумын хог хаягдлын менежментийг сайжруулах шаардлагатай. Үүний тулд хатуу хог хаягдал боловсруулах байгууламжтай болох, жуулчны баазуудын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, бууруулах, дахин боловсруулах цогц менежментийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг хоёр өдөр үргэлжилсэн чуулганы санал, зөвлөмжид тусгасан.
Жуулчны баазуудаас гадна жуулчдад чиглэсэн нөлөөллийн ажлыг идэвхжүүлэх шаардлага бий. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ Хөвсгөл нуурын эко системд учирч буй эрсдэл, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатайг онцолсон. Судалгаанаас үзвэл, 2004 онд 7700 гаруй жуулчин Хөвсгөл нуур луу аялсан бол өнөөдөр жуулчдын тоо 10 дахин өсөж, 80 мянга давжээ. Цар тахалтай байсан 2021 онд л гэхэд дотоодын 56 мянган жуулчин очиж амарсан байна.
Далай ээжийг цаазын тавцанд аваачсан өөр нэг том шалтгаан бол эмх замбараагүй газар олголт. Хөвсгөл нуур орчимд сүүлийн 20-иод жилийн турш төлөвлөлтгүйгээр газар олгосон. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Далай ээж дараагийн Зайсан, Нүхт биш” гэдгийг чуулганы үеэр тодотгосон. Тийм ч учраас энэ оноос эхлэн аялал жуулчлалын зориулалтаар шинээр газар олгохгүй байх, өмнөх газар олголтыг шалган дахин төлөвлөх зэрэг ажлыг гүйцэтгэхээр болжээ.
Далай ээжийг хамгаалах нь манай улсын төдийгүй дэлхий нийтийн эрх ашиг. Учир нь Хөвсгөл далай монголчуудын амьдралыг тэтгээд зогсохгүй, ОХУ-ын цэнгэг усны 90 хувь, дэлхийн цэнгэг усны 20 гаруй хувийг бүрдүүлдэг Байгаль далайд цутган дэлхийн эко системд ихээхэн нөлөө үзүүлж байдаг. 1950 онд Хөвсгөл нуураар бараа бүтээгдэхүүн, ачаа тээвэрлэж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл том, жижиг 50 гаруй тээврийн хэрэгсэл живж, нуурын эко системийг бохирдуулсаар байна. Хөвсгөл нуурын усны нөөц 381 мянган км.куб бөгөөд нуурын ёроол дахь машин техникээс 100 литр шатахуун алдагдахад усны 0.26 хувь нь бохирдох эрсдэлтэй гэсэн эрдэмтдийн тооцоо бий.
Иймд нуурыг аюултай хог хаягдлаас цэвэрлэж, осол аваараас урьдчилан сэргийлэх ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай. Үүний тулд нуурт живсэн тээврийн хэрэгслийн байршил, гүнийг нарийвчлан тодорхойлж, зураглал, суурь судалгаа хийх нь оновчтой гэсэн санал, зөвлөмжийг Үндэсний чуулганы үеэр гаргасан. Живсэн тээврийн хэрэгслүүдийг 2024 он гэхэд үе шаттайгаар, аюул осолгүй татан гаргах бөгөөд үүний тулд эрэн хайх, аврах тусгай зориулалтын техник төхөөрөмж худалдан авах, усан дор хайгуул судалгаа хийх, татан гаргахад шаардагдах хөрөнгийг ойрын хугацаанд шийдвэрлэхээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илэрхийлсэн.
Мөн ирээдүйд гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд усан замын тээврийн хэрэгслийн техник ашиглалт, бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, нуурын мөсөн дээгүүр автомашинтай зорчих, тээвэр хийхийг хориглох хэрэгтэй гэсэн зөвлөмжийг Үндэсний чуулганаас гаргасан. Гэсэн ч “Хөх сувд” мөсний баярын үеэр нуурын мөсөн дээгүүр автобус зорчиж, цөмөрсөн осол гарсан нь иргэдийн ухамсар сэтгэлгээнд нөлөөлөх нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх, гаргасан шийдвэрээ тухай бүр хэрэгжүүлдэг байх ёстойг батлан харуулсан.
Өнгөрсөн хугацаанд Далай ээж цаазын тавцанд хэдэнтээ очсон. Гэвч өдийг хүртэл Хөвсгөл нуурын хамгааллын асуудалд нэгдсэн бодлого, төлөвлөлттэй хандаж ирсэн нь үгүй. Харин энэ удаад бүх шатны төлөөллийг хамруулан боловсруулсан санал, зөвлөмж, арга хэмжээ ямар үр дүнд хүрэхийг ойрын жилүүдэд Хөвсгөл далайн эргээр аялангаа дүгнэх боломж уншигч танд гарах биз ээ.