Мод тарих нь монголчуудын хувьд шинэ ойлголт биш. Манай улс 2010 онд мод тарих үндэсний өдөртэй болсон дэлхийн 33 дахь орон болж байлаа. Тухайн үед Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаргийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгох зарлиг гаргаж байв. Тэр цагаас хойш иргэд, аж ахуйн нэгж жил бүр идэвхтэй мод тарьсаар ирсэн ч үр дүн нь нүдэнд харагдаж, гарт баригдах хэмжээнд хүрч чадахгүй байсаар өдийг хүрчээ.
Энэ үйл явдлаас 11 жилийн дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганы индэр дээрээс дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улс 2030 он гэхэд тэрбум мод тарьж хувь нэмрээ оруулна хэмээн амлалт өгөв.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн манай улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртсөн гэсэн судалгаа бий. Харин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 10 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж чадвал цөлжилтөд өртсөн 120 сая га талбайг дөрвөн хувиар бууруулах аж. Ойн сан бүхий талбайн хэмжээ одоогоор 7.9 хувь байгаа бөгөөд 2030 он гэхэд есөн хувьд хүргэх зорилготой. Мөн хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулах урьдчилсан тооцоолол хийжээ. Тэрбум мод тарихад ДНБ-ий нэгээс багагүй хувийг зарцуулж, 10 жилийн хугацаанд нийт 4.3 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гарсныг Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлсэн.
Тэрбум мод тарих үйл ажиллагааг 2021-2024 он буюу бэлтгэл үе, 2024-2026 он буюу эрчимжүүлэх үе, 2027-2030 он буюу тогтвортой үргэлжлэх үе гэсэн гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Мод тарьж ургуулах бол улстөржиж, намчирхаж, хийрхэх зүйл биш. Талцал, хуваагдлаа больж, байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг үндэстнээрээ эв нэгдэлтэй, нэг зүгт харж зүтгэх цаг болсон” хэмээн мэдэгдсэн.
Бэлтгэл ажил
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, тэрбум мод тарих ажлыг амжилттай хэрэгжүүлэх үүднээс зарлиг гарган Засгийн газарт хүргүүлсэн. Уг зарлигт уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн үндэсний цогц стратеги, төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, бүтэц зохион байгуулалт, эрх зүйн орчныг сайжруулах, санхүүжилтийн хэмжээг ДНБ-ий нэг хувьд хүргэх чиглэл өгчээ. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороог байгуулаад байна. Улмаар Засгийн газраас 350-р тогтоолыг гаргаж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тусгасан юм. Тодруулбал, бодлого зохицуулалт, эрх зүйн орчин, төсөв санхүүгийн нөөц бүрдүүлэлт, зохион байгуулалт, сургалт нөлөөллийн ажлыг хэрхэн хэрэгжүүлэх талаарх тодорхой арга хэмжээнүүдийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон.
Энэ хүрээнд 21 аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хариуцлагын гэрээ байгуулж, аймаг, нийслэлүүд нийт 680 сая мод тарьж ургуулахаар амлалт өгсөн бол уул уурхайн 21 аж ахуйн нэгж 608.5 сая мод тарьж ургуулахаар батламжаа гардан авсан. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн аж ахуйн нэгжүүдийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам мод тарьж ургуулах арга, аргачлал, технологийн нэгдсэн зөвлөмжөөр хангаж, бүх талаар дэмжих аж.
Энэхүү томоохон хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд 30 жил орхигдсон ойн аж ахуйн салбарыг сэргээж, 2024 он гэхэд чадавхыг нь бүрэн бэхжүүлж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн, зохион байгуулалт, удирдлагаар хангана гэдгийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон ойн салбарын үндэсний чуулганы үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар онцолсон.
Мөн ойн аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Ойн судалгаа, хөгжлийн агентлагийг байгуулахаар төлөвлөөд буй. 2022 оны улсын төсөвт 12.5 тэрбум төгрөгийг тус агентлагт хуваарилаад байна. Ойн аж ахуйн нэгжийн санг бүрдүүлэх, түүнийг улсын төсөвт бүртгэж авах, мод тарьж ургуулахад шаардлагатай усны нөөцийг бүрдүүлэх, гадаргын усыг говийн бүс нутаг руу шилжүүлэх, мод тарьж ургуулах орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх ажлыг тус агентлаг эхлүүлэх учиртай.
2030 он хүртэл тэрбум мод тарихын тулд жилдээ 100 сая мод тарьж ургуулах хэрэгтэй. Энэ бол бүтэшгүй зүйл огтхон ч биш гэдгийг манай эрдэмтэн судлаачид хэлж буй ч хамгийн гол нь тухайн бүс нутагт тохирох, дасан зохицох төрөл зүйлийг зөв сонгож, тарьж ургуулах, тууштай арчлах нь нэн чухал гэдгийг тодотгосон. Ой судлалын ухааны доктор Н.Батхүү “Тэрбум мод тарьж ургуулах зорилт хэрэгжих бүрэн боломжтой. Гол нь эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн, туршлага зэргийг харгалзаж, бодитой, үе шаттай төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах бүтэц бий болгох шаардлагатай” гэлээ.
