Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ 2030 он гэхэд хоёр дахин өсөх тооцоо бий. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй энэхүү хэрэгцээг хангах томоохон төсөл V цахилгаан станцын бүтээн байгуулалт өчигдөр нээлтээ хийлээ. Хамгийн сүүлд 1983 онд IV цахилгаан станц ашиглалтад орсноос 40 гаруй жилийн дараа баригдаж буй энэ станцаас бид зүгээр нэг нэмэлт хүчин чадал биш, үнэхээр “шинэ юм” хүлээх эрхтэй. Эс тэгвэл энэ хот үнэхээр л цаг хугацаанд мартагдсан “хуучин суурин” болж үлдэх вий.
Монгол Улсын эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй анхны стратегийн бүтээн байгуулалт болох
Дулааны V цахилгаан станц 300 МВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Улаанбаатарын баруун бүсийн дэд бүтэц, эрчим хүчний найдвартай байдлыг хангахаас гадна байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологи нэвтрүүлж хотын агаарын чанарыг сайжруулах урт хугацааны шийдлийн нэг болно
гэж төслийн гүйцэтгэгчид үзэж байна.
Дулаан бүлээн өвөлжинө гэдэг гаднаа утаатай, хувцасандаа тортогтой байхын нэр мэт ойлгосоор бид бараг дасал болжээ. Өндөр яндан, тэнгэрт тулсан хар утаа. Бидний харж өссөн дулааны станцууд. Ахин нэг станц баригдах сургаар нийслэлчүүд ийм л төсөөлөлтэй суугаа. Нэг талаар халшрах авч нөгөөтэйгүүр тог цахилгааны “траума”-гаас салах “алтан” боломж бас мөн учраас тайвшрах аядана. Иймээс энэхүү төсөлд байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах аргуудыг хэрхэн шингээсэн нь эрхгүй анхаарал татах асуудал болоод байна.
Төслийн гүйцэтгэгчдийн мэдээлж буйгаар
ТЭЦ-5 нь утааны хийн шүүлтүүрийн систем ашигласнаар агаарт хаягдах дэгдэмхий үнсийг 99.9 хүртэл хувиар бууруулах боломжтой ажээ. Гэвч энэ үзүүлэлт нь ихэвчлэн том ширхэгт бохирдуулагчид хамаарах уу? Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол асуудал болсон нарийн ширхэгт PM2.5 тоосонцрыг бууруулахад ямар бодит нөлөө үзүүлэх вэ гэдэг асуулт нээлттэй хэвээр байна.
Станц хамгийн сайн чанарын нүүрс хэрэглэсэн ч, нүүрс түлэх технологид суурилсаар байгаа нөхцөлд бохирдлыг “тэг” түвшинд хүргэх боломжгүйг мэргэжилтнүүд онцолдог. Түүнчлэн агаарт ялгарч байгаа тоосонцрын ширхэг хэдий чинээ нарийн байна, хүний биед учруулах хоруу чанар төдий чинээ өндөр байдаг.

Улаанбаатарын агаарын бохирдолд дулааны станцууд болон гэр хорооллын яндан аль аль нь томоохон хувь эзэлдэг.
Нийт агаарын бохирдлын 44.2 хувь дулааны цахилгаан станцуудаас, 30 гаруй хувь нь гэр хорооллын яндангаас ялгардаг байна. ТЭЦ-5 ашиглалтад орсноор гэр хорооллын 51 мянган айлыг яндангаас нь салгах боломж бүрдэнэ гэсэн тооцоолол бий.
Гэвч энэ тоо бодит байдал дээр хэрхэн хэрэгжих вэ гэдэг асуулт бас дагалдана. Яндангаас салгана гэдэг нь зөвхөн дулааны эх үүсвэр бий болгохоос гадна шугам сүлжээ, дэд бүтцийн өргөтгөл, хэрэглэгчийн хүртээмж гээд олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл, станц баригдсанаар бүх асуудал шийдэгдэхгүй. Харин 51 мянган айлыг үнэхээр төвлөрсөн дулаанд холбож чадвал утааны гол эх үүсвэрт бодит өөрчлөлт авчрах боломжтой юм.
Харин төслийн хүрээнд хаягдал усыг дахин боловсруулах, үнсийг хуурайгаар зайлуулах зэрэг байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн нь эерэг тал мөн. Ялангуяа үнсийг барилгын материалд ашиглах боломжийг бүрдүүлэх нь хог хаягдлын дарамтыг бууруулах давуу талтай.
Монгол Улсын одоогийн эдийн засаг, дэд бүтцийн байдлыг авч үзвэл нүүрснээс 100 хувь татгалзах нь хэтийдсэн “мөрөөдөл” болно. Гэхдээ бид шинэчлэл хийж байж ахиц гарна, үр дүн үзнэ. Орчин үеийн тоноглол бүхий станцтай болж байгаа нь урагш нэг алхсан үйлдэл боловч сэргээгдэх эрчим хүч, технологи дэд бүтцийн хөгжлөө ч марталгүй зэрэгцүүлэн урагшлуулах ёстой. Лондон, Бээжин зэрэг хот цагтаа бидэнтэй адил агаарын бохирдлын хүнд сорилттой нүүр тулж байсан. Харин тэднийг утаагүй болгосон зүйл нь цаг хугацаа бус, бодлогын шийдэл, технологийн шинэчлэл байв.
Сэтгүүлч У.Анхцэцэг