Тухайн бүс нутагт дасан зохицсон модлог ургамлын зүйлийг тарих, орон нутгийн унаган мод, сөөгийг үржүүлэх мод үржүүлгийн газрыг таван бүс бүслүүрт байгуулахаар төлөвлөн ТЭЗҮ-ийг нь хийж байна. Мөн инновац, шинжлэх ухааны судалгааны хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн мод үржүүлгийн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, иргэдийн саналыг сонсож, судалгаа хийж байгаа аж.
Тэрбум мод тарих стратегийн баримт бичигт хаана, ямар мод тарих, аж ахуйн нэгжүүдийн механикжуулах систем, технологи, инновацыг хэрхэн нэвтрүүлэх тухай тусгана. Мод тарьснаар Монгол Улсын эдийн засагт тэрбумаар тогтохгүй ам.долларын нөлөөллийг бий болгох ёстой гэж үзэж буйгаа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ онцлон дурьдаж байсан.
Үүнийг дагаад ойн сангийн нэгдсэн цахим системийг бий болгох аж. Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнд нэгдсэн бүх аймаг, нийслэлийн засаг захиргааны нэгж, иргэд, хувийн хэвшлийн компаниуд хэдэн мод тарьж ургуулж байгаа талаарх тайлан мэдээг тус сангаас мэдэх боломжтой болох юм. Мөн хангай, говь, төвийн бүсэд ямар мод сайн ургадаг, аль нь ургахгүй байгаа зэрэг ойн аж ахуйн чиглэлийн мэдээллийн нэгдсэн систем үүсгэх ажлыг эхлүүлнэ. Харин ирэх жилээс модны үр бэлдэх, тарьц суулгацын нөөц бүрдүүлэх, үр суулгац тариалалтын нүсэр ажил эхлэх ёстой.
Мэргэжлийн чадварлаг боловсон хүчний нөөц бол тухайн салбарын хөгжлийг хөдөлгөх гол хүчин зүйл юм. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд ойн салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, дадлагажуулах тогтолцоог боловсронгуй болгох шаардлага бий. Тиймээс 1000 сургагч багш бэлтгэх хөтөлбөр боловсруулан сургалтын бэлтгэл ажлыг хангаж байна. Тэд орон нутагт тэрбум мод хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд туслан дэмжих үүрэгтэй хүмүүс юм.
Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд хууль, эрхзүйн шинэчлэл хийх аж. Тодруулбал, Ойн тухайн хууль, Татварын тухай хууль, газар болон ус ашиглалттай холбоотой бусад хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэхээр ажиллаж байна. Эдгээрээс Ойн тухайн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар болжээ.
Үндэсний сан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар өнгөрсөн сард “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ыг зохион байгуулсан. Чуулганы үеэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд банк, санхүүгийн салбар, мэргэжлийн холбоод нэгдэж, 88 сая гаруй мод тарьж ургуулах амлалт өгч, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Өөр нэгэн онцлох явдал нь Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих санг байгуулсан явдал юм. Уг сан нь үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, буцалтгүй тусламж олгох зэргээр санхүүжилт хийх аж. Түүнчлэн мод тарих хүний нөөц, багш бэлтгэхэд онцгой анхаарахаас гадна ТЭЗҮ, тооцоо судалгааг хөгжүүлэх зорилготой юм.
Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих санд Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд жил бүр хоёр тэрбум төгрөгөөс багагүй хандив өгнө. Сангийн хөрөнгө нь банк, банк бус санхүүгийн болон бизнесийн байгууллагууд, иргэдийн хандиваас бүрдэх бөгөөд Удирдах зөвлөл нь санхүүжилтээр дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцэн батлах аж. Удирдах зөвлөлийг Монголын банкны холбоо, Банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, бусад хандивлагчийн төлөөлөл болон хараат бус гишүүдээс бүрдүүлжээ. Сангийн удирдах зөвлөлд НҮБ-ын төлөөлөгч, TNC олон улсын байгууллагын төлөөлөгч орсон байна.
Эл санг байгуулсантай холбогдуулан БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан төрийн зохицуулалтаар бус мод үржүүлгийн аж ахуйн нэгжүүдийн өөрсдийн санхүүжилтээр явах ёстой. Гэхдээ тодорхой хяналт зайлшгүй байх ёстой” гэдгийг онцолсон юм.
Зарим газарт тооцоололгүй мод тарьснаар гүний усгүй болж, цөлжилт нэмэгдсэн олон улсын туршлага байдаг. Тиймээс хаана, ямар мод тарих судалгааг хийж, олон нийтэд түгээх талаарх сургалтыг Монголын банкны холбооны дэргэдэх Банк, санхүүгийн академи цахимаар зохион байгуулах боломжтой аж. Мөн банкны салбарын хэмжээнд ногоон зээлийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэж, таван их наяд хоёр зуун тэрбум төгрөгийн зээл олгохоор болов.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд зөвхөн мод гэлтгүй, жимс, жимсгэнэ, эмийн ургамал, малын тэжээл тариалж, дотоодын хэрэгцээгээ ханган, экспортод гаргах боломж бүрдэх юм. Үүнийг дагаад ажлын байр олноор бий болж, энэ хэрээр иргэдийн амьдрал сайжирна.
Ийнхүү байгаль орчин, эх дэлхийгээ хүндэтгэн дээдэлж ирсэн монголчуудын хувьд цөлжилт, шар шороон шуурганы хор уршгийн эсрэг нийтээрээ нэгдэн тэмцэх их аян эрчимтэй үргэлжлэх эхлэл тавигдлаа.